Оюутны ШАТРЫН тэмцээнд МУИС баг түрүүлэв


Сондор | YOLO.MN
2018-03-27

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын 2018 оны тэмцээнийг МОСХ, Мон-Алтиус БТДС хамтран “Зууны шатар” клубд гурван өдрийн турш явуулж, 8 өрөг тоглон аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 22 нийт 58 тамирчид оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын арга хэмжээнд МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, Зууны шатар клубын захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нар оролцож үг хэлэн, тэмцээний шилдэг тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. 

Гурван өдрийн турш явагдсан уг тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар МУИС-ийн оюутан, Олон улсын мастер С.Билгүүн, 2 дугаар байрыг МУИС-ийн оюутан, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнар, 3 дугаар байрыг ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Б.Ариунбүүвэй нар тэргүүлэв.

Оюутны УАШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн оюутан, Олон улсын мастер Ү.Үүрийнтуяа, дэд байрыг ШУТИС-ийн оюутан, Дэлхийн шатрын холбооны дэд мастер М.Сарантуяа, 3 дугаар байрыг МУИС-ийн оюутан, спортын дэд мастер С.Жаргалмаа нар эзэллээ. 

Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байранд Б.Болд-эрдэнэ дасгалжуулагчтай, Олон улсын мастер Э.Энхнар ахлагчтай МУИС /20.5 оноо/, 2-р байранд Ч.Навчаа дасгалжуулагчтай, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Сумьяабаяр ахлагчтай ШУТИС /16 оноо/, 3-р байранд спортын дэд мастер Х.Баярхүү дасгалжуулагчтай АШУҮИС /14.5 оноо/ шалгарч 2018 оны оюутны УАШТ-ны шилдэг багуудаар тодорлоо. Тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй 4, эмэгтэй тамирчид 9 сарын 12-18-нд Бразилын Аракажу хотноо болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын 15 дугаар тэмцээнд оролцох эрхээ гардан авсан юм.

Дашрамд дурдахад Монголын оюутан шатрын тамирчид 10 удаагийн оюутны ДАШТ-д оролцон, тус тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 8 медаль хүртэж байсан ба энэхүү тэмцээн нь Монгол Улсад 2002 онд 7 дах удаагаа зохиогдож байсан юм. 









#Student #Chess