Эрдэмтэд ИЖИЛ ХҮЙСТЭЙ хоёр хулганаас зулзага төрүүлжээ


М.Тэнгис | YOLO.MN
2018-10-14

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хийсэн туршилтын үр дүнд хоёр эм хүйсний хулганаас зулзага төрсөн тохиолдол гарлаа.

Энэхүү тэмдэглүүштэй нээлт нь нөхөн үржихүйн болон генетикийн шинжлэх ухааны суурь ойлголтыг ганхахад хүргэсэн явдал болов. Судлаачдын хэлж буйгаар “биматернал” буюу хоёр ээжээс төрсөн тэрхүү зулзага эрүүл саруул бойжиж, цаашид өөрсдөө нөхөн үржих бүрэн чадвартай байгаа аж.

Харин хоёр эцэг хулгана дээр хийсэн туршилт үр дүнгийн хувьд ялгаатай байсан  агаад, тодруулбал зулзага амжилттай, эрүүл саруул төрж чадсан хэдий ч хоёр өдрийн дотор үхсэн юм байна.

Ийнхүү судлаачдын хувьд “бид яах гэж нөхөн үржихүйн үйлдэл хийдэг юм бэ?” гэсэн асуултын хариултыг эрэх нь идэвхий боллоо. Хүмүүс биднийг оролцуулаад бүх сүүгээр бойжигч амьтад хурьцаж нөхөн үрждэг. Эцгээс эр бэлгийн эс болох сперм, эхээс эм бэлгийн өндгөн эс хоёр нийлэн үр тогтдог байгалийн жам бий. Гэвч байгаль дээрх бусад амьд амьтдын хувьд нэгэн ижил дүрмээр тоглохгүй байх нь олонтаа; зарим эм загас, мөлхөгч, хоёр нутагтан, шувууд нэгэн биеийн үржил явуулж чаддаг. Энэ нь хамтрагч амьтны шаардлагагүйгээр өөрийн өндгөн эсээс үржил явуулах партеногенез гэх үржлийн хэлбэр юм.

Хятадын эрдэмтийн гол зорилго нь ижил хүйсний эцэг эхээс зулзага төрүүлэхийн тулд нөхөн үржихүйн тогтсон суурь ойлголтыг үгүйсгэх хэрэгтэй болж байгааг тогтоох явдал аж.

“Тийм ээ, энэ үнэхээр сонирхолтой судалгааны ажил... Тэд биднийг цацагт хяруул болохын тулд юу хийх хэрэгтэйг тодорхой болгохоор ажиллаж байна” хэмээн Фрэнсис Крик Институтын профессор Робин Ловел-Биж хэлжээ. (Тийм ээ, цацагт хяруулууд ч мөн дангаараа үржиж чадна.)

Туршилт эм хүйсний хоёр хулгана дээр илүү хялбар явагдсан аж. Эрдэмтэд нэг хулганаас өндгөн эсийг нь, нөгөө хулганаас нь ДНХ-ийн гаплоид (дан) бүрдэлтэй өвөрмөц нөхөн үржихүйн эсийг ялган авч хооронд нь үр тогтоосон байна. Гэвч хоёр эсийг зөвхөн хооронд нь нийлүүлэх төдийд туршилтын үйл явц хангалтгүй бөгөөд хоёр эсийн генетикийн мэдээллийг тохируулахын тулд эрдэмтэд генийн инженерчлэлийн аргаар гурван хос генийн мэдээллийг ДНХ-ээс тастаж авсан байна.

Бид хулгана биш хэдий ч, тэдний адил нэг хүйсний хамтрагчийн оролцоотой хүүхэд төрүүлэх цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж буйгаа дэлхийн олонхи эрдэмтэд илэрхийлж байна. Аукландын их сургуулийн доктор Тереза Холм тэр цаг үе урт хугацааны дараа ирнэ гэж үзэж байгаа ажээ. “Энэхүү судалгаа цаашид ижил хүйсний хамтрагчид эрүүл саруул хүүхэд төрүүлж, нөхөн үрждэг болох замыг тавьж байна гэхэд хилсдэхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Гэвч тухайн төрсөн хүүхэд бие махбодийн болоод сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэвийн байж чадах эсэхийг нэг мөр батлахаас нааш энэхүү нээлт олон нийтийн амьдралд нэвтрэх боломжгүй юм. Зарим эрдэмтэн зулзган хулгануудыг зуун хувь “асуудалгүй” төрсөн гэдэгт эргэлзэж байгаа аж.

Эх сурвалж: www.scmp.com

#Science