Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин 15 настай Ө.Пэрэнлэйжамц манай ярилцлагын булангийн ээлжит зочин боллоо. Түүнийг олноор хүндлэгдэж даяар дуурсагдах Дархан аварга Г.Өсөхбаярын хүү гэдгээр зарим нь мэдэх байх. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж яваа Ө.Пэрэнлэйжамцтай танилцацгаая.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
- Сайн байцгаана уу? Намайг Өсөхбаярын Пэрэнлэйжамц гэдэг. Одоо Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч.
YOLO: Зуны амралт дуусаж байна. Энэ зун ямар тэмцээнд оролцсон бэ?
- Зургаадугаар сарын 22-нд Австри улсын Клагенфурт хотод зохион байгуулагдсан "United World Games 2017" тэмцээнд 5-р байр, наймдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон "International Children’s Games 2017" тэмцээнд 3-р байрыг баг хамт олноороо тус тус эзэлсэн.
YOLO: "International Children’s Games 2017"-д хамт олноороо амжилттай оролцож гутгаар байрын эзэн болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Тэмцээн их зохион байгуулалттай байсны хажуугаар арын албаны ажилчид эелдэг найрсаг, ажилдаа маш сайн байсан. Хэдий таван баг оролцсон ч гэлээ их өрсөлдөөнтэй ширүүн тоглолт болсон. Нэг сарын хугацаанд бэлтгэл сургуулилт хийсний дүнд хүрэл медалийн эзэд боллоо. U17 шигшээ багийн 1-р баг алтан медаль, БНХАУ-ын баг тамирчид мөнгөн медалийг хүртсэн.
YOLO: Анх яагаад сагсан бөмбөгийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
- Багадаа найзуудтайгаа хамт гадаа их тоглодог байсан. Түүнээс гадна сургуулийнхаа сагсан бөмбөгийн тэмцээнд их ордог байлаа. Хичээлийнхээ хажуугаар сонирхлоороо тоглосоор байгаад энэ спортод дурласан даа.
Яг эрчимтэй хичээллээд хоёр жил болж байна. Тэрнээс өмнө гадаа талбайд сонирхлоороо л тоглодог байсан.
YOLO: Бэлтгэл хэр их хийдэг вэ? Тогтмол бэлтгэлтэй байвал амжилт ойрхон байх уу?
- Тийм ээ, ойрхон. Сагсан бөмбөг гэдэг зөвхөн тухайн хүний авьяас чадвар биш, баг хамт олон нэг хүн шиг байж нэгдэж нийлэх ёстой спорт. Энэ боломжийг ч бэлтгэл сургуулилт бидэнд өгдөг. Хэдий чинээ бэлтгэл хийнэ, төдий чинээ амжилтанд ойртоно.
YOLO: Бэлтгэл гэснээс манайд яг олон улсын стандартад нийцсэн заал танхим нь байдаг юм болов уу?
- Байгаагийн хувьд байгаа л даа. Гэхдээ ховор гэж хэлж болно. Сүүлд шинээр баригдсан "Наадам" центрт бэлтгэл хийхэд их боломжийн санагдсан.
YOLO: Тамирчин хүнд юу хамгийн чухал гэж боддог вэ?
Мэдээж хамгийн эхэнд тэсвэр тэвчээр тууштай байдал. Шантарсан ч өөрийгөө зоригжуулаад дахин босох зориг хэрэгтэй.
YOLO: Жил жилийн Монголын сагсан бөмбөгийн амжилтыг ажиглахад хүүхэд залуус дийлэнх хувийг нь эзэлдэг. Сагсан бөмбөгийн холбооноос өсвөр үеийнхэнд хэр анхаарал тавьж, ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
- Ер нь их анхаардаг. Өсвөр үеийнхэн сайн байна гэдэг нь тамирчдын суурь зөв тавигдаж байна гэсэн үг. Жил болгон хүүхдүүдийнхээ авьяас чадварыг сайжруулах зорилгоор бүх насны тэмцээн, сургалтууд зохион байгуулдаг.
YOLO: Ямар баг, тамирчин дэмждэг вэ?
- "Los Angeles Lakers" багийг дэмждэг. Тоглогч гэвэл Коби Брайант. Гэхдээ сая зодог тайлчихсан. Хамгийн анх сагсан бөмбөгийн тэмцээн үзэх эхлээд Кобигийн тоглолтыг үзэж байсан Тэр үед үнэхээр мундаг шилдэг нь юм шиг санагдсан. Тэр сэтгэлд хоногшиж үлдсэн болохоор өдийг хүртэл дэмжиж байна.
