А.Пүрэвсүрэн: Хэрэглэдэггүй ном, тоглоом зэргээ өгөөд тасалбараа тал үнээр нь авах боломжтой


Э.Цовоо | YOLO.MN
2018-04-20

Өсвөр үеийн залуучууд маань нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж бүтээхийг ихээхэн эрмэлздэг болжээ. Тиймээс бид хийе бүтээе гэсэн зорилготой, мөн зорилгоо "BOOD" хэмээх залуучуудад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулан хэрэгжүүлж чадсан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан А.Пүрэвсүрэнтэй уулзан ярилцлаа.

YOLO: "BOOD" үйл ажиллагааны талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач

- "BOOD" үйл ажиллагаа маань өсвөр үеийн залуучуудынхаа амьдралын хэв маягийг зөв чиглэлд оруулж өгөх, зорилгоо хэрхэн тодорхойлоход нь туслах гэх зэрэг чухал мэдээллийг оролцож буй илтгэгчдээрээ дамжуулан олгохыг зорьдог үйл ажиллагаа билээ. "BOOD-1" үйл ажиллагаанд маань нийт 159 хүн оролцсон.

YOLO: Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ?
- Үйл ажиллагаанаас олсон орлогоо сайн дурын үйл ажиллагаанд зориулах нь бидний гол зорилго байсан.

YOLO: "BOOD-2" үйл ажиллагааг удахгүй зохион байгуулах гэж байна гэсэн. Өмнөхөөсөө ямар онцлогтой вэ?
-Онцлог нь гэвэл илтгэгч нар маань маш чадварлаг хүмүүс юм. Өмнөх илтгэгчдээсээ арай шинэлэг мөн салбар салбартаа тэргүүлж яваа хүмүүс өөрсдийн амьдралын туршлагаасаа хуваалцах юм. Тэднээс нэр дурдвал Жүжигчин Аглуу ах болон Дуучин Gee нарыг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Бусад илтгэгч нар гэнэтийн бэлэг хэвээр үлдэг.

YOLO: "BOOD-1" үйл ажиллагааны тасалбар нь хэрэглэдэггүй тоглоом ном зэрэг байсан гэсэн. "BOOD-2" тасалбар мөн адил байх уу?
-"BOOD-2" үйл ажиллагааны маань тасалбар энэ удаад 10000 төгрөгөөр зарагдаж байгаа. Гэхдээ үзэгчид хэрэглэдэггүй тоглоом ном зэргээ өгөн 5000 төгрөгөөр тасалбараа худалдан авах боломжтой болсон.

YOLOТухайн цугларсан ном, тоглоомоор юу хийдэг вэ?

- Бид түрүү жилийн цугларсан хандивын зүйлсээ ХУД-ын 5-р хорооны иргэд болон бага насны хүүхдүүдэд хандивласан. Харин энэ жилийнхийг хөгжлийн бэрхшээлтэй болон асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлана. 

YOLO: Анх яагаад энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдсэн бэ?
-"BOOD" арга хэмжээний санааг 2-р сараас эхлээд бодож байсан. Гэхдээ хийе гэсэн ямар ч бодол надад байгаагүй л дээ. Тэгээд ангийнхаа хүүхдүүд болон ойр дотныхоо хүмүүст санаагаа хэлтэл намайг нэг их ойшоож авч үзээгүй. Зүгээр л хий хоосон яриа мэт хүлээж авсан. Тэдний энэ байдлыг би хараад "BOOD" үйл ажиллагааг заавал зохион байгуулна гэж зорилго өөртөө тавьсан. Тийм учраас л хийхээр болсон доо.

YOLO: "BOOD" нь гадуур зохион байгуулагддаг үйл ажиллагаанаас юугаараа онцлог вэ?
-Бид нар үзэгчидтэйгээ илүү их харьцахыг хичээдэг. Нэг ёсондоо үзэгчид зөвхөн сонсох бус тэднийг үйл явдалдаа татан оролцуулдаг. Жишээлбэл илтгэл дундуураа хөгжилтэй тоглоом, тэмцээн зохиох гэх мэт. Мөн урлагийн тоглолтууд дундуур нь их оруулж өгдөг болохоор илүү онцлог байх.

YOLO: "BOOD-1" үйл ажиллагааны илтгэгчдээсээ танилцуулаач
-Э.Дөлгөөн буюу өсвөр насны хүүхдүүд дунд Эрд Дөлгөөн хэмээн танигдсан мундаг хүү бий. Мөн Х.Идэр, Сэтгэл зүйч Баттөмөр, ШУТИС-ын профессор Энхбат нар илтгэлээ тавьсан.

YOLO: Чиний ирээдүйн хувь хүний зорилго чинь юу вэ?
-"BOOD" үйл ажиллагаагаа яг л "TEDX" үйл ажиллагаа шиг гайхалтай, хүн болгон мэддэг тийм л болоосой гэж хүсэж байна.

YOLO: Үйл ажиллагаагаа зохион байгуулахад шантрах үе байсан уу?
-Анх зохион байгуулж байхад дөрөв тавуулаа л байдаг байлаа. Зохион байгуулагчид маань уулзалтдаа ч ирэхгүй болохоор надад маш хэцүү байсан. Тэгээд бид нар нэг удаа хоорондоо ярилцаад “Та нар яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хамтдаа хичээе” гэж хэлээд би бүр уйлсан. Тэр үед л их шантарч байсан даа.

Гэхдээ бид бие биедээ сэтгэлээ нээгээд ярилцсаны үр дүнд үйл ажиллагаагаа сайн зохион байгуулж чадсан гэж бодож байна. Мөн тэр үед ээж, эгч хоёр минь надад их санаа зовдог байсан. Хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй болохоор тэр байх. Би өглөө гараад л орой ирдэг байлаа. Тийм учир их сөргөөр хүлээж авч байсан. Гэхдээ ээж эгч  хоёртоо үйл ажиллагааныхаа зурагт хуудас, тасалбар зэргийг үзүүлэхэд намайг эерэгээр хүлээн авсан.

YOLO: Чамайг хамгийн их дэмжиж байсан хүн хэн бэ?
-Манай сургуулийн "IDEA" клубийнхан намайг маш их дэмжиж байсан. Энэ клубийнхнтайгаа л би үйл ажиллагаагаа зохион байгуулсан гэж хэлж болно. Клубийн хамт олондоо их талархаж байна. Мөн ээж эгч хоёр минь маш их дэмжсэн.

 

YOLO: Энэ бүхнээс сурч авсан хамгийн том зүйл чинь юу вэ?
-Аливаа зүйлийг хийхдээ шантрахгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Маш олон зүйлд алдаа оноо гэж байдаг. Хүн алдаж болно гэхдээ алдаанаасаа суралцана гэдэг хамгийн зөв зүйл шүү дээ. Бүх зүйлээс боломжийг хай.

YOLO: Ярилцлагын төгсгөлийг өөрт тань үлдээе
-Чиний хийх гэж буй зүйлийг зарим нь шүүмжилнэ. Гэхдээ та тэр шүүмжлэлээс өөрт хэрэгтэй зүйлийг нь хүлээж аваад, өөрийнхөө хийх гэж буй зүйлдээ анхаарлаа хандуулаарай гэж зөвлөе.

YOLO:Ярилцсанд баярлалаа.

"BOOD" арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

#Student #Conversation