Б.Золзаяа: Бусдын хүслээр бус өөрийнхөө төлөвлөгөөгөөр байгаарай


О.Дорж | YOLO.MN
2018-03-02

Бурханы бусдыг ялгалгүй тэгш тараасан цорын ганц зүйл бол цаг хугацаа. Та өнөөдөр ямар байна, таны маргааш яг л тийм л байна. Өнөөдөр хөдөлмөрлө маргааш манлайл гэдэг шүү дээ! Тэгвэл бид "Маргаашийн манлайлал" арга хэмжээг зохион байгуулагч мөн МУИС-ийн ротаракт клубийн ерөнхийлөгч Б.Золзаяатай ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргье. Та бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
- Сайн уу. Намайг Золзаяа гэдэг. "Шихи Хутуг" их сургуулийн Иргэн, Бизнесийн Эрх зүйн ангийн 4-р курсийн оюутан. Мөн МУИС Ротаракт олон улсын байгууллагын ерөнхийлөгч.

YOLO: МУИС ротаракт олон улсын байгууллагын тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач.
- Олон улсын Ротари хөтөлбөрийн харьяа 18-35 насны залуучуудын клуб юм. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 15 Ротаракт клуб байдгаас их сургуульд түшиглэсэн гурван клуб үйл ажиллагаа явуулдаг. Манай МУИС Ротаракт клуб бол Монгол улсын болон хувийн сургуулиудын бүх оюутанууд байдаг өргөн хүрээний том клуб юм.

YOLO:Одоогийн байдлаар МУИС Ротаракт клуб ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- МУИС Ротаракт клуб нь нийгэмдээ хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Одоогоор 3-р сарын 4-нд Маргаашийн Манлайлал арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

YOLO: "Маргаашийн манлайлал" арга хэмжээний тухай бидэнд дэлгэрэнгүй яриач?
Уг арга хэмжээ нь залуучуудын боловсролд чиглэсэн илтгэл хэлэлцүүлэг, Дэлхийд өрсөлдөх Монгол ухаан боловсролын үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэл явуулдаг старт-ап байгууллагуудын үзэсгэлэн гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа бөгөөд хамгийн гоё нь 6 хэлний 8 азтанг бид таксны дугаараар тодруулах юм.

YOLO:Зохион байгуулах баг хамт олноо хэрхэн сонгодог вэ? Мөн зохион байгуулахад ямар хүндрэлүүд гарч байсан бэ?
- "Маргаашийн Манлайлал-1" арга хэмжээгээ зохион байгуулсны дараа хоёр дах арга хэмжээгээ зохиохдоо сайн дурын ажилтныг анкетаар бүртгэж, сонгож авсан. 500 гаруй залуучууд анкет бөгөлснөөс 40 залуусыг авсан.

Хүндрэл гээд байхаар зүйлгүй дажгүй ээ. Манай 40 залуус, мөн ротаракт клубийн 60 гишүүд нар маань миний хувьд хамгийн үнэ цэнэтэй, хамгийн чухал нь. Гол нь шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх гэдэг бол жоохон хэцүү байдаг ч бүх зүйл дээр олон талаас нь дүгнэж, боддог бас их мундаг, чадварлаг залуус байдаг учраас хүндрэл байдаггүй ээ.    


YOLO: "Маргаашийн манлайлал" арга хэмжээ бусад арга хэмжээнээс юугаараа ялгаатай гэж та бодож байна ?
- Манай арга хэмжээ түрүүн хэлсэнчлэн хэлний сургалтын төвд 100 хувь үнэгүй суралцах эрхийг азтан тодруулах юм. Үүнд, Англи хэл, Герман хэл, Хятад хэл, Япон хэл, Орос хэл, Испани хэл, мөн дунд сургуулийн хичээлийн сургалтанд хамрагдах эрхийн азтан бас тодруулна. Мөн 3 сая төгрөгний Солонгос улсын шилдэг их, дээд сургуульд зуучлах 100% үнэгүй эрхийн бичгийг нэг азтанд өгнө. Нэг ёсондоо  хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийг мэдлэг, мэдээллээр бөмбөгдөнө. Бүтэн өдрийг өөрийн боловсролд хөрөнгө оруулах залуус бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

YOLO: Өмнөх арга хэмжээний хувьд илтгэгчид нь маш их анхаарал татсан шүү дээ! Тэгвэл илтгэгчдээ хэрхэн сонгодог вэ?
- "Маргаашийн Манлайлал-1" арга хэмжээ 700 гаруй залуучууд мөн хөдөө орон нутгийн залуус, ажилчдад хүрсэн маш том арга хэмжээ болсон. Илтгэгчийн хувьд бол залуучуудаас судалгаа авч, судалгааны үндсэн дээр илтгэгч нартайгаа холбогддог.

YOLO: Манлайлагч хүн гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?
- Буруу биш зөв гаргасан үйлдэл нь бусад хүмүүст сайнаар нөлөөлж байгаа хүнийг хэлнэ.  

YOLO: Урьд нь хийж байсан сайн дурын ажлуудаасаа бидэнд сонирхуулаач?
- Би 9,10-р ангидаа асрамжийн газрын хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Сампин, англи хэл мөн гэрийн даалгаварт нь тусалдаг байсан. Хүүхдүүд асрамжийн газар их очиж чихэр, жимс өгдөг тэрнээс илүү хичээлд нь их туслах хэрэгтэй байдаг юм шиг санагддаг шүү.

Мөн зургаа дахь жилдээ мод тарьж байна. Түүнээс гадна 2013 онд Ази номхон далайн байгаль хамгааллын залуучуудын чуулганд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Хавдар судлалын үндэсний төвд хими эмчилгээний өрөөг олон улсын стандартын дагуу тохижуулах төслийг санаачлан, хөрөнгө босгох үйл ажиллагааг явуулж, удахгүй хүлээлгэж өгнө. Ер нь өөр өөр салбарт олон төрлийн ажлууд хийдэг. Маш их зүйлийг судалж, сурч, мэдэж авдаг шүү. smiley


Хүн бүрт адилхан олгогддог 24 цагийг хий дэмий бүү өнгөрүүл.

Б.Золзаяа


YOLO: Таны хамгийн анхны сайн дурын ажил юу байсан бэ?
- Хамгийн анх 9-р ангиасаа хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн. Анхных гэвэл хог цэвэрлэх ажлыг олныг хамруулан нилээн далайцтай хийж байлаа.

YOLO: Ази номхон далайн байгаль хамгааллын чуулганд анхлан Монгол улсаа төлөөлөн төлөөлөгчөөр очиж байсан байна шүү дээ. Энэ тухайгаа бидэнд сонирхуулаач.
- НҮБ-с зохион байгуулдаг уг чуулганд 2013 онд Монгол улс оролцох эрхээ авч байсан. Тэр үед улсаа төлөөлөн 4 хүүхэд оролцож байсан. Өөрсдийн анкет, CV-гээ явуултал тэнцсэн. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдол, усны бохирдол, ядуурал гэх мэт сэдвийн хүрээнд орон орны хүүхдүүд нэг баг болж төслйин санаа гаргаж, байгаль хамгааллын талаар нэгдэж байсан. Би тэр үед Солонгос, Непаль, Хятад, Казакстан зэрэг орнуудын хүүхдүүдтэй нэг баг болж байсан.

Одоо хүртэл холбоотой байдаг. Мөн ирэх намраас Залуучуудын байгаль хамгаалах чуулганыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

YOLO: Танд нийгмийн ажлаас гадна өөр ямар нэгэн сонирхол, хобби бий юу?
- Буудлагын спортонд маш их сонирхолтой, бас хүмүүстэй ярилцах миний хобби. Хүмүүсийн үзэл бодлоор аялах, суралцах их дуртай шүү хэхэ.

YOLO: Одоо та төгсөх курсын оюутан юм байна шүү дээ. Яаж ийм олон зүйлийг амжуулдаг вэ?
- Амралтын өдрүүдэд ирэх долоо хоногт хийх өөрийн төлөвлөгөө гаргадаг. Ер нь бусдын төлөвлөгөөгөөр бус өөрийн төлөвлөгөөгөөр байдаг.

YOLO: Маргаашийн манлайлагч залуучуудад зориулж та юу гэж хэлмээр байна ?
- Маргаашийн эхлэл өнөөдөр. Тиймээс хийж байгаа зүйлээ хойш тавилгүй, хүн болгонд адилхан заяасан өнөөдрийн 24 цагийг хий дэмий өнгөрүүлэлгүй, өдөр бүр хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай.

YOLO: Ярилцсанд баярлалаа.


#МаргаашийнМанлайлал #Festival