Цаг бол АЛТ
Улаанбаатарын түгжрэл ихтэй замд автобусаар зорчиход багагүй хугацаа шаардагдана. Багадаа 10 минутаас эхлээд 20, 30 минут явах ч хэрэг гарна. Тэгвэл энэ хугацааг өөртөө хэрхэн үр дүнтэй зарцуулж болох вэ?
1. ДАСГАЛ ХИЙ
Автобусанд явах хугацаандаа заавал суудал олох гэж тэмцээд эсвэл өвгөд хөгшид, жирэмсэн хүнтэй барьцан "ялхайтал" суучихаад унтаж буй дүр үзүүлэх гэж зовох шаардлагагүй.
Юун түрүүнд дасгал хийхийн тулд та зогсож явах шаардлагатай. Тэгвэл гучин минутанд багагүй зүйл амжуулна.
Гэдэсний булчин хөгжүүлэх дасгал. Гэдсээ татаж чангалан тодорхой хугацаанд барь. Өөртөө хугацаа өгч дотроо тоол. 10, 15, 30 секунд хэд ч байж болно. Тэгээд сулла. Дахиад чангал. Гэх мэтээр автобуснаас буутлаа энэ дасгалыг хийгээрэй. Ингэвэл та гэдэснийхээ гол булчингуудыг бэхжүүлэх болно.
Өгзөг чангалах дасгал. Мөн дээрхтэй адил тодорхой хугацааг өөртөө өг. Өгзгөө чангалан барьж хэдэн секунд, суллан хэдэн секунд, дахиад чангалах гэх мэтээр хийнэ. Гоё сайхан өгзөгтэй байхын тулд та энэхүү дасгалыг зогсох боломж гарах бүрт хийж байгаарай. Өгзөг чинь чангарч сайхан болохыг удахгүй мэдрэх болно.
Амьсгалын дасгал. Гэхдээ хэт бүгчим агаартай автобусанд хийх нь тийм ч тохиромжгүй юм. Тиймээс онгорхой цонхны дэргэд зогссон үед эвсэл хүн сэлүүхэн үед хамраараа гүнзгий амьсгаа авч гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг хийгээрэй. Нэг удаадаа 5-10 удаа гүнзгий амьсгаа авах нь таны ухаан санааг тайвшруулж, стрессээс салгана.
Өдөрт ирж, очих хоёр удаа явна гээд үзвэл өдөр бүр та дасгал хөдөлгөөнийг хоёроос доошгүй удаа хийж байна гэсэн үг юм. Багагүй үр дүн гарна аа даа?
3. СОНС
Дуу, хөгжим сонсохыг хэлээгүй юм шүү. Сонсч болно л доо, гэхдээ энд зөвхөн цагийг ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрүүлэх талаар л зөвлөж байгаа гэдгийг санаарай. Сонсдог өгүүллэг эсвэл гадаад хэлний сонсох дасгалуудыг хэлж байгаа юм. Шалгалт ойртсон энэ үед цагийг хэмнэх маш сайн арга юм шүү. Цонх дэмий ширтэж зогсохоор ном уншсан дайтай санагдтал өгүүллэг сонсож болно. Эсвэл сонсох чадвараа сайжруулж бидний нэрлэж заншсанаар listening дагсалаа хийж чихний бөглөөсөө гаргаж болох юм.
2. УНШ
Номыг заавал сууж байж уншина гэж хэн хэлсэн юм бэ. Шалгалт эхэлчихсэн энэ үед харин ч боломж л гарвал хичээл номоо унших хэрэгтэй. Чи нэг гараараа бариулаас бариад явж байхдаа ч ном унших боломжтой. Эсвэл орчин үед та reader, гар утас, таблет юуг ч ашиглан ном уншиж болно. Уншмаар байвч ном унших зав гардаггүй бол автобусанд явахдаа цонх ширтэж суухаар ном уншиж яагаад болохгүй гэж. Зарим сурагч, оюутан хичээлээ хийж байгаа ч харагддаг. Маш зөв. Чи цагийг үр дүнтэй ашиглаж сурсан байна. Ийм хүмүүс их “хол явдаг” гэдэг урмын үгээр таныг мялаая.
3. БИЧ
Чи автобусанд явж байтал азаар хоосон суудал таарлаа, чи суучихлаа. Тэгвэл цүнхнээсээ үзэг, дэвтэр, юмхан тэмдэглээд авчих цаас гаргаж ирээд бич. Тухайн өдөр, тухайн долоо хоног, сард юу хийх гэж төлөвлөж байна. Түүнийгээ цаасан дээр буулга. Өдөр нь хийж амжаагүй ажил юу байна бич. Амьдралдаа юу хийхээр мөрөөдөж байгаагаа ч бичиж болно. Аливаа ажлыг хүн толгойдоо бодоод л байвал олон зүйл төлөвлөж, хийж чадахгүй болдог. Харин цаасан дээр буулгаад эхэлвэл тархи чинь хуучин дээрээ л ачааллаад байлгүй шинийг сэдэж олох боломжтой болдог. Тийм учир ажлаа төлөвлө, бич. Үүнийг заавал ширээн дээр хийх гэж хүлээлгүй автобусанд явахдаа ч хийж болно.
Дээрх аргуудаас өөр ямар туршлагыг та хэрэгжүүлдэг вэ? Сэтгэгдлээр бусадтайгаа хуваалцаж болно шүү дээ. Цагийг үр дүнтэй өнгөрөөж сурсан хүн амьдралаас ихийг хождог, ухаалаг хүмүүс байдаг билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх