Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Миний өмнө нь нийлдэг байсан найзтай маань үерхдэг байсан юм
Сайн байна уу? Би 18 удахгүй хүрэх төгсөх ангийн сурагч. 10-р ангиасаа ангийнхаа хөвгүүнтэй найзалсан. Миний өмнө нь нийлдэг байсан найзтай маань үерхдэг байсан юм. Тэр нь түүний анхны хайр нь байсан байх. Түүнээс салснаасаа хойш сэтгэл санаагаар унаж, болж бүтэхгүй болгоныг хийж байсан удаатай. Анх үерхэхдээ би тийм ч их юм бодоогүй. Явцын дунд байнга л эксийнхээ сошиал хаягуудыг шалгаж, найзуудтайгаа ярьдгийг нь мэдсэн. Түүнтэйгээ маш дотноор харьцдаг бүр намайг хамт муулдаг гэдгийг нь ч мэдсэн. Мэдээж тийм зүйл хараад тэвчилгүй уурлахад шууд "салъя" гэсэн үгийг хэлж байсан.
Тэр үедээ салалгүй байнга л хэрүүл болгож байсан ч эксийнхээ хаягуудыг шалгахаа болиогүй. Больж болох талаар асуухад салъя л гэсэн үг сонсдог байлаа. Бүтэн 2 жил үерхсэн үерхлээ ганцхан сар үерхсэн охиноосоо болж намайг хаяж байгаад нь итгэж чадахгүй байна. Гэхдээ анхны хайр гэдэг ямар хүчтэйг л ойлгох шиг боллоо. Тэрний анхны хайр манай найз бол тэр миний анхны хайр. Би тэрний хувьд хэн ч биш байж болох ч тэр хүн намайг хичнээн зовоосон ч миний хувьд чухал хүн хэвээрээ л байх юм. Яах ёстой вэ? Өөрт нь надад ямар эрхэм хүн болохыг хэлсэн ч хоёр жил ямар утга учиртай байсанг хэлсэн ч зүгээр л хоёр тийш болъё гэж байгаа нь үнэхээр хэцүү байна. Зөвлөгөө өгөөч. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Хичээх тусам чамаас холдоод байвал өөрийгөө зовоох хэрэггүй шүү дээ
Сайн байна уу. Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь үнэхээр хэцүү мэдрэмж төрүүлж байгааг ойлголоо. Захианаас ажиглахад тэр хүү өмнөх харилцаагаа, түүнтэй холбоотой сэтгэл хөдлөлөө нэг тийш болгоогүй байж хоёр дах хүнтэй харилцаа үүсгэсэн мэт ажиглагдлаа. Эндээс чиний сурах зүйл бол хүн өмнөх харилцааны асуудлаа бүрэн шийдвэрлэж сэтгэл зүйгээ бэлдсэний дараа л дараагийн харилцааг үүсгэж байх хэрэгтэй гэдэг юм.
Харин одоо байдал нэгэнт ийм болсон, гэхдээ чи түүнийгээ алдахыг хүсэхгүй байвал хамгийн сайнаараа нэг удаа хичээгээд үзэж болох юм. Гэхдээ бүх зүйлээ зориулна гэсэн үг биш шүү. Бас тодорхой хугацаа зааж өгөөрэй. Магадгүй нэг сар л хичээнэ гэдэг ч юм уу. Түүнтэйгээ маш их сэтгэл хөдлөлийг бий болгох дурсамж бүтээж, цагийг илүү зугаатай хамт өнгөрүүлж болох юм. Харин үнэхээр тэр хүн хичээх тусам чамаас холдоод байвал өөрийгөө зовоох хэрэггүй шүү дээ.
Жинхэнэ хайр гэдэг нь хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлдэг ч байж болох юм. Гэтэл чи түүний хажууд өөрийнхөөрөө байж чадахгүй, бүр хичээгээд ч ахиц гарахгүй байвал зориг гаргаад энэ харилцаагаа дуусгах нь зөв. Тэр чиний анхны хайр учраас чамд хэцүү байгаа шиг магадгүй түүнд ч хэцүү байгааг ойлгохыг хичээгээд түүндээ боломж олгоорой. Энэ асуудлаас илүү чухал зүйлүүд чамд зөндөө байгаа шүү. Удахгүй сургуулиа ч төгсөнө, амжилттай суралцаж, ирээдүйдээ өөрийгөө чадварлаг нэгэн болгож төлөвшүүлж байгаа ямар ч хүнд боломж үргэлж гарт нь байдаг юмшүү.
Бидэнтэй ахин холбогдоорой. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
А.Одонтуяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх