ЗАХИДАЛ: "Хөвгүүдтэй яаж харьцах вэ, ойлгохоо байлаа"


ССҮТөв | YOLO.MN
2018-04-25

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ер нь банди нар чат бичдэг тэгээд л төд удалгүй чатлахаа больцгоодог

Эсвэл би арай хүйтэн хөндий, хаалттай байдаг юм болов уу ч гэж бодох шиг. 

Сайн байна уу. Би 17 настай охин. Төгсөх анги мөртлөө урьд нь нэг ч хөвгүүнтэй үеэрхэж  үзээгүй. Миний үеийнхэн бол хамаа нь замбараагүй, олон удаа үеэрхэж байсан болохоор би хэн нэгэнтэй үерхэж үзээгүйдээ жаахан санаа зовдог. Бусдад хэлэхэд ч эвгүй санагддаг. Зарим нь бүр гайхдаг хха. Би өөрийгөө царай зүс биеэрээ бусдад тэгж сүртэй гологдохоор биш гэж боддог ххэ. Бусад ч намайг тэгдэг. Ийм байж яагаад найз бандитай болдоггүй юм бэ гэдэг. Ер нь банди нар чат бичдэг тэгээд л төд удалгүй чатлахаа больцгоодог. Энэ одоо юунаас болдог юм бол оо? Хүнийг өөртөө татах увидасгүй юм болов уу, би ххэ. Эсвэл би арай хүйтэн хөндий, хаалттай байдаг юм болов уу ч гэж бодох шиг. Хөвгүүдтэй яаж харьцах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд хүүхдүүд өөрийгөө бусадтай харьцуулах нь их

Хүйтэн хөндий, хаалттай гэхээсэй илүүтэйгээр магадгүй чиний сэтгэлд таарах хүн байхгүй байсан болоод чи хариу үйлдэл үзүүлээгүй ч байж болно

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Ахлах ангид хүүхдүүд үерхэж эхэлдэг. Гэхдээ энэ нь бүгд үерхэж үзэх ёстой гэсэн үг огт биш. Өсвөр насанд хүүхдүүд өөрийгөө бусадтай харьцуулах нь их. Надад юу байна, тэдэнд юу байна, байхгүй байна гээд л. Ялангуяа бусад хүмүүст байгаа зүйл надад яагаад байхгүй байна вэ? гэдэг асуултаас болж үүндээ хэт төвлөрөн өөрт байгаа зүйлээ олж харалгүй үнэгүйдүүлж, үүнээсээ болж сэтгэл санааны тогтворгүй байдалд ордог. Бусад хүн үерхэж байна, чи үерхэхгүй байна гэдэг бол асуудал биш юм. 

Чамд давуу тал зөндөө байгаа байх. Хүн болгонд давуу тал бий. Чамд хүмүүс татагдаад юм бичдэг. Гэсэн хэдий ч тэд бичихээ больдог гэсэн байна. Хүйтэн хөндий, хаалттай гэхээсэй илүүтэйгээр магадгүй чиний сэтгэлд таарах хүн байхгүй байсан болоод чи хариу үйлдэл үзүүлээгүй ч байж болно. Тийм бол чин сэтгэлээсээ татагдах хэн нэгнийг гарч иртэл хүлээх нь зөв. Эсвэл эсрэгээрээ чиний хэлснээр чи тэднийг өөрөөсөө түлхээд хаалт үүсгээд байдаг байж ч болно. Тийм бол одоо байгаагаасаа бага зэрэг нээлттэй байхад хангалттай. Гэхдээ эрсдэл нь би яагаад үерхэхгүй байна вэ? гэж хэт их санаа  зовсноосоо болж зарим тохиолдолд буруу сонголт хийж, өөрт тохирох хүнтэйгээ үерхээгүйгээс болж сэтгэл санаагаар хохирч мэднэ. Тиймээс яарах хэрэг байхгүй. Энэ жил төгсөх анги гэж байна. Энэ бол маш хариуцлагатай үе. Би ирээдүйд хэн болох вэ? гэсэн чухал асуултанд хариулж шийдвэр гаргах үе эхэлсэн байна. Тиймээс элсэлтийн шалгалтандаа анхаарах хэрэгтэй болов уу. Магадгүй оюутан болоод чиний сэтгэл нийцсэн хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хичээлээ сайн хийхийг зөвлөж байна. Амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Treat #Boy #Teenagers