Эрт дээр үеийн мэргэд цус хүний амьдралд чухал гэдгийг мэддэг байжээ. Гэсэн ч өвчтөнүүдэд цусыг уулгахаас өөрөөр яахыг мэддэггүй байв. Харин Уильям Харви 1628 онд хүний цусны эргэлтийн талаарх нээлтийг хийжээ. Улмаар 17-р зуунд хүний биед цус сэлбэж эхэлсэн байна. Гэвч донорууд нь ихэвчлэн амьтад байжээ. Амьтны цус хүний биеийн эстэй нийцэхгүй гэдгийг тэр үед мэддэггүй байв. Ингээд 1901 оноос л цусны бүлгийг нээжээ.
Иймд цус сэлбэлт судлал залуу шинжлэх ухаанд тооцогддог.
Манай улсад 1938 оны хилийн мөргөлдөөнүүдийн үед шархадсан цэргүүдэд орос эмч нар анхлан цус сэлбэсэн түүхтэй. Улмаар 1962 онд Сайд нарын зөвлөлийн 505 тоот тогтоолоор Цусны станц байгуулагдаж, 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ.
Ингээд 1964 оноос жилд найман удаа цусаа өгсөн хүнийг МУЗН-ийн “Хүндэт донор” хэмээх цолыг өгч эхэлсэн байна. Харин өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, АУ-ы доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяртай энэ салбарын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Манай улсад цус өгөлтийн хэмжээ хэр байгаа вэ?
-ДЭМБ-ын зөвлөмжөөр манайх шиг хөгжиж байгаа орны хувьд 1000 хүн тутмын 15 нь цусаа өгч байвал цусны хэрэгцээг бүрэн хангана гэдэг. Энэ нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын түвшин, эмчилгээ үйлчилгээний цар хүрээтэй холбоотой. Манай улсын хувьд 2012 онд дээрх үзүүлэлт 7 байсан бол 2016 онд Улаанбаатар хотын хэмжээнд 18, орон нутагт дунджаар 4, улсын дунджаар 11-т хүрсэн сайн үзүүлэлттэй байгаа.
- Хэрвээ 1,5 хувь гэж үзэж байгаа юм бол Улаанбаатарт хангалттай гэсэн үг биш үү?
-1,5 хувь бол улсын хэмжээнд гэсэн зөвлөмж үзүүлэлт. Бид нийслэлийн хэмжээнд энэ үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа нь нөгөө талаас гэрээт эмнэлгүүдийг захиалгыг бүрэн олгох боломжтой болсноороо онцлог юм. Улаанбаатар хотод яагаад хэрэглээ өндөр байна гэвэл төв эмнэлэг тусгай мэргэжлийн үндэсний бүх төвүүд байдаг, нийслэл хотдоо хүн амынх бараг тал нь амьдардаг, гуравдагч шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах иргэд нийслэлд ирдэгтэй холбоотой юм. Бидний тооцооллоор 2025 он хүртэл Улаанбаатарт цус цуглуулалтын тоог нэмэгдүүлж, 2,5 хувьд хүргэж байж эмнэлгүүдийн захиалгыг бүрэн хангана гэж үзэж байгаа.
Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгааг Засгийн газраас дэмждэг боллоо. Ингэснээр УНТЭ гэхэд 2018 онд дангаараа 20 гаруй мэс засал хийхээр төлөвлөсөн, ХСҮТ мөн 10 орчим элэг шилжүүлэн суулгах мэс засал төлөвлөсөн гэх мэтээр хэрэгцээ огцом нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа 2022 он гэхэд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу улсын хэмжээнд цус цуглуулалтыг 1,5 хувьд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ ч жилээс жилд нэмэгдэнэ гэсэн дүр зураг бий.
-Донорууд жилд хэчнээн удаа цусаа өгөх боломжтой байдаг вэ?
- Бүхэл цусаа эрэгтэйчүүд жилд 6 удаа, эмэгтэйчүүд жилд 4 удаа өгөх боломжтой. Бид үйл ажиллагаандаа шинэ технологи нэвтрүүлснээр тухайн донор сийвэн, ялтаст эсээ 14 хоног тутам өгөх боломжтой болсон бөгөөд энэ нь донорт ямар нэгэн сөрөг нөлөөгүй талаар олон эрдэмтэд судалсан байдаг. Гэхдээ манай улсын хувьд донорууд жилд 10-12 удаа хүртэл удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөх боломжтой. Ийм доноруудаа дэмжих зорилгоор 2014 оноос 35 түүнээс олон удаа цусаа өгсөн доноруудыг магадлан итгэмжлэгдсэн сувилалд жилд нэг удаа сувилуулах болон донор хэдийгээр эрүүл хүмүүс боловч өвдсөн үед харъяа эмнэлгээр очер дараалал харгалзахгүй үйлчлүүлэх журмууд хэрэгжиж байна. Мөн тогтмол цусаа өгч байгаа доноруудыг нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр хөнгөлтэй зорчуулах журам хэрэгжиж байна.
-Цусны ховор бүлгийн талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Маш энгийнээр тайлбарлавал ABO буюу цусны 4 бүлгийн талаар хүмүүс ихэвчлэн мэддэг, ойлголттой байдаг. Эдгээрээс гадна цусны маш олон жижиг бүлгүүд байдаг бөгөөд ерөнхийд цусны ховор бүлэг гэдэг. Ялангуяа резус бүлгийг заавал тодорхойлдог бөгөөд манай нийт хүн амын дунд резус сөрөг цустай хүн 1-1,5%-ийг эзэлдэг. Ялангуяа Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг баруун аймгуудад илүү өндөр тархалттай байдаг. Бид нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.
Мөн өмнө нь “зөвхөн I бүлгийн цустай хүн л донор болдог” гэдэг ойлголттой байсан бол одоо өөрчлөгдөж, бидний ярьж хэвшсэнээр 4 бүлгийн цус тухайн бүлэгтээ илүү тохирдог, эмчилгээний үр дүнтэй, хурдан илаарших тус дэмтэйг эрдэмтэн судлаачид тогтоон, дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөөд байна. Жишээ нь, элэг шилжүүлэн суулгахад тухайн хүнд тохирсон цусны бүлгийг нарийн тодорхойлох, 10 донороос цус авлаа гэхэд 1-2 нь л таарч, бусад нь таарахгүй байх тохиолдол ч бий.
-Донорууд цусаа сайн дураараа, авлагагүйгээр өгдөг болсны ашиг тус нь юу юм бэ?
-Дэлхий дахинаа цус цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, донорын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор анх 1975 оноос эхлэн сайн дурын, авлагагүй донорын талаар уриалга гаргасан бөгөөд ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын цусны албад 100% авлагагүй донорын тогтолцоотой болоод байна. Монгол Улсын хувьд 1994 оноос энэ тогтолцоог хэрэгжүүлэхээр зорилт тавьсан ба 2016 онд 100% сайн дурын, авлагагүй донортой улсуудын эгнээнд нэгдсэн.
Хэдийгээр сайн дурын авлагагүйгээр цусаа өгч байгаа ч гэсэн цусны донорын тоо ялангуяа жилд 2 ба түүнээс дээш удаа тогтмол цусаа өгдөг ачтан доноруудаа урамшуулах, алдаршуулах тал дээр ихээхэн анхааран ажилладаг. Бид ч мөн цөөнгүй ажлуудыг санаачлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Манай улсад хамгийн нийт 200-аас олон удаа цусаа өгсөн Бум-Эрдэнэ гэдэг донор байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх