“Эмпати” сургуулиуд Кембрижийн хөтөлбөрөөр орон нутагт түүчээлнэ


Сондор | YOLO.MN
2018-03-26

Монгол Улсын боловсролын салбарт 24 жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн “Эмпати Ертөнц” компанийн харьяа сургуулиуд ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай болсныг Германы “Ewe Empathy Worldwide Education” компанийн гүйцэтгэх захирал Иосеф Функе мэдээллээ.

Улаанбаатар Эмпати, Дархан-Уул Эмпати, Орхон Эмпати, Баян-Өлгий Эмпати сургууль болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийг үүсгэн байгуулагч “Эмпати Ертөнц” компани 2017 оны 10-р сард нийт хувьцаагаа EWE компанид худалдсанаар цаашид тус сургуулиудыг Германы боловсролын байгууллага удирдан явуулахаар болж байна.

Сургуулиудад хийх хамгийн эхний томоохон өөрчлөлт нь Эрдэнэт, Дархан, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар дахь Эмпати сургуулиудад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд бэлтгэж ажил нь эхэлжээ.

Харин “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Кембрижийн хөтөлбөрөө хэвээр үргэлжлүүлэх бөгөөд сургуулийн байрыг сайжруулах судалгаа явуулж байгаа аж. Түүнчлэн Германаас багш нарыг урьж авчран сургуулиудад герман хэлний хичээлийг түлхүү заах, цаашлаад төгсөгчдийг Герман болон Европын их, дээд сургуулиудад сургах үүд хаалгыг нээнэ гэдгээ ноён Иосеф Функе тодотголоо. Ингээд түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Салбар сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдтэй уулзахад багш нарын ур чадвар болоод олгож буй боловсролд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийж байсан.

Сургуулийн үйл ажиллагаа маш сайн байгаа тул бид багш, ажилчдын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулах бодолгүй байна.

Монгол дахь Германы ЭСЯ, энд үйл ажиллагаа явуулж буй Германы боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах болсон.

Бидний зорилго бол Германы сургалтын системийг Монголын боловсролын системтэй уялдуулж, монгол, герман сурагчдын солилцоог бий болгох, сургуулийнхаа сурагчдыг Германд суралцах боломжийг нээж өгөх явдал.

Сургалтын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэж бодож байгаа гэсэн юм.

Эмпати сургуулиудад өнөөдрийн байдлаар 1600 гаруй хүүхэд сурч байгаагийн 600 гаруй нь дотуур байранд байрлаж байна. Мөн 340 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний 80 гаруй хувь нь монгол багш, ажилчид. Нийт гадаадын 70 багш ажиллаж буйн 50 хувь нь турк, 50 хувь нь АНУ, Орос, Герман, Энэтхэг, Филиппин, Нигер, Фижи, Бразил, Солонгос, Хятад, Япон, Малайз, Тайвань, Казахстан зэрэг орноос ажиллаж, дэлхийн 14 орны хүүхэд багачуудад олон улсын жишигт нийцсэн боловсрол олгож байна.   

Монгол Улсын боловсролын салбарт “Эмпати” сургуулиудын оруулж буй нэгэн үнэтэй хувь нэмэр нь орон нутагт байгуулсан сургуулиуд юм. Эдгээр сургууль нь дотуур байртай бөгөөд тухайн аймгаар тогтохгүй, бүс нутгийн бусад аймгийн оршин суугч, ард иргэдэд хүүхдүүддээ дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлэх боломжийг олгож ирсэн. Тэгвэл Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийд Кембрижийн хөтөлбөрөөр Эмпати сургуулиуд түүчээлэхээр болж байгаа нь орон нутгийн сурагчдад маш том боломж нээнэ гэж үзэж байгаагаа Германы төлөөлөгч онцолж байлаа.

#Ewe Empathy Worldwide Education #School