Гадаадад сурахыг маш олон хүн хүсдэг. Тэдний зарим нь л үүнийхээ төлөө сайн хичээж чаддаг. Зарим нэг нь хүссэн сургуульдаа хувиасаа мөнгөө төлөөд сурдаг бол зарим нь санхүүгийн боломжгүйгээсээ болоод сурч чаддаггүй. Боловсролын түвшин сайн оронд суръя гэвэл жилийн дор хаяж л 50 сая бүр дээшлээд хэдэн зуун сая төгрөг орох нь тодорхой. Тиймээс тэтгэлэг хэмээх зүйл энэхүү асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Иймд тэтгэлэг авч гадаадад сурах сонирхолтой байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүстээ зориулж дараах мэдээллийг хүргэе. Хүн бүрийн сурах чиглэл, газар өөр. Тэр болгонд нь тааруулж зөвлөгөө өгч чадахгүй учраас ерөнхийдөө тоймлон бичсэн бөгөөд мөн сая, сая тэтгэлэг байдаг учраас “бэлэн будаа” өгөхийг хүссэнгүй. Гагцхүү яаж өөрт хэрэгтэй тэтгэлгээ олж авч түүндээ өөрийгөө бэлтгэх талаар л зөвлөж буйг онцгойлон анхаарна уу. Нэг үгээр тэтгэлэг хүртэхэд чамд юу юу шаардлагатайг зөвлөж өгье, эрэл хайлтаа чи өөрөө бие даан хийгээрэй.
Тэтгэлэг нь ерөнхийдөө дотроо хоёр төрөл байдаг.
1. Тухайн боловсролын байгууллагаас
2. Өөр нэг хувь хүн эсвэл тодорхой нэг албан байгууллага, сангаас санхүүжилттэй байдаг.
Тэтгэлэг бүр 100 хувийнх байдаггүй. Чиний идэвх зүтгэлээс хамаараад янз бүр. Гэсэн хэдий ч эдгээрт хүрэх зам нь адил юм. Ямар ч тэтгэлэг авахад дараах ГУРВАН ЗҮЙЛ л хамгийн чухал байдаг. /Эдгээр нь үндсэн чухал зүйлс гэдгийг анхаарах хэрэгтэй/
СУДАЛГАА ХИЙХ
Хамгийн эхний хамгийн чухал зүйл: Дан ганц тэтгэлэг ч гэлтгүй ер нь бүх зүйлийг хийхэд “Судалгаа” хамгийн чухал байдаг. Чамайг зүгээр сууж байх хэрэгтэй мэдээлэл “намайг хараач” гэсэн шиг хөл ургаад гүйгээд ирэхгүй. Эсвэл хэн нэгэн мундаг хүн “май” гээд өгөхгүй. Өөрт хэрэгцээтэй байгаа мэдээллээ олохын тулд эрэл хайгуул хий. Байгаа бүхий л нөөц боломжоо ашигла.
Гадаад хэл тань муу байлаа ч гэсэн чадах чинээгээр толиноос үг хараад, тэдгээрийгээ зүгээр л холбоод Google-д гарч ирсэн мэдээллийг ойлгохгүй байсан ч хамаагүй. Ойлгодог болтлоо толиноос хар, орчуулахыг хичээ. Чамд дөхөм болох үүднээс хэд хэдэн шилдэг вэбүүдийг хувиасаа санал болгож байна. https://www.topuniversities.com, http://www.scholars4dev.com мэдээж google.com. Харин энэ нийтлэлээс чи өөрт таарсан тэтгэлгээ гарцаагүй олж чадна. Бүр боломжгүй бол өмнө нь тэтгэлэгт хамрагдаж байсан хүмүүстэй нүүр тулан уулз, тэд чамд нээлттэй зөвлөгөө өгөх болно.
Үүний дараагаар тухайн олсон тэтгэлгээ сайтар судалж үзэх хэрэгтэй. Яг ямар зорилгоор олгогддог, жилд хэдий тооны хүн авдаг, өргөдөл авах сүүлчийн хугацаа нь хэзээ, ямар шалгалтууд шаардагддаг, гэх зэрэг шаардлагатай бүх мэдээллийг олж авснаар чи илүү өрсөлдөхүйц тэтгэлэг горилогч болох болно. Мөн өмнө нь энэ тэтгэлгийг авч байсан хүмүүсийн туршлагыг судал, байж болох бүхий л мэдээллээ цуглуулахыг хичээгээрэй.
