Н.Мөнхшүр, Н.Энхшүр: Зан чанарын хувьд ялгаатай ч бидний МӨРӨӨДӨЛ нэг


“Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүй”, “Тууштай бай, шантралаар өөрийгөө хязгаарлаж болохгүй шүү” гэх үгсийг бодож өөрөө өөрсдийгөө зоригжуулж, БИЕ БИЕДЭЭ УРАМ ӨГДӨГ.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр

Монгол хүн Гиннесийн амжилтыг эвдсэнийг дуулах үнэхээр гайхалтай. Тэр дундаа оюуны спортоор дэлхийн олон залуусыг манлайлсан өсвөр насны ихэр охины тухай сонсох үнэхээр бахархам үйл явдал билээ.

Магадгүй та бүхэн энэ хоёр охины тухай хаа нэгтэйгээс олж дуулсан байх, бас тэдний авьяас чадварын талаар багагүй зүйлийг мэдэж байгаа гэж итгэж байна. Тиймээс  өнөөдрийн ярилцлагаараа ихэр охидынхоо хувь хүн талаас нь харуулахыг илүү зорилоо.

Одоо Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр маань Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд завгүй үед нь бичгээр ярилцах боломж олдож, энэхүү ярилцлагыг бэлтгэсэн юм.


YOLO: Дэлхийн хэмжээний рекордыг эгч, дүү хоёр дарааллаж эвдэнэ гэдэг их ховор тохиолдол. Тэр үед мэдрэгдэж байсан мэдрэмжээсээ хуваалцаач.
Энхшүр: Бид 30 минутад цифр цээжилдэг буюу хоёртын тооллын төрөлд дэлхийн рекордыг дараалан эвдсэн. Шүүгчид нэг айлын хоёр охин ийм амжилт үзүүлсэнд гайхаж, оноог танилцуулахаас өмнө бид хоёрыг дахин шалгасан. Дараа нь хүлээн зөвшөөрч, дэлхийн рекорд шинэчилснийг маань зарласан. Яг энэ төрлийн эхний гурван байрыг Монголчууд эзэлж “Mongolia” гэж зарлахыг сонсох үнэхээр сайхан байсан.
Мөнхшүр: Тиймээ. Энэхүү рекордыг Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжлэн  эзэмшиж байсныг би 5325 цифр болгож  эвдсэн ч ихэр маань 5445 цифрийг цээжилснээр энэ төрлийн дэлхийн рекордыг эзэмшихээр болсон.

YOLO: Та хоёр үнэхээр усны дусал шиг адилхан юмаа. Гадаад төрхөөрөө адилхан хэдий ч өөр өөрсдийн өвөрмөц, ялгаатай зан чанарууд гэж байгаа байх?
Мөнхшүр: Гадна төрхөөрөө адилхан хэдий ч зан чанар, аливаа зүйлд хандах хандлага гээд өөр зүйлс ихэр хүн бүрд байдаг. Миний хувьд аливаа зүйлийг  хурдан, шаламгай гүйцэтгэдэг бол ихэр маань их хянамгай , ул суурьтай ханддаг.
Энхшүр: Зан чанарын хувьд ялгаатай ч бидний хүсэл зорилго, мөрөөдөл нэг.

YOLO: Хүний нутагт гэрээсээ хол, удаан хугацаагаар байхад хэр байна вэ? Мэдээж хоёулаа байгаа болохоор гайгүй байгаа юу?
Мөнхшүр: Дөнгөж оюутан болоод хүний нутагт сурахаар явна гэдэг анхандаа хэцүү байсан ч одоо бол дассан. Шинэ орчин, шинэ хүрээлэлд орж ирээд илүү их хичээнгүйлэн суралцахаар шамдаж байна.
Энхшүр: Тиймээ. Хамтдаа байгаа болохоор орчиндоо амархан дассан.



YOLO: Ихэр байхад олон хөгжилтэй зүйлс тохиолддог байх. Тохиолдож байсан хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцвал?
Мөнхшүр: Өөр өөр ангид сурдаг болохоор ангийн хүүхдүүд маш их андуурдаг. Анх ихэр гэдгийг маань мэдээгүй ангийн маань хүүхэд "Өглөө хүн мэндлээд байхад яагаад танихгүй хүн шиг царайлаад явчхаж байгаа юм бэ?" гэж асууж байсан. Одоо бол хүүхдүүд заавал нэрийг маань асууж байж ярьдаг.

