А.Галбаяр: Залуус мэргэжлээс илүүтэй ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨЖ, шаардлагатай ЧАДВАР ЭЗЭМШИХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ болсон


Үжин | YOLO.MN
2018-05-10

Гадаадын томоохон улсуудад сурч боловсорч, аж төрж байгаа монгол хүүхэд залуус цөөнгүй бий. Тэдний нэг АНУ-ын Чикаго хотод “Triton College”-ийн оюутан А.Галбаярыг энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр “Mongol Student Podcast”-ыг санаачилж, өөрөө хөтлөн явуулдаг билээ. 

YOLO: Сайн байна уу, өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
- Сайн байна уу, намайг Амардаваа овогтой Галбаяр гэдэг. АНУ-ын Чикаго хотод “Triton College”-д суралцахын зэрэгцээ “Mongol Student Podcast”-ийг хоёр долоо хоног бүр дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй Монгол оюутнуудтай холбогдон хүргэдэг.  

YOLO: Дээд боловсролыг эзэмшихээр АНУ-ыг сонгосны шалтгаан нь юу вэ?
- Би өөрөө энэ асуултыг оролцогч бүрээсээ л асууж, ер нь оюутнууд юун дээр үндэслэн явах улсаа сонгож байна вэ гэдгийг бусдад харуулахыг зорьдог. Миний хувьд гэвэл анх АНУ-ын шилдэг сургуулиудыг мөрөөддөг дийлэнх сурагчид шиг л Англи хэлийг бэлдэж эхэлсэн. Явцын дунд суралцах хүсэлтэй мэргэжил, сургууль маань өөрчлөгдсөн ч нэгэнт өөр хэл бэлдэж эхлэхээс оройтсон байсан учир одоо энд ирсэн гэвэл үнэнд ойртох байх.

YOLO: Одоо суралцаж байгаа коллеждоо хэрхэн элсэн орсон болон сургуулийнхаа давуу талыг дурдаач? 
“Community College” буюу хоёр жилийн хугацаанд суралцдаг коллеж гэдэг нь Америк дахь дээд боловсролын системийн нэгэн өвөрмөц салбар гэж болно. Ахлах сургуулиа төгссөн хүүхэд Монголын ЭЕШ шиг SAT/ACT1 гэх шалгалтыг өгөөд их сургуульд оролцох хүсэлт гаргадаг. Тухайн сургууль өөрийн элсүүлэхийг зорьж буй оюутанд тавигдах шаардлагын дагуу элсүүлэн авах эсэхээ шийддэг. Харин “Community College”-ийн ялгаатай хэв шинж бол тавих шаардлага өндөр биш, хангалтгүй байвал элсүүлэн оруулаад дутагдалтай байгаа хичээлүүдийг шаардлага хангах хүртэл нь шат дарааллаар бэлдсэний үндсэн дээр ерөнхий мэдлэгийн хичээлүүд олгож эхэлдэг. 

Элсэн ороход Монголоос материал явуулаад, энд ирж математик, англи хэлний шалгалт өгөөд байгаа түвшнээсээ эхлээд тухайн оюутан суралцаад явах боломжтой. Би Triton College-д 2016 оны 8 сараас эхлэн суралцаад одоо энэ 8 сард Associate in Science2 гэх зэрэг аван төгсөх гэж байна. Уг зэрэгтэй бол их сургуулийн хоёр жилийн мэдлэг авсанд тооцогддог, муж болон элсэн орох их сургуулиас хамаарч шаардагдах хичээл, кредит зэрэг нь хувьсана. Дэлгэрэнгүй мэдээлэл podcast-ийн 10-р дугаарт яригдсан. (ЭНД дарж сонсох боломжтой)

Үндсэн зорилго маань олон мянган сонсогчидтой болоход биш, харин хэн нэг Монгол хүн дэлхийн хаа нэгтээ суралцах гээд судалгаа хийгээд сууж байвал тэр хүнд шаардлага хангасан мэдээллэгч нь болох юм. 

А.Галбаяр

YOLO: Өөрийн тань эрхлэн явуулдаг Mongol Student Podcast монголын хүүхэд залуус, оюутнуудад хэрэгтэй, бусдын туршлага бүхий аудио мэдээллийг хүргэдэг шүү дээ. Үүнийг нээх болсон шалтгаан болон оролцогч хүүхэд залуусаа хэрхэн олж, сонгодог вэ?
Санаагаа олсон зам нь би энд ирээд өөрийгөө нээх зорилготойгоор олон зүйл туршиж яваад анх podcast гэх зүйлийг олж мэдсэн. Мөн ярианы чадвараа сайжруулах нь эндэхийн соёлд дасах төдийгүй ирээдүйд сайн мэргэжилтэн болоход маш чухал чадвар. Ярих зүйл маань ч тодорхой байсан. Учир нь Монголд байхдаа судалж мэдсэн Америк сургуулийн орчин, амьдралын хэв маяг гэх зүйлс төсөөллөөс маш өөр байдгийг харсан. Тэгээд л одоо бэлдэж байгаа сурагчдад гадны эх сурвалжаас авах мэдээллээс илүүтэй Монгол хүний юу харсан, мэдэрсэн нь тэр дундаа өөртэй нь адилхан хориод насны хүний бодол чухал юм байна гэж бодсон. 

Анх эхлэхэд дэмжиж, санаа өгч, мөн оролцогч болж байсан найзууддаа баярлалаа гэх байна. Одоо харин оюутнууд өөрсдөө оролцох хүсэлтэй, эсвэл миний найз биш байсан ч саналыг минь хүлээж аваад оролцох нь элбэг болсон санагддаг. Хүн сонгохдоо заавал ямар нэг амжилт гаргасан, бусдад зөвлөгөө өгч чадах хүн хайдаггүй ээ. Зорилго маань дээр дурдсанчлан үнэн байдлыг илэрхийлсэн эх сурвалж байх гэж л хичээдэг, мэдээж оролцож буй хувь хүнээс хамаарч ярих сэдэв хувьсдаг.

YOLO: Цаашид энэхүү podcast-аа өргөжүүлэх, илүү олон хүнд хүргэхээр ямар нэгэн төлөвлөсөн зүйл байна уу?
Үндсэн зорилго маань олонд хүрсэн, олон мянган сонсогчидтой болоход биш, харин хэн нэг Монгол хүн дэлхийн хаа нэгтээ суралцах гээд судалгаа хийгээд сууж байвал тэр хүнд шаардлага хангасан мэдээллэгч нь болох юм. Гэхдээ мэдээж оюутан хүнд чиглэсэн ярилцах сэдэв маш олон, сонсогчид маань ч бас зөвхөн гадаад явах хүсэлтэй хүмүүс биш одоо их сургуульд сурч байгаа, шинэ зүйл олж мэдье гэсэн хүмүүс их байдаг. Энэ сонсогчиддоо зориулаад тусгай дугаар хүргэж эхэлсэн, эхний дугаар “Оюутан насандаа аялахын ач тус3” гэх сэдвээр ярилцсан. Цаашдаа илүү өргөн хүрээг хамарсан тусгай дугаарууд хүргэхээр төлөвлөж байна. 

Үүн дээр нэмээд podcast нээх болсон зорилгыг тайлбарлавал, өнөөдөр худал болон үнэн бодит мэдээ, хүнд хэрэгтэй болон хэрэггүй мэдээ гэх мэт мэдээллийн хэмжээ ихэссэн үед сонсогчдынхоо хүлээн авах хандлагыг арай өөр байгаасай гэж хүсдэг. Амжилттай яваа хүний зөвлөгөө, сургамж гэх мэт үнэхээр хэрэгтэй юм шиг хэр нь тийм ч чухал биш сэдвүүд бас олширсон санагддаг. Бидний зүгээс ярьж буй бүхий л дугаарууд тухайн оролцогчийн бодол, туршлага, мэдрэмжинд суурилсан болохоор сонсогч яриаг сонссондоо итгэх биш, анализ хийж, аргумент үүсгэж байгаасай гэж хүсдэг дээ.

Их сургуульд өнгөрөөх хэдэн жилдээ юу сурч, юунд бэлдээд, юуны төлөө хаана ажиллахаа том зургаар нь төлөвлөж, шаардлагатай чадвараа эзэмших нь суралцах мэргэжлээс нь илүүтэй өнөөдрийн оюутнуудын толгойд эргэлдэж байгаа бодол гэж боддог.

А.Галбаяр

YOLO: Та өмнө нь яриандаа МУИС-д сурч байсан ч хугацаа алдаад байгаа мэт санагдаад больсон гэсэн. Яг яагаад тийм мэдрэмж төрсөн бэ?
- Миний хийж байгаа энэ podcast Mонголдоо битгий сур, гадаад яв гэсэн санаатай мэт харагдаж магадгүй. Гэвч бидний харуулахыг хүссэн зүйл энэ биш. Харин Монгол гэлтгүй ер нь хэн бүхэнд дэлхийн хүссэн газраа суралцаж эсвэл амьдрах боломж байгаа гэж итгэдэг. Миний хувьд их сургуульд ороод нэг улирал ч суралгүй гарсан шалтгаан нь хоёр зүйлд анхаарал хандуулж цаг алдалгүй, шийдвэртээ үнэнчээр төвлөрье гэж л шийдсэн хэрэг. Гэвч Монголд, эсвэл бүр хэний ч төсөөлөөгүй газар суралцах давуу тал олж хараад зорьж байгаа оюутнууд олон. Би Монголын сургалтыг голж шилсэндээ сургуулиа орхисон биш, хүн бүр өөр өөрийн зорилго хүсэлдээ нийцсэн боломжийг олж хараад зоригтой шийдвэр гаргаасай л гэж найддаг.

YOLO: Монголд байхдаа сайн дурын ажил их хийдэг, найзуудтайгаа нийлээд оффис түрээслэн үйл ажиллагаа эрхэлдэг байсан гэсэн. Тэр талаараа сонирхуулаач?
- Англи хэл бэлдээд, бас бусад залуусын дунд болж буй уулзалт цуглаан, сайн дурын ажил гээд янз бүрийн зүйлд оролцдог л байсан. Хэл сурч байгаа хүмүүс бүгд л тийм байдаг ажиглагдсан. Энэ хугацаанд олон найзтай болж, тэд нар маань ч одоо ихэнх нь дэлхийн булан бүрт зорилгодоо хүрэх гээд явж байна. Оффис түрээслэсэн гэдэг нь би хэдэн найзтайгаа нийлээд хүссэнээрээ цаг харгалзахгүй, санаа зовох зүйлгүй ярилцаж хамтдаа суралцах газар олсон юм. Бас нэг шалтгаан нь сургалтын төвд бүгдээрээ суугаад юу байдгийг нь мэдчихсэн, зөвхөн өөрийнх нь л хөдөлмөр мэдэх шатандаа байсан үе гэж боддог. Хэрэв хүссэн үнэ өртөгтөө таарсан оффис олж чадвал яриа, сонсгол бэлдэхэд номын сан, coffee shop гэх газар ганцаараа бэлдсэнээс илүү үр дүнтэй санагдсан. 

YOLO: Өөрийн тань яг одоо суралцаж буй мэргэжил маш сонирхолтой санагдлаа. Манай улсад харин хэр эрэлттэй байдаг болон энэ мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
- Actuarial Science4 (одоогоор албан ёсны монгол нэршил байхгүй болно) гэх мэргэжлээр төгсөхөөр суралцаж байна. Товчхондоо санхүү, хэрэглээний математик хоёрын огтлолцол гэж болно. Ажиллах талбар ихэвчлэн эрсдэлийн менежмент эсвэл даатгалын салбар хэдий ч маш олон өөр бусад салбарт ажиллах боломж байдаг. Монголд яг ийм нэршилтэй мэргэжил олгож байгаа их сургууль байхгүй ч (эх сурвалж Society of Actuaries in Mongolia5) энэ салбарт ажиллах чадалтай оюутнууд олон байгаа гэж бодож байна. 

Миний хийж байгаа энэ podcast Mонголдоо битгий сур, гадаад яв гэсэн санаатай мэт харагдаж магадгүй. Гэвч бидний харуулахыг хүссэн зүйл энэ биш, харин Монгол гэлтгүй ер нь хэн бүхэнд дэлхийн хүссэн газраа суралцаж эсвэл амьдрах боломж байгаа гэж итгэдэг.

А.Галбаяр


Энэ мэргэжлийн хувьд авсан дипломоос биш, шаардлагатай шалгалтуудыг давсан эсэхээс ажиллах чадамж ихээхэн хамаардаг. Шалгалтууд нь математик, санхүү гэх сэдвүүдийг ихэвчлэн хамарсан байдаг бөгөөд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс ч өөр мэргэжил эзэмшээд уг шалгалтуудыг давсан байх нь элбэг. 

Би өөрөө энэ салбарт ажиллаж үзсэн хүн биш хэдий ч судалж харсан зүйлсээ л энгийнээр тайлбарлая. Жишээ нь эрсдэлийн менежмент үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажлын шаардлага харахад энэхүү мэргэжилтэн нь тухайн бизнесийн зах зээл, хууль эрх зүйн байдал, бусад дүрэм журам, эсвэл бүр байгалийн эрсдэлийг хүртэл тооцоод математик аргачлалаар эрсдэлийн тооцоо гаргадаг гэж болно. Даатгалын салбарт ч мөн математик, статистик, магадлал, дата шинжлэх ухаан, санхүү зэрэг салбаруудад хамааралтай ажил хийдэг гэж л миний одоогийн мэдлэгээр тайлбарлах байна. 

YOLO: Монгол хүүхэд залуус хуульч, эмч, багш, инженер гээд л тоотой хэдэн мэргэжлийг эзэмших гэж хошуурцгаадаг. Гэвч мэргэжлийн зах зээл дээр энэ ханачихсан байдаг нь ажилгүйдлийн нэг шалтгаан болдог. Тэгвэл өөрийн тань мэргэжил дээр үндэслээд асуухад цаашид манай улсад шинэ мэргэжлүүд үүсэх боломж хэр их байгаа гэж боддог вэ?
- Шинэ мэргэжил үүсэхэд хугацаа болон шинэ ололт, нээлт их хамаатай байх. Жишээ нь өөрөө явагч машины мэргэжилтэн6 гэх мэт шинээр үүсэж байгаа мэргэжлүүд олон. Гэхдээ үүнээс илүү чухал нь одоогийн оюутнууд бидний мэддэг хэдэн мэргэжил дунд эргэлдэх биш, давхар мэргэжил эзэмших, эсвэл нэг салбарт суралцаж байгаа ч өөр нэг салбарт тодорхой хэмжээний мэдлэг эзэмшин ирээдүйд хаана юу хийхээсээ хамаарсан өөр, өөрийн өвөрмөц замыг сонгох нь элбэг харагддаг. Оролцогчдынхоо жишээнээс хэлэхэд Барилгын инженер (Civil Engineering)-ийн баклаврын зэрэгтэй хэдий ч Kомпьютерийн шинжлэх ухаан (Computer Science) мэргэжлээр мастерын зэрэг хамгаалж буй нэгэн оюутан сургуулиа төгсөөд Монгол инженерүүддээ зориулсан салбарыг хөгжүүлэх зорилготой байгаа гэж ярьж байсан. Их сургуульд өнгөрөөх хэдэн жилдээ юу сурч, юунд бэлдээд, юуны төлөө хаана ажиллахаа том зургаар нь төлөвлөж, шаардлагатай чадвараа эзэмших нь суралцах мэргэжлээс нь илүүтэй өнөөдрийн оюутнуудын толгойд эргэлдэж байгаа бодол гэж боддог.

YOLO: АНУ-д сурч байгаа Монгол оюутан залуус хэр их уулзалддаг, хоорондоо холбоотой байдаг вэ? Ер нь манайхан бусад орны хүүхдүүдээс сурах арга барил хэр өөр байдаг вэ? 
- Оюутан залуус гэлтгүй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн дунд уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа их болдог. Ялангуяа Чикаго хотод амьдарч буй Монголчууд тооны хувьд ч их, наадам, цагаан сараас эхлээд сайн дурын ажил, бүр хиймэл дагуул хийгээд хөөргөсөн жишээ хүртэл бий. Яг оюутнуудын тухайд бол Америк дахь Монгол оюутнуудын холбоо гэж бий. 


“Надад хэлэх үг байна” гэх илтгэлийн тэмцээн, эсвэл байрлал тус бүрээсээ хамаарсан оюутан залуусын уулзалтууд гэх мэт арга хэмжээ олон болдог. 

Монголд дунд сургуулиа төгсөөд Америкт ирж суралцаж байгаа оюутны хамгийн том давуу тал байгалийн ухааны мэдлэг, тэр дундаа математик, физик гэж боддог. Сул тал нь эргээд нийгмийн ухааны мэдлэг байдаг. Эндэхийн хүүхдүүд дунд сургуульдаа сэтгэл судлалын хичээл гэж хүртэл үзсэн байх жишээтэй.

Монголд бол нийгмийн ухаан гэж цөөхөн 1-2 цагийн хичээл дотор нийгэм дахь бүхий л том салбаруудыг багцлаад маш товчхон мэдлэг олгодог санагдсан. 

YOLO: АНУ-д сурч амьдрахад эхэндээ бэрхшээл байсан л байлгүй. Тэр бүгдийг хэрхэн давсан болон одоо сурахын хажуугаар өөр зүйлс хийж байгаа эсэх талаараа сонирхуулаач?
- Ер нь Америк гэлтгүй өөр орныг зорьж байгаагийн нэг томоохон шалтгаан бол өөрийгөө хөгжүүлэх, биеэ даах, шинэ зүйлсэд суралцах гэж бодож байна. Аав ээжээсээ санхүү болон сэтгэл санааны хувьд анх удаа тусдаа гарах, шинэ соёл, хэв маяг дотор орох, амьдралын бусад шаардлагууд гээд тоолж баршгүй даваан дунд бэрхшээлийг давахаас өөр замгүй болдог. Өвдөөд хийх юмаа хэд хоног хаях эрх байхгүй гэдгээ ойлгох цагт хэн ч бай амьдрахын төлөө хөдөлнө биз. 
Шинэ зүйлс сурч, өөрийгөө өөрчилсөн зүйл маш олон тохиолдсон. Хамгийн эхний жишээ гэхэд хоёр жилийн өмнөх би podcast эхлүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй. 

Минималист амьдралын хэв маягт суралцах8, бусдын санаа, бүтээлийг эшлэлтэйгээр ашиглах, нийгмийн харилцаанд хүндэтгэлтэй харьцах гээд л анхандаа гологдоогүй зүйл гэж бараг үгүй байх шүү. Одоо ч зуны амралтаар нутаг буцахгүй ээ, сурах юм их байдаг юм байна гэж гэрийнхэндээ хэлдэг.

YOLOТаны ирээдүйн зорилго? 

- Ойрын зорилго бол мэдээж их сургуулиа амжилттай төгсөх. Холын зорилго минь дээр дурдсан шиг одоо ч, үгүй ер нь хэзээд л гологдсоор байна байх. Энэ бүх сул талаа нөхөн нөхсөөр холын холд хаа хүрэхээ төсөөлж үнэхээр чадахгүй нь. Хэрэв чадаж байвал би өөрийгөө тогтонги сэтгэлгээ (fixed-mindset9)-тэй  болжээ гээд ихэд бодолд орно байх.

YOLO: Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа

#Mongol Student Podcast #Initiator