Манай улсад ч граффити урлаг тун эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлчид хэсэг бүлгээрээ нэгдэн уран бүтээлээ туурвих болсон. Цаашдаа ч граффити зураачдын будаг шүрших чимээ зогсолтгүй үргэлжилж, улам бүр гүн утга, уран ажиллагаатай бүтээлүүд олшрох биз ээ.
Энэхүү урлагийг Монголд анх дэлгэрэхэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч С.Амгалантай YOLO.mn ярилцлаа.
YOLO: Өнгө, өнцөг, үсгийн өрөлт. Граффити зургийн энэ бүх зүйлүүд хүний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Хэзээнээс эхэлж граффити зурж эхэлсэн бэ?
Сурагч байхдаа буюу анх 1997 оны үеэс зурж эхэлсэн. Тухайн үед Монголд хип хоп хөгжмийн урсгал хүчтэй нэвтэрч байсан үе. Хип хоп урсгалын нэг хэсэг граффити гэж байдаг юм гэж анх сонирхож эхэлсэн. Түүнээс өмнө Германыг хоёр хэсэгт заагласан Берлиний хана дээр зурсан граффити зургуудыг хараад сонирхох болсон.
YOLO: Граффити зураачдын ихэнх нь өөрсдийн жинхэнэ нэрийг нууцалдаг. Таны уран бүтээлийн нэр хэн бэ?
Миний уран бүтээлийн нэр ANZ. Гурван үгний товчлол байгаа юм. Тэр гурван үгийн хүмүүст хэлээд байдаггүй юм. Хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Гадаадын томоохон граффити зураачид насан туршдаа жинхэнэ нэрээ нууцалсан нь ч бий. Барууны орнуудад олонд танигдаад ирэхээр нэрээ урвуугаар нь сольдог юм байна лээ. Жишээлбэл ZNA гэх мэтчилэн.
YOLO: Граффити зурахад суралцдаг уу эсвэл төрөлхийн авьяас уу?
Заавал граффити зураач биш дүрслэх урлагийн бүх чиглэл дээр тухайн хүнд эхлээд авьяас байдаг гэж боддог. Тэр хүний аливаа юмыг мэдэрч буй мэдрэмж нь суурь болж өгдөг. Нэг юмыг олон давтаад хийгээд байхаар гаршаад яавал илүү сайн хийх вэ гэж боддог. Тэгэхээр эхлээд мэдрэмж, дараа нь дадал гэдэг зүйл байх юм бол илүү сайн бүтээлүүд гарна гэж боддог.
YOLO: Стрийт арт уран бүтээлчид болон граффити зураачид чөлөөт уран бүтээлч хүмүүс шүү дээ. Санаагаа хаанаас олдог вэ?
Миний хувьд хамгийн гол нь мэдрэмж чухал гэж бодож байна. Онцгой мэдрэмжүүдээ санаа болгон илэрхийлдэг.
YOLO: Та багшаар ажилладаг гэж сонссон. Граффити зурах цаг зав хэр гарч байна вэ?
Би архитектур мэргэжилтэй. Одоо ШУТИС-д багшилдаг. Ажлын цаг заваасаа шалтгаалан граффити байнга зурж чаддаггүй. Гэхдээ онгод орно гэж ярьдаг шдээ. Үүнтэй адил мэдрэмж төрөөд, зурмаар байгаа үедээ зурдаг.
YOLO: Граффити зураачид өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг гэж сонсож байсан юм байна. Харин таны бүтээлийг хараад шууд таних тийм онцлог шинж тэмдэг байгаа юу?
Би стрийт артаас илүүтэй граффити зурах дуртай. Граффити гэдэг нь үсгийг татлан бичих, сийлбэрлэх гэх мэт төрөл бүрийн аргаар ханан дээр бичсэнийг хэлж байгаа юм. Тэр дундаа нэг биш аль болох олон төрөл загвараар бичихийг хүсдэг. Ганцхан нэг хэлбэр дүрсийг давтаад байдаггүй, нэг хэв маягт баригддаггүй нь миний загвар, стиль байж болох юм.
YOLO: Граффити зургийг дурын хүн болгон тайлж уншихад хэцүү байдаг. Яагаад заавал ингээд мушгирсан, хүн уншихад хэцүү тийм шрифтээр бичдэг юм бол?
Граффити зураг урлагийн нэг хэлбэр учир аль болох гоёор дүрслэх, дамжуулахыг бодно. Хэлбэр, дүрс дотроо муухай, гоё гэсэн янз бүр байдаг. Хүн харахаар хүн тайлж уншихааргүйгээр эрээн мяраанаар зурсан байгаа юм шиг санагддаг. Гэтэл хэлбэр, дүрсийн хамгийн гоёыг нь хайгаад сайжруулаад байгаа үйл явц юм.
YOLO: Граффити зургуудыг харж байхад хуучин барилгууд дээр их харагддаг. Нийслэлд л гэхэд Нарны зам, Сансрын туннелийн хана гэх жишээний. Граффити зураачид хэзээ ч хотын шинэ бүтээн байгуулалтад гар дүрдэггүй. Харин ч өнгө алдсан, хуучирсан барилгын ханан дээр зураг зурдаг гэж сонсож байсан юм байна.
Граффити, стрийт арт бүтээлчид өөрсдийн мэдрэмж, бүтээлээ бусадтай хуваалцах талбар нь хотын орон зай. Үзэсгэлэнгийн танхим нь өөрөө хотын гудамж талбай болж өгч байгаа юм. Тиймээс хуучин, орхигдсон барилга байгууламжид ихэнхдээ зурдаг. Ийм газар граффити зурснаар тухайн хуучин барилгад шинэ амьдрал бэлэглэж байна гэж ч ярьдаг.
YOLO: Граффити зураачдын дунд "тулаан" болдог гэсэн?
Бусадтай хуваалцах гээд байгаа үгээ ханан дээр зурна. Тэрийг нь харсан нь дараад дээрээс нь өөрийнх нь стилийн зургаа зурдаг. Үүнийг л граффити зураачдын батл буюу тулаан хэмээн нэрлээд байгаа юм.
YOLO: Будгаа хаанаас авдаг вэ? Гадаадаас захиалан авчирдаг уу?
Энгийн үед Хятадаас оруулж ирдэг машины, төмрийн шүршдэг будгийг хэрэглэдэг. Хэрвээ ямар нэгэн үйл ажиллагааны бүтээл зурах шаардлагатай үед гадаадаас захиалдаг. Монголд граффити хөгжихгүй байгаа шалтгаан бол будаг гэж боддог. Яагаад гэвэл граффити зурах шүршдэг будаг байдаггүй. Харин Хятадаар орж ирж байгаа будагнууд нь өнгөний сонголт багатай. Тиймээс л граффитигийн шинэ хэлбэр чиглэлүүд хөгжихгүй байна. Герман, Испанийн томоохон компаниуд Хятадад салбараа нээж байгаа боловч тэдгээр нь харьцангуй үнэтэй.
YOLO: Үйл ажиллагаанд зориулан түүнчлэн компаниудад зориулан стрийт арт бүтээл зурах санал хэр ирдэг вэ?
Манай улсад ч граффити урлаг хөгжиж байгаа төдийгүй томоохон компаниуд энэ урлагийг дэмжиж ажлын байрны гадна болон дотоод чимэглэлдээ ихээр ашигладаг болсон. Tiger фестивалийн хүрээнд жил болгон гудамжны арт бүтээл гэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Өнгөрсөн онд Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гудамж талбайд 3D зургууд зурсан. Энэ бүтээлүүдийг хүмүүс ч их сайхнаар хүлээж авсан.
Том хотуудад залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад граффити, стрийт арт бүтээлээр чимэглэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Түүнчлэн амьгүй болоод үйл ажиллагаа нь буурч байгаа дүүргүүдийг сэргээхийн тулд стрийт арт бүтээлээр чимэглэх тохиолдол бий. Байшин барилга дэд бүтэц нь байгаа учраар цоо шинээр барихаас арай бага хөрөнгө оруулалтаар тухайн хорооллыг "амьтай" болгодог. Тиймэрхүү зорилгоор стрийт арт бүтээлүүдийг ашигладаг.
YOLO: Зарим үед гудамжны урлаг нийгмийн болон улс төрийн утга агуулгыг илэрхийлдэг. Тэгэхээр тухайн нийгмийн тогтолцоог ёжилж, егөөдсөн утга санаа агуулагдаж байдаг гэсэн үг үү?
Цоолбор буюу stencil. Цаасан дээр цоолбор хийж байгаад будгаар шүршдэг. Энэ зураг нь ихэнхдээ улс төрийн агуулгатай. Аль эсвэл жинхэнээр нь зурах, гэрийн хананы обой шиг юман дээр зураад ханан дээр наах зэрэг янз бүрийн хэлбэртэй стрийт артууд улс төрийн шинж чанартай байдаг. Үүний гол зорилго нь хүмүүс мэдрэмжээ бусадтай хуваалцаж байгаа хэлбэр.
YOLO: Танд цоолбор бүтээл бий юу?
С.Зориг агсны “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж үг маш гоё санагдаад 2007 онд цоолбор хийж байсан. Би Монголчуудад итгэж байна. Ирээдүйд энэ улс орныг өөрчлөнө гэдэгт итгэж байна гэж ойлгосон авсан. Түүнчлэн С.Зориг агсны аллагын хэрэг илэрнэ гэдэгт "Би итгэдэг" гэдэг утгаараа цоолбор хийсэн. Энэ мэдрэмжээ бусадтай хуваалцахыг хүссэн. С.Зориг агсны зурагны “Би итгэдэг” гэсэн цоолбор хийж байсан. Гэхдээ нэг сонин юм анзаарсан нь миний цоолборыг зориудаар арилгах гэж оролдсон байсан. Тэгэхээр надаас гарсан нэг мэдээлэл бусдад хүрээд байна.
YOLO: Гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын граффитчид байгаа юу?
Сүүлийн үед залуучууд гадаадад хүлээн зөвшөөрөгдөж байна. Тэдний нэг нь Heesco гээд залуу бий. Австралид байдаг залуу. Граффити гэхээсээ илүү стрийт арт тал руугаа уран бүтээлээ илүү туурвидаг. Австрали улсад олонд танигдсан залуу.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх