Дэлхийн шилдэг багш: Эхлээд хүүхдийн ИТГЭЛИЙГ ОЛ, бусад нь аяндаа бүтнэ


Сондор | YOLO.MN
2018-03-26

Лондон хотын баруун хойд зүгт орших Брент дүүргийн Элпертоны дунд сургуулийн багш Андриа Зафираку дэлхийн шилдэг багшаар шалгарчээ.

Багш нарын Нобелийн шагнал гэгддэг Дэлхийн Багшийн шагналын төлөө 30 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нар өрсөлдсөн ба багш нарыг сурагчдынх нь гаргаж буй ахиц дэвшил, ангиас гадуурх үйл ажиллагаанд гаргасан амжилт болон сурагчдаа хэрхэн “дэлхийн иргэн” болгоход бэлтгэж байна зэргээр нь шалгаруулдаг аж.

Өнгөрсөн долоо хоногт Дубай хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр Андриа  Зафиракуд Дэлхийн Багш шагналыг 1 сая ам. долларын хамт гардуулсан байна.

39 настай Андриа сургуульдаа дүрслэх урлаг, урлалын багшаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр Их Британийн амьжиргааны түвшин хамгийн доогуур гэр бүлүүдийн янз бүрийн үндэс угсаатай хүүхдүүдэд хичээл заадаг ба ядуу зүдүү амьдралын жишээтэй өдөр болгон таардаг талаараа, “Хүнд хэцүү амьдрал гэдэг нь 6 эсвэл 7 гэр бүл нэг байшинд хамтдаа амьдарч, ганц 00-ын өрөөгөө дундаа хэрэглэн, гал тогоондоо хоолоо ээлжилж хийхийг хэлнэ.

Нэг охин миний хичээлийг байнга тасалдаг байлаа л даа. Тэгээд би судлаад үзтэл тэдний гэр бүлийнх нь хоол хийх ээлж миний хичээлийн цагтай давхцаж байсныг олж мэдсэн. Тийм учраас л миний хичээлийг таслаад байдаг байж. Хүүхдүүд сургуульдаа ихэвчлэн өлсчихсөн, бохир заваан ирдэг.

Би тэдний хувцсыг угаалгын машинд угааж, тэдэнд өглөөний ундаар үнэгүй үйлчилдэг. Гэтэл гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл сургуулийн гадна тулаад ирчихсэн байдаг.” хэмээн ярьжээ.

Түүнээс одоогийнх нь сурагчдаас нь илүү сахилга баттай, дэг журам сайтай, идэвх санаачилгатай хүүхдүүдтэй ажиллахыг хүсч байгаа эсэхийг асуухад тэрээр гайхан, “Уйтгартай шүү дээ, би юмны учрыг тайлах дуртай.

Жишээ нь, би энэ хүүхэдтэй хэрхэн нөхөрсөг харьцаа тогтоох вэ? Тэдний итгэлийг яаж олж авах вэ, мөн тэдэнд хэрхэн туслах вэ? За, энэ арга бүтсэнгүй, одоо өөр ямар арга хэрэглэх вэ? гэсэн үйл явцад би дуртай. ” гэжээ.

Андриа урлагаар дамжуулж сурагчдынхаа бүтээлч чанар, өөртөө итгэх итгэлийг нээхийг хичээдэг ба гэрт нь зочилж, гэр бүлийнх нь амьдралын талаар судалдаг аж. Хүчирхийллээс хол байлгах үүднээс хичээлийн дараа тэрээр сурагчдаа биечлэн автобусанд суулгаж өгдөг аж.

Лондон хотын баруун хойд зүгт төрсөн, Грек-Кипр гаралтай Андриа нөхөр, хоёр охиныхоо хамт амьдардаг аж. Өглөө болгон 7:30-д ажил дээрээ ирж, аз нь таарвал 17:30 гээд ажлаасаа гарч, гэр лүүгээ харьдаг. Охидоо унтуулаад л дахиад л ажиллана. Тэрээр, “Би зурагт үздэггүй. Зочны өрөөндөө ч бараг ордоггүй. Өглөөний цайны үеэр ч би ажлаа хийсээр л байдаг. Орондоо ороод л нэг амардаг даа.” хэмээн ярьжээ.

Дэлхийн шилдэг багшийн шагнал болох 1 сая ам. долларын эзэн болсон багш дүрэм ёсоороо багшийнхаа ажлыг ирэх таван жилийн турш үргэлжлүүлэн хийх ёстой гэнэ.

Андриа Зафираку шагналынхаа мөнгийг сургуулийн орчинд болон Брент дүүрэгтээ урлаг, уран сайхныг сурталчлахад зориулахаар төлөвлөж байгаа ба Дэлхийн шилдэг багш гэсэн цолоо боловсролын салбарыг сайжруулах ажилд ашиглах талаар бодож байгаа гэнэ.

Түүнээс цаг хугацаагаар аялж, хүүхдүүдэд хичээл заасан анхны өдрөө очих боломж олдвол та өөртөө энэ ажлын тухай юу гэж хэлэх байсан бэ гэж асуухад тэрээр, “Хамгийн гол нь харилцаа тогтоох. Хичээл яг хөтөлбөрийн дагуу явж байна уу? Хичээлийн орчин бүрдсэн байна уу? гэж санаа зовохын оронд хамгийн түрүүнд харилцаа тогтоо. Хүүхдүүдтэй холбоо тогтоо, тэдний юу сонирхдгийг нь олж мэд.

Итгэлийг нь олж ав. Бусад нь аяндаа бүтнэ. Зарим багш өөрсдийгөө бүх зүйлийг мэддэг байх ёстой гэж боддог. Гэхдээ хүүхдүүдээр өөрсдөөр нь юм заалгах нь багш байхын хамгийн сайхан зүйл гэж би боддог юм.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: www.theguardian.com

#World #Best #Teaher