СОНСОХ даалгаврыг амжилттай хийх 10 АРГА


Сондор | YOLO.MN
2018-05-11

Энэ жилийн ЭЕШ-ын Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалтын агуулгад сурагчийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд багтаж байгаа. Тиймээс СОНСОХ ДААЛГАВРЫГ САЙН ХИЙХ 10 ЗӨВЛӨГӨӨГ хүргэж байна.

ЗАВ Л ГАРВАЛ СОНС
Ингэж зөвлөдгийн учир нь сонсох дасгалыг сайн хий гэсэн үг юм. Утсан дээрээ өөрт хэрэгтэй сонсох даалгаварыг татаж аваарай (сонсох даалгавартай аппликэйшн ч байдаг). Хүн хүлээнгээ, автобусанд явангаа эсвэл унтахаасаа өмнө давтах гэж буй хэл дээрх харилцан яриа болон өгүүллэг сонсоорой.

ШИНЭ ҮГСИЙН САНГАА БАЯЖУУЛ
Чи үгсийн сан ядмагхан бол мянга хичээгээд ч өгүүлэгчийн юуны тухай ярьж байгааг ойлгохгүй юм. Тиймээс үгийн сангаа баяжуулж тухайн үг нь өгүүлбэрт орохдоо хэрхэн дуудагддаг зэргийг судалсан байх хэрэгтэй.

ЯРИХАА БОЛЬ
Мэдээж шалгалтан дээр ярих нь бага ч гэлээ юмыг яаж мэдэх вэ, чи хэн нэгэнтэй сэм ярилцах, өөр зүйлд сатаарахыг үгүйсгэхгүй юм. Тиймээс сонсож буй зүйлдээ л анхаарлаа хандуулж хэнтэй ч бүү ярь.

СОНСОХДОО Л БЭЛД
Маш тайван бай. Энэ үед чи сандралгүй болсон байх ёстой. Учир нь сандарсан үед төвлөрч чаддаггүй ба өгүүлэгчийн ярьж буй зүйлийн гол утга санааг бүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс сонсголын даалгаварт анхаарлаа хандуулж бусад зүйлсийн талаар бүү бод.

САТААРУУЛАХ ЗҮЙЛСЭЭС ХОЛ БАЙ
Өгүүлэгч ярьж байхад хөлөө салгануулж, цаас шажигнуулж, балаа дуугаргаж, хуруу хумсаа оролдож, цонх руу ширтэх хэрэггүй. Учир нь эдгээр нь хүний оюун бодлыг сатааруулж ойлгох чадварыг бууруулаад зогсохгүй чиний сандралыг улам нэмэгдүүлнэ. Зүгээр л нүдээ аниад төвлөрөхийг хичээгээрэй.

ӨГҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ШИНЖИЙГ АЖИГЛА
Өгүүлэгчийн сэтгэл хөдлөл буюу дуу хоолой баярласан гунигласан, уулга алдаж (эсвэл санаа алдаж) байгаа эсэхийг анзаарахад илүүдэхгүй. Мөн үгсийн дуудлагын өргөлт, эхлэл төгсгөл зэргийг сайн анхаараарай. Учир нь энэ нь чиний таамаглалыг улам бататгахад тустай.

ДОР БҮР НЬ ТЭМДЭГЛЭЖ АВ
Сонсох даалгаврыг нэгээс олон сонсговол чамд ойлгох маш их боломж байна гэсэн үг. Учир нь чи мэддэг үг болон ойлгож авсан зүйлсээ тэр дор нь ноорог цаасан дээр тэмдэглээд бай. Дараа нь тэдгээрийг холбож ерөнхий утга санааг гаргаж ирж болно.

ГОЛ САНААНД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ
Өгүүлэгч чухам юуны талаар яриад байгаад анхаарлаа хандуулаарай. Мэдэхгүй үг гарвал эсвэл ойлгоогүй зүйл байвал “Энэ чинь юу гэсэн үг билээ???” гэж бодохын оронд өөрийн мэддэг хэсэгт анхаарлаа хандуулж гол санааг олохыг хичээгээрэй.

ХЭН, ХЭЗЭЭ, ХААНА, ХЭРХЭН, ЯАГААД?
Аливаа үйл явдлын гол нь “Хэн, Хэзээ, Хаана, Хэрхэн, Яагаад?” гэсэн асуултын хариулт л байдаг. Тиймээс сонсох даалгавараас эдгээр асуултанд хариулт болохуйц зүйлсийг ойлгосон байхад чи гол утга санааг ойлгожээ гэсэн үг юм.

ТЕСТЭЭ БӨГЛӨХДӨӨ САЙТАР ТУНГААН БОД
Сонсох дасгалын дараа бөглөх (нөхөх) тестийн зарим нь эсрэг утгаар нь асуусан байдаг гэдгийг анхаараарай. Жишээ нь өгүүлэгчийн ярианд “Боб их сургуулийн оюутан” гэж яригдсан байхад бөглөх тестийн хэсэгт “Боб их сургуулийн оюутан болохыг хүсдэг” гэсэн хувилбар байхыг үгүйсгэхгүй. Харин энэ үед чи “Боб, оюутан, их сургууль” гэсэн үгийг хараад яарч шийдвэр гарган буруу хариуг сонгож тестийн зальд орж болохгүй юм. Тиймээс сайтар тунгаан бодоорой.

Шалгалтанд бэлтгэх зөвлөгөөг унших бол ЭНД
"ЭЕШ-д гаргадаг хамгийн түгээмэл АЛДАА" нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