“Улаанбаатар Элит”-ийн сурагчид TOEFL Junior түвшний сорилоор багаараа тэргүүллээ


Үжин | YOLO.MN
2018-03-23

АНУ-ын Education Testing Service (ETS)-ээс Монгол Улсын 9 дунд сургуулийг сонгон,  11-15 насныхны англи хэлний түвшин тогтоох TOEFL Junior шалгалтыг амжилттай зохион байгуулсан юм. Мэдээлэл, технологийн шинэ эринд амьдарч буй өсвөр үеийнхний англи хэлний мэдлэгийн стандартыг шинэчлэн тогтоох зорилгоор туршилт болгон явуулж буй төслийн хүрээнд авсан уг TOEFL Junior шалгалтад манай улсаас “Сант”, “Сакура”, “Улаанбаатар Элит”, “Улаанбаатар Эмпати”, “Шинэ Монгол”, “Шинэ үе”, “Хобби”, МУИС-ийн “Байгаль” лицей болон Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит сургуулиуд хамрагдаж, 200 гаруй сурагч англи хэлний мэдлэг, чадвараа сорьжээ.

Тэдний дундаас “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль өндөр амжилт гарган, багаараа тэргүүлсэн байна. Тодруулбал, сонсох, унших, дүрэм гэсэн гурван хэсгээс бүрдсэн 200 асуулт бүхий 1 цаг 55 минут үргэлжлэх энэ сорилоос тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Оргил, 8 дугаар ангийн сурагч Ц.Өнөрбилэг нар хамгийн өндөр буюу 900 оноо авсан бол гурван сурагч 895 оноо авчээ. “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулиас TOEFL Junior шалгалтад нийт 17 сурагч оролцсоноос 16 нь “5” буюу хамгийн өндөр үнэлгээг авснаар ийнхүү багаараа Монгол Улсад тэргүүлжээ.

АНУ-ын Нью Жерси мужид төвтэй Education Testing Service(ETS), түүний Монгол дахь албан ёсны түнш байгууллага болох “Сантис” боловсролын төв, Англи хэлний хөтөлбөрийг магадлан итгэмжлэх холбоо (CELPA)-гоор дамжуулан TOEFL Junior шалгалтыг зохион байгуулж буй юм. Монгол сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд баталгаажуулан, сурах хүсэл зоригийг нь улам бадраах зорилготой энэ удаагийн шалгалтаас нийт дөрвөн сурагч 900 оноо авч, шалгалтаа 100 хувийн амжилттай гүйцэтгэжээ. Шалгалтын энэхүү оноо нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх аж.

Education Testing Service (ETS) төв нь их, дээд сургуульд элсэн орогчдод зориулсан TOEFL IBT, их дээд сургуулийн TOEFL ITP Англи хэлний хөтөлбөр, бага анги буюу 8-11 насныхны TOEFL Primary болон TOEFL Junior гэсэн дөрвөн ангиллаар англи хэлний мэдлэгийн шалгалтыг дэлхийн 108 улсад явуулж байна. Дэлхийн олон оронд явуулж буй TOEFL Junior шалгалтын үр дүнд тулгуурлан XXI зууны хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшинг шинэчлэн тогтоож, цаашлаад үүнд тохирсон хөтөлбөр боловсруулах зорилготой байгаа аж.

 

#TOEFLJunior #UBElite #School