ШАЛГАЛТЫН САЙН ОНОО
Мэдээж хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэй сурах бүх зардлаа өөрөө хариуцаад сурахаас хавьгүй хэцүү байх болно. Энэ үед чи тэтгэлэг олгогчдод энэ их хэмжээний тэтгэлгийг үр дүнтэй зүйлд зарцуулж байгаа гэдгийг нь батлах томоохон даваа нүүр тулах болно. Иймдээ ч чи өөрөө маш өндөр мэдлэг, чадвартай байх хэрэгтэй.
Хамгийн эхний зүйл бол мэдээж шалгалтууд юм. TOEFL, SAT, IELTS гэх мэт таны яг ямар оронд ямар чиглэлээр сурахаас хамаараад янз бүрийн шалгалтууд бий. Мэдээж эдгээр шалгалтууд амархан биш ч хүн болгон даваад л гардаг учраас энэ хэсэг тийм ч хэцүү биш байх болно гэдэгт найдаж байна. Ямар ч шалгалт байсан бэлтгэл хамгийн чухал. Иймд чи яг ямар шалгалт өгөх хэрэгтэйгээ олж судлаад бэлдэх л хэрэгтэй.
Одоо үед тухайн нэг шалгалтад бэлтгэдэг үнэгүй сурах бичгүүд зөндөө байдаг болсон. Мөн үүний хажуугаар сургалтын төвүүд ч маш их байдаг. Тиймээс чи энэ давааг давахад харьцангуй хялбар. Эдгээр шалгалтууд чамгүй үнэтэй байдаг учраас сайн бэлдээд нэг л удаа “гохыг нь дарах”-ыг зөвлөж байна. Мөн энэ хэсэгт сургуулийн дүн ч хамаарна. Ихэнх хүмүүс дүн чухал биш мэдлэг чухал гэдэг. Гэхдээ яг адилхан өргөдөлтэй хоёр хүний нэг нь 70 “С”-тэй нөгөөх нь 80 “В” дүнтэй ахлах сургуулиа төгссөн байлаа гэж үзье. Аль нь сонгогдох магадлалтай вэ? Хариулт нь тодорхой юм. Иймээс дүн дээрээ ч гэсэн анхаарлаа сайн хандуулаарай.
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
За нэгэнт чи тэтгэлгээ олж мэдээд, шалгалтуудаа бусдын жишгээр өгөөд сайн оноо авчихсан бол чамд үлдсэн зүйл нь өөрийгөө хөгжүүлж үүгээрээ тухайн тэтгэлгийг сайнаар ашиглаж чадна гэдгээ батлах явдал л юм. Олимпиад, төрөл бүрийн уралдаан, тэмцээн... Энэ хэсэгт “Судалгаа” маань хамгийн чухал. Жишээлбэл чи урлагийн чиглэлд л олгогддог тэтгэлэгт физикээр гаргасан амжилт, математикийн дугуйланд явдаг эсэх нь ямар ч хамаагүй. Иймээс л судалгаа маш чухал.
Үүн дээр нэмээд нэг зөвлөгөө өгөхөд өөрийгөө бүхий л төрөлд сорьж үзэх хэрэгтэй. Чадахгүй бол тэр л биз, дараагийн шинэ зүйлийг туршиж үзэж болно. Энэ мэтээр олон төрлийн “хэцүү” зүйлд өөрийгөө сорьж үзсэнээр жинхэнэ чадвараа олохоос гадна олон төрлийн чадвартай, хөрвөж чаддаг, ядаж л өргөдөл дээрээ бичих ахиухан туршлагатай болно.
Өмнө нь дурдсанчлан зүгээр мөнгөө төлөөд сурч байгаа хүүхдээс чи хэд дахин илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Иймд зүгээр “урсгалаараа” явж байхад хэн нэгэн эрхэм “май, миний хүү” гээд тэтгэлэг олгохгүй. Тийм учраас чи өөрөө маш сайн хичээх хэрэгтэй юм шүү! Асуух асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Эцэст нь дахин сануулахад СУДАЛГАА бол бүхний үндэс гэдгийг сайн санаарай.
Бусад хүмүүс чадсан юм чинь ЧИ Ч ГЭСЭН ЧАДАХ Л БОЛНО. Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх