Үндэсний аваргын цувралыг ДАЙЧИД тэргүүлж эхэллээ


Сондор | YOLO.MN
2018-03-01

MNBA Үндэсний лигийн аваргийн төлөөх цувралын тав дахь тоглолт МҮЭСТО-нд боллоо. Ховд Шонхорууд  болон  Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын цувралын эхний дөрвөн тоглолт маш өрсөлдөөнтэй болж цуврал 2-2 болон тэнцээд байлаа.

Цувралын тав дахь тоглолтод техникийн алдааны улмаас Шонхоруудын залуу тоглогч Б.Баярсүрэн оролцоогүй бол Дайчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тулаанд бэлэн болсон байлаа. Тоглолтын эхлэлийг Шонхорууд илүү хийж 12 оноогоор тэргүүлж байсан ч удаан хугацаанд давамгай байдлаа хадгалж чадалгүй эхний үе 20-19-н харьцаатай  ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн юм.

Харин хоёрдугаар үед Архангай аймгийн тоглогчид гайхалтай байж 10 онооны давамгай байдлыг үүсгэсэн ч бас л Шонхорууд хариу цохилт хийж оноог гурав болгож ойртуулсан эхний хагас тэнцүү өндөрлөсөн юм.  Харин Дайчид баг тоглолтын гуравдугаар үед довтолгоон дээр төгс байж 36 оноог авснаар тоглолтын шийдвэрлэх үе 80-63 харьцаатай Дайчидын илүүрхэлтэй эхэлсэн юм.

Улмаар давуу байдлаа дөрөвдүгээр үеийн турш хадгалж чадснаар 106-83-аар Дайчид баг хожил байгууллаа. Энэ тоглолтод О.Энхбаатар 18 оноо, 8 самбар, 2 оновчтой дамжуулалт өгсөн бол  ОУХМ Г.Баттөр 17 оноо,  8 оновчтой дамжуулалт,  ОУХМ Б.Билгүүн 14 оноо авлаа. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young  24 оноо, 5 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр  18 оноо, 10 самбар авлаа.

Энэ  тоглолтод  Дайчид багийн бөмбөгний шилжилт сайн байж 32 оновчтой дамжуулалтыг багаараа өгсөн бөгөөд холын зайн  шидэлтүүдээ  46 хувьтай гүйцэтгэсэн байна. Ийнхүү эхний хоёр тоглолтод ялагдсан Дайчид гурав дараалан хожиж том давуу талыг үүсгэлээ. Дашрамд дурдахад цувралд түрүүлж дөрөв хожсон баг Үндэсний аварга болох билээ. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт ирэх Бямба гарагт МҮЭСТ ордонд 20 цагаас явагдах юм. Мөн энэ тоглолтын өмнө 18 цагаас  Үндэсний лигийн хүрэл медалын төлөөх Төв аймаг болон Сүхбаатар Альянс Тех багуудын тоглолт явагдана.











#MNBA #Basketball