Хүүхдүүдэд нь ээжийг нь, нөхөрт нь эхнэрийг нь, харин өөрт нь АМЬДРАЛ бэлэглэжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-03-21

Хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн эхний гуравт Эрүүл мэнд, Гэр бүл, Найз нөхөд байдаг хэмээн Careeraddict сайтад бичжээ. Үнэхээр ч энэ гурван зүйлийг сэвтүүлж орхивол эргэж хэзээ ч нөхөгддөггүй тухай сургамжит өгүүллэг хүртэл бий.

Ихэнх тохиолдолд өвчин бидэнд хэлж бус хийсэж ирдэг учраас Гэр бүл, Найз нөхдийн минь сэтгэлийг сэвтүүлэх том эрсдэл дагуулж байдаг. Харин хоёр, гурван сардаа нэг удаа бусдын төлөө өөрийн цагийг зориулдаг хүмүүс энэ аюулаас хамгаалах бамбай, хана хэрэм болдог тухай нэвтрүүлгийг хүргэж байна.

Хүн нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь аварч байдаг бөгөөд зөвхөн цус сэлбүүлж амь аврагдсан хүнээс гадна тэр хүний гэр бүл, найз нөхдийг нь хүртэл сэтгэлийн шаналалд унахаас нь хамгаалдаг буянтай аж.

Бидний бэлтгэсэн энэ удаагийн нэвтрүүлэгт өчигдөр нийтлэгдсэн "Барааг нь хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн буянаар би дахин амьдарсан" хэмээх ярилцлагын эзэн В.Аля хэмээх бүсгүй оролцсон юм.

Тэрээр төрөхийн хүндрэлээс болж цус сэлбүүлэх шаардлагатай болсон бөгөөд донор хүмүүсийн ачаар өнөөдөр нөхөр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Төрүүлж өсгөсөн эцэг, эх нь, дотнын сайн найзууд нь хүртэл түүнийг алдаагүйдээ өдөр тутам баярлаж явдаг.

Дараах бичлэгийг тоглуулж, бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзээрэй...

Бидний дунд яваа энгийн нэгэн хүн бусдын төлөө сэтгэлээ зориулж, цусаа бэлэглэснээр өнөөдөр зөвхөн В.Аля гэлтгүй түүний дотнын хүмүүс хүртэл аз жаргалтай амьдарч явна. Тэгэхээр танд зөвхөн гурван хүний амиас гадна, амьдралыг нь аврах хүч бий.

#GiveBlood #Health #Life