-СУРВАЛЖЛАГА-
Ахлах ангийн сурагчдад мэргэжил болоод сургууль сонгоно гэдэг хүндхэн байдаг. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд МҮЭСТ ордонд их дээд сургуулиудын танилцуулга бүхий үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнг БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв, Хүүхэд гэр бүл залуучуудын төв хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагааг дээрх байгууллагуудын төлөөлөл оролцон нээсэн бөгөөд 84 дүгээр сургуулийн сурагчид ая дуугаа өргөсөн бөгөөд сургуулиудын төлөөлөл өөрсдийн сургууль, мэргэжлүүдийн онцлогийн талаар товчхон мэдээллүүдийг сурагчид болон хүрэлцэн ирсэн иргэдэд танилцуулж байлаа.
Ирсэн хүмүүсийн нүдийг сургуулиудын онцлог давуу талыг харуулсан бүтээлүүд хужирлаж байсан юм. Тухайлбал “Урлах эрдэм сургууль”-ийн загварын эртний хатдыг санагдуулам сүржин дэрвэгэр хормойтой, мөрөн дээр нь тунаж оёсон шигтгээтэй даашинз.
Үзэсгэлэн үйлдвэрчний эвлэлийн нэг давхарт болж байгаа учраас гаднаас орж ирэхээс эхлээд их дээд сургуулиудын танилцуулга том дэлгэцээр ээлжлэн харагдаж давхар мэдээллийг нь унших аж.
Уг үзэсгэлэнг ЕБС-ын төгсөх ангийнханд зориулан хийж байгаа, тийм ч учраас элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх журмыг танилцуулж, мэргэжлээ хэрхэн зөв сонгох зөвлөмж өгөв. Мөн засгийн газрын тэтгэлэг болон зээлийн санд хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө зэргийг өгсөн.
Үзэсгэлэнд дотоод гадаадын их сургууль, МСҮТ, коллеж, гадаадад оюутан зуучлах төвүүд, сургалтын төвүүд оролцож буй. Тодруулбал АШИҮИС, “Мандах” их сургууль, Барилгын технологийн коллеж, Шинэ анагаах ухааны их сургууль, Gate, Урлах эрдэм их сургууль, Хүүхэд гэр бүл залуучуудын төв, Боловсролын зээлийн сан, “Хүрээ” солонгос хэлний сургалтын төв зэрэг байгууллагууд оролцож байлаа. Онцлог давуу талын хувьд ЕБС-ын ахлах ангийн сурагчдад мэргэжил, сургуулиа зөв сонгоход тусалж, тэдний ирээдүйд эерэгээр хувь нэмрээ оруулах юм гэж МҮЭСТ ордны үйл ажиллагаа хариуцсан маркетингийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэллээ.
Мэргэжил сонголтыг хийхдээ зарим хүүхэд өөрсдийн хүслээр сонголтоо хийдэг бол, зарим нь эцэг эх болоод бусдын тусламж, зөвлөгөөг авсны үндсэн дээр сонголтоо хийдэг.
Тэгвэл үзэсгэлэнд оролцож буй “Сэтгүүлч дээд сургууль”-ийн төгсөх ангийн оюутан Б.Жаргалцэцэг “Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ одоо төгсөж байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд өөрийн дотроо хүсч, зорьж буй мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тэгвэл чи илүү их хичээл зүтгэж гаргаж, хөдөлмөрлөж түүний үр дүнд сайн боловсон хүчин болж чадна. Миний хувьд сэтгүүлч мэргэжлийг сонгосон” гэсэн юм.
Боловсролын үзэсгэлэнд ирсэн хүүхэд залуучууд өөрсдийн сонирхсон сургуулиудын мэдээллийг гярхай гэгч сонжин, сонирхсон мэдээллээ сургуулийн төлөөллөөр тайлбарлуулж, тараах материалуудыг нь их л дуртай цуглуулах аж.
Сургуулиуд өөрсдийн танилцуулгыг зурагт, зурагт хуудас, ном, дэлгэц, бүтээлүүдээр гаргаж, зарим нь бүр жигд өнгийн хувцсаар ижилсэн байх нь эмх цэгцтэй харагдах аж. Тухайлбал, АШУҮИС-н оюутнууд цагаан өнгийн халатаар жигдрэн, сургуулийн логог халатандаа наасан байх нь тэднийг үггүйгээр илтгэнэ.
Тэр дунд Техник технологийн сургууль өөрсдийн урласан жижиг загварын оёдлын машин, дугуй, бургер, салат, сэндвич зэргийг ширээн дээр өрөн байрлуулжээ.
Үзэсгэлэнг үзэхээр ирсэн иргэд мэдээлэл авангаа цай унд уух нөхцөлийг бүрдүүлсэн нь энэ аж. Сурагчид болон эцэг эхчүүд сургуулийг сонирхсон мэдээлэл авах зуураа цай унд ууж харагдана.
Ахлах ангийн сурагч Б.Дэлгэрсайхан “Миний хувьд эмч болох сонирхолтой ч яг аль сургуульд орохоо хараахан сонгоогүй. Тийм учраас цахим орчноос энд боловсролын үзэсгэлэн болох гэж байгааг мэдээд ирсэн үзэсгэлэнд оролцсоноор сургуулиудын ерөнхий танилцуулга болоод тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэлтэй болсондоо баяртай байна” гэлээ.
12 дугаар ангийн сурагч Ц.Болорчимэг “Бидэнд зориулсан боловсролын үзэсгэлэн болж байгаа нь мэргэжил сургуулиа сонгох шатанд ирсэн хүүхэд залууст их хэрэгтэй үйл ажиллагаа болж байна. Бусад хүүхдүүддээ хандаж хэлэхэд та бүхэн энд ирээд өөрийн ирээдүйн алхмаа зөв хийхэд тусламж, зөвлөгөө аваарай гэж хүсэх байна” хэмээлээ.
Үүдээр орж ирж буй хүүхдүүд нэлээн дараалал үүсгэжээ. Учир нь хүүхдүүдийн дунд сугалаат уралдааныг зохион байгуулж тэдгээрийн нэр утасны дугаарыг угтагч эмэгтэй бүртгэн авна. Шагналд нь МҮЭСТ ордонд үзвэр үзэх эрх хожно гэнэ хэмээн хүүхдүүд хоорондоо ам дамжин ярьж байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх