Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь $200,000-аас доош оюутнуудыг үнэгүй сургана


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-03-18

Харвардын их сургууль өрхийн жилийн орлого нь 200 мянган ам.доллароос доош оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Цагаан ордон болон хууль тогтоогчдын зүгээс АНУ-ын элит их сургуулиудыг дэндүү бага татвар төлж байна гэх дайралт нэмэгдсэн энэ үед Харвард ийнхүү хүртээмжээ сайжруулах алхам авч байна.

Санхүүгийн дэмжлэгийн энэхүү хөтөлбөрөөр өрхийн орлого нь 100 мянган ам.доллар болон түүнээс бага оюутнуудыг үнэгүй сургахаас гадна байр, хоол хүнсээр хангах бол 200 мянган ам.доллар хүртэлх өрхийн орлоготой оюутнуудыг зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлөх аж.

Хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн жилд эхлэх бөгөөд АНУ-ын нийт өрхүүдийн 86 хувь нь энэ дэмжлэгт хамрагдах боломжтой байхыг мэдэгдэлдээ дурджээ. Тус сургууль одоогоор 85 мянган ам.доллароос доош орлоготой өрхийн оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлж буй.

"Харвардыг санхүүгийн хувьд илүү олон хүмүүст ойртуулснаар манай бүх оюутнуудад үндэс суурь, туршлага, харах өнцөг тэлж, тэдний оюуны болон хувийн өсөлт хөгжлийг тэтгэх юм" хэмээн Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Алан Гербер өгүүлжээ.

Сүүлд Пеннсильванийн их сургууль, Массачусеттсийн Технологийн институт зэрэг сургууль дээрхтэй төстэй сургалтын төлбөрөөс чөлөөлөх  хөтөлбөрүүд зарлаад байсан юм. Өдгөө АНУ-ын элит гэх тодотголтой дийлэнх их сургуулиудын жилийн дундаж төлбөр 90 мянган ам.доллароос давж байгаа аж.

Б.Бат-Очир

#Харвард