YOLO: Чөлөөт цаг хэр их гардаг вэ? Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?
Энхшүр: Чөлөөт цаг бараг байдаггүй. Хичээл, давтлага, бэлтгэл гэх мэтчилэн өдөр бүр завгүй өнгөрдөг дөө.

YOLO: Ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдлөөсөө хуваалцаач.
Мөнхшүр: Оюуны спортдоо амжилтаа ахиулахын зэрэгцээ хичээнгүйлэн суралцах болно.
Энхшүр: Мөн адил. Амжилтаа ахиулж, улам их мэдлэг боловсрол эзэмшихийг хүсч байна.

YOLO: ЕБС-д байх үедээ ямар хичээлдээ сайн байсан бэ?
Мөнхшүр:
Монгол хэл, Англи хэл, Хятад хэл, Түүх гэх мэт хичээлүүддээ сайн байсан. Дургүй хичээл, энэ хичээлдээ муу гээд  тухайн хичээлийг хаях биш өөртөө дуртай хичээл болгохын тулд бүх л хичээлийг шамдан суралцдаг байсан.
Энхшүр: Тиймээ. Бүх хичээлдээ дуртай байсан. Тэр дундаас Монгол хэл, Англи хэл, Хятад хэл,  Нийгмийн ухаан, Биологи зэрэг хичээлүүддээ сайн байсан.
 



YOLO: Шантрах, сэтгэлээр унасан үедээ юунаас урам зориг авдаг вэ?
Энхшүр: Гэр бүлийнхэн болон багш нарынхаа хэлдэг “Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүй”, “Тууштай бай, шантралаар өөрийгөө хязгаарлаж болохгүй шүү” гэх үгсийг бодож өөрөө өөрсдийгөө зоригжуулж, бие биендээ урам өгдөг.

YOLO: Мөнхшүрийг унтаж бай гэж хэлчхээд Энхшүр гал тогооны өрөөндөө бэлтгэлээ хийж байсан гэж сонссон юм. Та хоёр эгч дүүс, найзууд ч гэлээ өрсөлдөгчид байх үе нь олон уу?
Мөнхшүр: Ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд анхныхаа тэмцээнд орохоос өмнө ийм хөгжилтэй зүйл тохиолдож байсан. Тухайн үед би ихэртээ уурлаад “Яагаад сэрээгээгүй юм бэ?” гэхэд “Одоо өрсөлддөг цаг” гэж хариулж билээ. Энэ үйл явдлыг бодохоор үнэхээр инээдтэй санагддаг.
Энхшүр: Бэлтгэлийн хувьд өрсөлддөг ч гэсэн тэмцээний үед хэн хэн маань амжилт гаргаасай гэж маш их хүсдэг. Бие биенийгээ үргэлж дэмжиж, урам зориг өгдөг.

YOLO: Өвлийн амралтаараа ирээд одоо буцах гэж байгаа гэж сонссон. Амралтаа хэр өнгөрүүлэв?
Энхшүр: Зуслан, хөдөө амрахын зэрэгцээ хэд хэдэн телевиз, радио, сайтад ярилцлага өгч амжилтынхаа талаар хуваалцсан. Амралтын өдрүүд үнэхээр хурдан өнгөрлөө.

YOLO: Та хоёр одоо хятад хэл сурч байгаа шүү дээ. Хэл сурахад ой тогтоолтын спортыг хэрхэн холбож болох вэ?
Мөнхшүр: Хэл сурахад ой тогтоолтынхоо аргуудыг ашигладаг. Үнэхээр их тус дэм болдог. Үг цээжлэхдээ тухайн гадаад үгийн ойролцоо дуудлага, төстэй монгол үгээр орлуулж, холбож цээжилбэл илүү сайн тогтоогддог. Ханз, сэдэв, дүрэм гээд цээжлэх хэрэгтэй зүйл гарахад хялбархан цээжилчихдэг.




#Mind #Sport #Interview