Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист германы хорих лагерьт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм.
Тэрээр өөрийн бичсэн өдрийн тэмдэглэлээрээ дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдийн туулж өнгөрүүлсэн зовлонт амьдралыг тод томруунаар дүрслэн үлдээжээ.
ОТТО ФРАНКИЙН БАГА ОХИН "БЯЦХАН АННЕ"
Аннелис Мари буюу Анне Франк 1929 оны 06-р сарын 12-нд Германы Франкфурт хотод Отто Франк, Эдит Франк нарын бага охин болж мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад Франкфуртийн орон нутгийн сонгуулиар Адольф Гитлерийн нам ялж, арьс өнгөний үзэл даамжирч эхэлсэн тул Нидерландруу дүрвэсэн байдаг. Ийнхүү түүний амьдралын ихэнх жилүүд Амстердамд өнгөрчээ.
1942 онд эцэг эх нь Аннед 13 насных нь төрсөн өдрөөр гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн нь охиныг гайхамшигт тэмдэглэл бичихэд хүргэжээ. Тэрээр өөрийн өдрийн тэмдэглэлийг Китти гэж нэрлэсэн бөгөөд ийн бичсэн байдаг:
"Өнөөг хүртэл би хэнд ч хэлж байгаагүй нууцаа чамд л итгэж хэлье гэж бодном. Чамайг , хазайхад минь түшиж, хальтирахад минь тулна гэж горьдном" – 1942 оны 06-р сарын 12 (Эх сурвалж: "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" номын хэсгээс)
"Цаас ямар ч хүнээс илүү тэвчээртэй гэж" би хөнгөн уйтгарт өдрүүдэд шанаагаа тулан, юу хийхээ мэдэхгүй болохдоо үе үе боддог юм” – Анне Франк (Эх сурвалж: “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номын хэсгээс)
1942 оны 07 сард Анне Франкийн гэр бүл германчуудаас зугтан Отто Франкийн ажиллаж байсан пүүсийн дээврийн хөндийд хамт ажиллаж байсан ноён Даан болон түүний гэр бүлийнхний хамт нуугджээ. Ийм зүйл болохыг эртлэн мэдсэн ноён Отто пүүсийнхээ дээврийн өрөөнд орохоос сарын өмнөөс эхлэн хувцас, эд хэрэглэлээ бага багаар зөөж байсан бөгөөд 1974 оны 07-р сард нүүж ирсэн аж. Бүгэх өрөө тасалгаагаа төдийлөн тохижуулж амжаагүй байсан тул хоёр өдрийн турш гар хумхилгүй ажиллаж, товхиножээ. (Эх сурвалж: "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" номын хэсгээс)
Анне 1942 оны 06-р сарын 12-ноос эхлэн 1944 оны 08-р сарын 01 хүртэлх хоёр жилийн хугацаанд болсон үйл явдал, дээврийн хөндийд хорогдож буй тэдний амьдрал, зовлон бэрхшээл, нацист германы дарлал тэднийг хэрхэн айдаст автуулж буй тухай тэмдэглэл бичиж үлдээжээ.
"Гадагш харан байгаль эх, бурхны бүтээлийг танин мэдэхдээ, өөрийнхөө хичнээн аз жаргалтайг ухамсарлан, аз жаргалаас өөр юу ч үзээгүй байгаагаа мэдэрлээ. Алдар нэр эд баялаг бүгдийг алдаж болно. Харин зүрх сэтгэлийн аз жаргалыг алдсан ч дахин дахин бадарна." 1944 оны 02 сарын 23. Лхагва гараг (Эх сурвалж: "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" номын хэсгээс)
"Үдэш бүр орондоо ороод би “Сайн сайхан бүхэнд баярлалаа" гэж өөртөө шивнэж, амьдралдаа байгаа сайн сайхныг олж харан баясаж , хөгжиж чаддаг боллоо." – Анне
1944 оны 08 сарын 04-нд Германы SS-ийн нэгэн офицер, Нидерландын (Холландын) гурван цагдаагийн хамт тэдний байранд гэнэт дайран орж ирсэн юм. Хорогдох байранд нуугдаж байсан хөөрхийлөлтэй 8 хүнийг тэдэнд тусалж байсан хоёр ажилтны нэг нь германчуудад илчилсэн гэж үздэг. Тэднийг баривчлагдсаны дараа хорогдох байрны шалан дээр хэвтэх Аннегийн өдрийн тэмдэглэлийг урьд нь тэдэнд хоол хүнс зөөн тусалж байсан Мифс Гиес бүсгүй авч хадгалжээ.