YOLO: Багтаа ямар байрлалаар, ямар үүрэгтэй тоглодог вэ?
- Би төвийн тоглогчоор тоглодог. Самбараас бөмбөг авч бусад гишүүд рүүгээ өгдөг.
YOLO: Өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилт хийгээд бусад сагсан бөмбөг сонирхогчдоос нэг шат илүү гишгээд энд хүрэхэд нөлөөлсөн хамгийн том давуу тал чинь юу гэж бодож байна вэ?
- Би бэлтгэлийн цагаа бэлтгэлээ хийхэд л зориулдаг. Хоёроос гурван цаг бэлтгэл хийх байлаа гэхэд тэр цагтаа яг бэлтгэлээ л хийдэг. Тэр байдал маань намайг амжилтанд хүргэж байгаа гэж бодож байна.
YOLO: Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд хүүхэд залуус бидний оролцоо яаж нөлөөлөх бол?
- Хүүхэд залуус өөрсдөө хичээх л хэрэгтэй. Дээрээс хэчнээн биднийг дэмжээд дэмжээд бид хичээхгүй бол ямар ч амжилтанд хүрэхгүй. Өөрсдөө л сайн хичээж, ёс жаягтай байж, тэмцээн уралдаанд оролцон байнга өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
YOLO: ОУ-н тэмцээнд оролцоход өндөр нам, бэлтгэл сургуулилтаас эхлээд ялгаа их байдаг байх. ОУ-н тэмцээнд өрсөлдөгчөөс ирэх хамгаалалт, ачаалал хэр их байдаг вэ?
- Ялгаатай байлгүй яахав. Би л гэхэд хоёр жилийн өмнө бэлтгэл хийж эхэлсэн байхад гадаадын тамирчид бүр зургаан настайгаасаа бэлтгэл хийгээд эхэлсэн байх жишээний. Ингэхээр Монголчууд арай дутмаг санагддаг ч Монгол хүн гэсэн утгаараа их дайчин мохошгүй байдаг.
YOLO: Мэргэжлээ сонгосон уу? Ирээдүйд сагсан бөмбөгөөөө явах уу?
- Сагсан бөмбөг бол миний сонирхол. Харин миний сонгосон мэргэжил бол астрофизикч буюу одон орон судлаач
YOLO: Яагаад одон орон судлалыг сонирхох болсон бэ?
- Би багын л хөдөө их явдаг хүүхэд байсан. Хөдөө шөнө од харах их дуртай. Тэгээд арай том болоод интернетээс "Од гэж юу вэ?" гэх мэтээр мэдээлэл хайж судалж эхэлснээр одон орон сонирхдог болж ирээдүйн мэргэжлээрээ сонгосон.
YOLO: Ө.Пэрэнлэйжамцыг Өсөхбаяр аваргын хүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Аавын шийрийг хатааж бөх болохгүй байсан юм уу?
- Үндэсний бөх бол яах аргагүй монголчуудын хайртай спорт. Бөхөөр хичээллэвэл гоё л доо. Гэхдээ миний хувьд бол дургүй биш гэхдээ бас хичээллэж ирээдүйдээ ашиглах хэмжээний дуртай биш спорт. Миний сонирхол сагсан бөмбөг рүү илүү чиглэсэн.
YOLO: Чиний хувьд хамгийн дурсамжтай ямар тоглолт байсан бэ?
- International Children’s Games 2017 дээр БНХАУ-ын багтай тоглосон тоглолт их сайхан болсон. Мөн "Basketball Festival 2016" тэмцээнээр аварга болж хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. Энэ хоёр тоглолт л их дурсамж үлдээсэн дээ.
YOLO: Сагсан бөмбөгийн ямар секц дугуйлангууд байдаг вэ?
- Маш олон секц дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. “SCF клуб” их сайн. 19-р хороололд байрладаг бөгөөд дасгалжуулагчтай нь утсаар ярьж холбогдоод зааланд нь очиж шалгуулаад орох боломжтой. Дасгалжуулагч нь сагсан бөмбөгийн ОУ-н хэмжээний мастер Ш.Сэдбазар гэж мундаг хүн бий.
YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залууст хандаж урмын үг хэлэхгүй юу?
- Хэзээ ч битгий шантраарай. Хэн нэгний нүдийг хариулж худлаа дүр эсгэх биш өөрийнхөө төлөө гэдэг утгаараа улам хичээгээрэй. Ямар ч хүн хичээх л юм бол амжилтанд хүрч чадна. Гол нь мэрийлт байдаг юм шүү.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Тив дэлхийд Монголын нэрийг дуурсгасан мундаг тамирчин болоорой. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх