Эцэг эх нь донор болгохоор зөвшөөрсний дараа хүү нь ухаан оржээ


Сондор | YOLO.MN
2018-05-08

Эцэг эх нь ухаангүй байсан 13 настай хүүгээ эрхтний донор болохыг зөвшөөрч, шаардлагатай бичиг баримтанд гарын үсэг зурсны дараахан хүү нь ухаан орсон гайхалтай явдал Америкийн Алабама мужид тохиолджээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард 13 настай Трентон МакКинлигийн сууж явсан ачааны чиргүүл эргэж түүний толгой дээр унасан харамсалтай хэрэг гарсан байна. Түүний гавлын яс долоон газраа хугарч, бяцарсан байжээ. 

Трентоны ээж Женнифер Рэйндлийн хэлж байгаагаар Трентон гавлын ясны хэд хэдэн хагалгаанд орсон ба түүний бөөрний үйл ажиллагаа доголдож, зүрх нь зогссон гэнэ. Трентон клиник үхэлд орж, түүний амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь 15 минут зогссон байна. 

Эмч нар түүнийг дахиж сэргэхгүй, сэргэсэн ч хэзээ ч урьдынх шигээ эрүүл саруул ухаантай болохгүй болохыг эцэг эхэд нь мэдэгдсэн ба  донорын эрхтэн шаардлагатай таван хүүхдэд Трентоны эрхтнүүдийг өгөх боломжтой болохыг хэлжээ.

Трентон таван өөр хүүхдийн амийг аварч чадахыг эмчээс сонссон хүүгийн ээж эрхтний донор болохыг зөвшөөрсөн аж. 

Женнифер Рэйндл, “Трентоны эрхтнүүдийг шилжүүлэх хүртэл түүнийг амьсгал зүрх судасны аппаратаас салгахгүй гэж бидэнд хэлсэн. Дараа өдөр нь түүнийг хорвоог орхисон гэж тодорхойлох тархины бичлэг хийгдэх ёстой байсан юм. Гэтэл түүний амин үзүүлэлтүүд нэмэгдэж эхэлсэн. Ингээд л бүх зүйл хойшлогдсон юм.” хэмээн ярьсан байна.

Трентоны биеийн байдал удаан ч гэсэн бага багаар дээрдэж байгаа аж. Тэрээр, “Би асфальтан дээр унаад, чиргүүл яг миний толгой дээр унасныг санаж байна. Тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байна.” хэмээн ярьжээ. 

Трентоны бие одоог хүртэл өвдсөөр байгаа ба тэрээр дахин тархины хагалгаанд орох шаардлагатай аж. 

Түүний ээжийн хэлж байгаагаар Трентон алхаж, ярьж, уншиж бүр тоо хүртэл бодож байгаа гэнэ. Тэрээр үүнийг “гайхамшиг” хэмээн тайлбарлажээ.  

Трентон эмнэлэгт ухаангүй байхдаа өөрийгөө диваажинд байна гэж бодсон гэнэ. Тэрээр, “Би том талд чигээрээ алхаад л яваад байсан. Бурхан л үүнийг мэднэ.” хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: BBC

#Parents #Donor #Resuscitation