1945 он 01-р сард Аннегийн ээж Эдит Освенцимд нас барж, Анне, Маргот хоёр чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө Берген-Бельзенд хоорондоо ганцхан хоногийн зөрөөтэй гэдэсний хижгээр насан эцэслэсэн юм.
Дайн дуусаж эцэг Отто суллагдсаны дараа Мифс охины өдрийн тэмдэглэлийг өгсөн бөгөөд 1947 онд "Анне Франк: Залуу охины өдрийн тэмдэглэл" хэмээх нэрээр хэвлэгдсэн байна.
АННЕ ФРАНК: ЗАЛУУ ОХИНЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
Анхны хэвлэл нь "Нууц өрөө: 1942.06.12- 1944.08.01-ний өдрийн тэмдэглэл" гэсэн нэртэйгээр хэвлэгдэн Амстердамд борлуулагджээ. Харин англи хэлтэй хувилбар нь "Анне Франк: Залуу охины өдрийн тэмдэглэл" нэртэйгээр 1952 онд хэвлэгдэж, олон нийтэд маш хурдтай түгсэн байдаг.
Le Monde-гийн "20 дугаар зууны шилдэг 100 ном"-ын жагсаалтад "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" 19 дүгээрт бичигджээ.
“Би Анна Франкийн өдрийн тэмдэглэлийг бүтэн өдрийн турш уншсан. Эцэст нь энэ номыг хэвлэх хэрэгтэй гэж захиралдаа хэлсэн. Гэтэл тэр миний өөдөөс “Хүүхдийн бичсэн тэмдэглэлийг хэвлэх гэж үү?” хэмээн гайхсан байдалтай харж байсныг нь одоо ч мартдаггүй юм. Мэдээж энэ ном Америкийн зах зээлд маш том эрэлт бий болгохыг би ойлгож байсан юм” –Жудит Жоннс (Doubleday хэвлэлийн компаний редактор)
Америк, Европын орнуудын ахлан сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтад багтсан "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" ном нь өдгөө 35 сая хувь борлогдсон бөгөөд одоо ч үнэ цэнээ алдалгүй, хүүхэд бүрийн хайртай ном хэвээр л байна.
Ирээдүйд агуу зохиолч болохыг мөрөөдөж явдсан бяцхан охин 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь дэлхий даяар хүүхдүүд уншиж, түүний тухай хоёр бүрэн хэмжээний кино, мянга мянган эссе бичигджээ.
“Би зовлон зүдгүүрийг умартан, сайн сайхан зүйлийн тухай л боддог болсон. Бэрхшээлтэй учрах бүрт “Ертөнцийн зовлон зүдгүүрийг бод. Тэгээд чи тэр болгоныг эдлээгүйдээ баярла” хэмээн ээж минь зөвлөж байв.” –Анне (Эх сурвалж: “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номын хэсгээс)
АННЕ ФРАНКИЙН МУЗЕЙ
1960 онд Амстердамийн төвд Анне Франкийн дурсгалд зориулан музей байгуулжээ. Энэ нь түүний амьдрал ахуй, нуугдаж байсан өрөөг дүрсэлдэг бөгөөд тухайн цаг үед болж байсан дарлал, гадуурхалт зэргийг харуулсан үзэсгэлэнгийн тэнхимтэй аж. 2012, 2013 оны байдлаар музейг үзэхээр ирсэн хүний тоо 1,2 сая байсан бөгөөд Нидерландийн хамгийн их хүн үзсэн музейн гуравдугаарт оржээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх