Румын улсад, суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2018-04-10

Мэргэжлийн чиглэл:

Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, Олон улсын харилцаа, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, аялал жуулчлал, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Нэг. Тавигдах шаардлага 

Бакалавр:
Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор:

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 25-35 хүртэлх насны;

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35-45 хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

Цахим өргөдөл
Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /англи хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/;
Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /англи хэл дээр баталгаат орчуулгаар оруулсан байх/
Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
Гадаад паспорт
Эрүүл мэндийн ерөнхий шинжилгээний бичиг 
Хэлний бэлтгэл төгссөн сертификат

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Цахим өргөдөл
Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2016 оны 9 сараас хойш өгсөн байх/
Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
Эрүүл мэндийн ерөнхий шинжилгээний бичиг
Хэлний бэлтгэл төгссөн сертификат
Гадаад паспорт

Гурав. Бүртгэл 

2018 оны 04 дүгээр сарын 6-наас 04 сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг А4 хэмжээгээр PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цагт Математик, 14:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах”цэсэнд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2018 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд: 

Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлагад орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 28, 29-ны өдөр зохион байгуулна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

#Scholarship #Romania #Teenagers