Шведийн нийслэл Стокгольм хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах 110 дахь удаагийн тэмцээн явагдаж байгаа билээ. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас олон тэмцээн уралдаан цуцлагдсан ч энэ жилийн хувьд энэхүү тэмцээн үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа юм.
Ингээд уг тэмцээний онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Эмэгтэй ганцаарчилсан болон спорт хосын богино үзүүлбэрийн онцлох үйл явдлаас дурдвал:
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчин Анна Щербакова 81.00, Японы Рика Кихира 79.08, Оросын Елизавета Туктамышева 78.86 оноотойгоор эхний гурван байрт эрэмбэлэгдсэн байна.
ОХУ-ын үндэсний аварга Анна Щербакова 3А буюу гурвалсан Axel хийгээгүй ч гүйцэтгэл цэвэр байсны дээр гурвалсан лутц-гурвалсан лүүп комбинацаар хамгийн өндөр оноог авсан. Тэмцээн үзэгчидгүй зохион байгуулагдаж байгаа нь ихээр сандаргаж байна гэсэн ч түүний үзүүлбэрээс сандарсан шинж огт ажиглагдсангүй.
Ердөө гурав хоногийн дараа 17 нас хүрэх Анна ОХУ-ын аварга цолыг сүүлийн гурван жил дараалан хүртээд байгаа төдийгүй өнгөрсөн улиралд хоёр ч Гран-Прид түрүүлсэн. Мөн нэг хөтөлбөрт хоёр удаа дөрвөлсөн лутц гүйцэтгэсэн гэдгээрээ түүхэнд бичигддэг маш амжилттай яваа залуу тамирчин юм.
Япон Улсын хоёр удаагийн үндэсний аварга Рика Кихира гурвалсан Axel бүхий хоёр эргэлттэй үсрэлт хийсэн ч бага зэрэг алдаа гаргаж тэргүүлэгчээс 1.92 онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байранд орлоо.
2015 оны дэлхийн аварга Туктамышевагийн хүчтэй гурвалсан эргэлт болон хосолсон үсрэлтийн ур чадвар нь эрс сайжирсан байгаа нь харагдлаа. Арванхоёрдугаар сард болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хойш тэрээр богино үзүүлбэрийн төрлийн ая болоод дэглэлтээ өөрчилжээ.
Харин спорт хосын богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн аварга БНХАУ-ын Суй Вэнь Цинь, Хан Цунь нар цолоо хамгаалж чадаагүй ч 77.62 оноотой хоёрдугаар байрт оров. ОХУ-ын Александра Бойкова, Дмитрий Козловский нар 80.16 оноогоор төрлөө тэргүүллээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимпийн хошой аварга, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Японы тамирчин Юзүрү Ханю болон дэлхийн хошой аварга “Quad king” гэгддэг АНУ-ын тамирчин Нейтэн Чен нарын хооронд алтан медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн явагдаж, Юзүрү Ханю 106.98 оноотойгоор тэргүүлсэн байна.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү ширүүн өрсөлдөөний үр дүнд шалгарсан уран гулгагчид Бээжингийн 2022 оны өвлийн олимпод оролцох эрхээ авах юм.
Эх сурвалж: NBC Sports
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх