Харизмаа хөгжүүлэхэд тань туслах 7 арга


Маш богино хугацаанд уулзаад өнгөрсөн ч бусдыг өөртөө татаж, өндөр сэтгэгдэл төрүүлэх чадварыг харизм хэмээн тодорхойлж болох юм. Харизмыг байгалиас заяадаг хэмээн үздэг хүмүүс байдаг ч мэргэжилтнүүд уг чадварыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг ажээ. Ингээд доорх аргуудыг хэрэгжүүлэн харизмаа хөгжүүлээрэй. 

1. СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НҮҮРНИЙ ХУВИРЛААР ИЛЭРХИЙЛЭХ

Сэтгэл хөдлөлийг нүүрэндээ илүү тод, зөв гаргаж сурахын тулд тольтой сургуулилт хийгээрэй. Ингэснээр нүүрний эерэг хувирлуудыг хэрхэн илэрхийлж байгаадаа дүгнэлт хийн, сөрөг хувирлуудаа ч хянаж сурах бүрэн боломжтой. 

2. АНХААРАЛТАЙ СОНСОГЧ БАЙХ

Яриаг нь анхааралтай сонсохын зэрэгцээ анхааралтай сонсож буйгаа мэдрүүлэх нь бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх хамгийн үр дүнтэй арга. Мэргэжилтнүүд өөрийн хэлэхийг хүсэж буй зүйл дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэйгээр харилцагч талын ярианд анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэж үздэг байна. 

3. БУСДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ УНШИХ

Та өөрийгөө хэр мэдрэмжтэй гэж боддог вэ? Харилцаж буй хүнийхээ, аль эсвэл хамт олныхоо уур амьсгалыг хэр сайн таньж, нөхцөл байдалд тохирсон үйлдэл хийж чаддаг вэ? Хэрэв эргэн тойрны тань хүмүүс таныг уур амьсгал мэдэрч чаддаггүй хэмээн шүүмжилж байсан бол энэ тал дээр анхаарах цаг болжээ. 

Сонирхуулан хэлэхэд харизм хөгжүүлэх сургалтын үеэр сэтгэлзүйчид суралцагчдад олон ангит киног ямар ч дуугүйгээр үзүүлж, төгсгөлд нь жүжигчид ямар сэтгэл хөдлөл гаргасан талаар асуулт асууж, дасгалжуулдаг байна. 

4. ТҮҮХЭЭ ХУВААЛЦАХ

Албаны, хувийн гээд ямар ч харилцан ярианы үед storytelling буюу сонирхолтой түүх хуваалцах арга өндөр үр дүн үзүүлдэг. Ингэж ярьснаар сонсогчдын тархинд маш бодит төсөөлөл бий болж, ярианд анхаарлаа сайтар хандуулах нөхцөл бүрддэг байна. Улмаар та болоод таны яриа тухайн хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдэх болно. 

5. ШУУД БУС АСУУЛТ АСУУХ

Бидэнд бусадтай зөрчилдөх үе бишгүй л тохионо. Гэвч энэ үед харилцаж буй хүнээ шуудхан шүүмжилж орхихын оронд тухайн асуудалтай нь холбогдсон шууд бус асуулт асууж, сул талыг өөрөөр нь олуулах нь үр дүнтэй аж. 

6.ҮГИЙН СОНГОЛТДОО АНХААРАХ

Мэргэжилтнүүд харилцан яриаг үр дүнтэй болгохын тулд хийсвэр үгнүүдээс татгалзаж, сонсогчид бодит мэдрэмж төрүүлэх үгсийг сонгох нь зөв хэмээн үздэг. Жишээлбэл, танд “гаргалгаа, үзэл баримтлал, логик” гэдэг үгс хэр дотно санагддаг вэ? Тийм ч дотно биш болов уу. 

7. ӨНДӨР ЗОРИЛГО ТАВЬЖ ТҮҮНДЭЭ ИТГЭХ

Амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь өөртөө өндөр зорилго тавьж сахилга бат, тууштай зан чанарынхаа ачаар зорилгодоо хүрч чаддаг байна. Өөртөө том зорилго тавьж түүндээ итгэх нь секунд мөч бүрийн үнэ цэнийг эрхэмлэж, утга учиргүй зүйлд цагаа гарздахгүй байх давуу талыг бий болгодог билээ.

Хэдийгээр эдгээр нь энгийнээс энгийн мэт санагдаж болох ч бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхэд тань үлэмж хэмжээгээр туслах юм. 

Эх сурвалж: Inc

#Хувь хүний хөгжил #Харизм