Намар цагийн аясыг мэдрэх шүлэглэлүүд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-09-18

Намар цаг хаяанд ирж, шаргал навчсын өнгөөр нүдээ баясгах өдрүүд биднийг угтаж байна. Тиймээс уншигч таньд намрын шаргал навчистай хоршуулан хайр, харуусал, халуун дулаан мэдрэмжийг дагуулах шүлэглэлүүдийг хүргэе.

Яруу найрагч Л.Өлзийтөгс “Моддын дээр цас орно”

Өнгө нь хувирсан сүүлчийн навчис

Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу

Агуу их нам гүн, цас

Агуу их амьдрал, нулимс

Агуу их үхэл, намар

Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно

Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө

Навчис шиг тасран одож буй тэдний төлөө

Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдрийнх, зуных

Моддын дээр цас орно

Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл

Хачин нам гүн цас моддын дээр

Агуу их үхэл, намар...

Яруу найрагч Г.Аюурзана “Миний мэдэх намар”

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ

Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт

Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ?

Чиний тухай бодлуудыг минь намрыг салхи холоо хийсгэж

Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна

Яг далайн давлагаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж

Ямар их гуниг вэ намар минь чамайг өрөвднөм

Б.Ичинхорлоо “Зуун намар”

Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй

Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхүй

Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд

Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй

Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш

Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно

Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд

Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно

Зуун намар, зуун намар

Яруу найрагч Б.Лхагвасүрэн “Намар”

Навч минь би чиний

Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?

Намрын бороонд хамтдаа даарч хонох

Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч

Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод

Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье

Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж

Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье зөвшөөрөөч.

#намар #шүлэг