"ЗАЛУУ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР"-ийн бүртгэл эхэллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-23

"Зориг" сангаас санаачлан хэрэгжүүлдэг "Залуу Манлайлал Хөтөлбөр" нь 2003 оноос хойш 15 дахь жилдээ хэрэгжиж буй бөгөөд хөтөлбөрийн оролцогчид нийгэмд чиглэсэн богино хугацааны төслүүдийг санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Уг хөтөлбөрийн 2018 оны оролцогчдоос бүрдсэн төслийн багаас Ерөнхий Боловсролын Сургуулийн 11-р ангийн сурагчдын хувь хүний хөгжил, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, цаашлаад сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун, чадварлаг залуучуудыг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "Залуу Дадлагажигч Хөтөлбөр"-ийг 2018 оны 3-р сарын 17-ны өдрөөс 5-р сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд шалгарсан сурагчдад хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, сонирхсон мэргэжлээрээ томоохон компаниудад богино хугацааны дадлага хийлгэх боломжийг олгох хөтөлбөр юм.

Тавигдах шаардлага:

  • ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх
  • Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын туршид  зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
  • Хамт олноо манлайлагч, цаашид сурч хөгжих хүсэл сонирхолтой байх
  • Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзлэлтэй байх

Хөтөлбөрийн шаардлага хангасан сурагчид анкетыг онлайнаар буюу ЭНД дарж бөглөж илгээх ба хөтөлбөрийн анкет хүлээж авах сүүлийн хугацаа 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 00:00 цагт дуусна.
Тус хөтөлбөрт нийт 20 сурагч шалгаран оролцох боломжтой юм.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Junior internship program-2018" https://www.facebook.com/Junior-Internship-Program-2018-147271695959149/  фэйсбүүк хуудас болон 89116595 дугаараас лавлаарай.   

#ZorigFoundation #Internship #Program