ЗАХИДАЛ: Тэр надад ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ бол харилцаагаа яаж сайжруулах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-02-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Асуудлыг ярилцаж шийдье гэхээр тэр надаас зугтаагаад байдаг

Хийж байгаа зарим үйлдэл нь үнэхээр хүйтэн хөндий байдаг болохоор хааяа би их гомддог гэсэн ч намайг аргадаад өнгөрдөг.

Сайн байна уу? Юуны өмнө энэ өдрийн мэнд! Намайг Э... гэдэг 15 настай эмэгтэй хүүхэд. Би найз залуудаа сайн болоод удаж байна. Бид нэг анги, мөн цугтаа суудаг.Хэдий бид хоорондоо ойлголцоод 3 жил гаруй болж байгаа боловч бид тийм ч дотно биш. Хааяа хааяа салах үе ч гарж байсан. Гэхдээ дахиад л буцаад нийлдэг.Жирийн хосууд шиг байнга бие биенээ үнсэж, тэврээд халамжлаад байдаггүй. Хүмүүсийн ярьдагаар чатны хосууд ч гэх юм уу даа. Миний хувьд гэвэл би эргэж буцахгүйгээр түүнд үнэхээр сайн.  Хийж байгаа зарим үйлдэл нь үнэхээр хүйтэн хөндий байдаг болохоор хааяа би их гомддог гэсэн ч намайг аргадаад өнгөрдөг. Бас уулзахаараа ичээд хоорондоо тийм ч сайн ярилцаж чаддаггүй. Бид хоёулаа нэг тийм ичимхий дотогшоогоо хүмүүс л дээ.
 
Асуудлыг ярилцаж шийдье гэхээр тэр надаас зугтаагаад байдаг. Магадгүй ичсэндээ ч байж болох юм. Гэхдээ тэгэх тоолонд нь надад хайргүй юм болов уу гэж бодогдох юм. Өөр нэг асуудал гэвэл би үеийнхэнээсээ хэт том хөхтэй, үүндээ ч би өөрөө дургүй. Гэхдээ найз залуу маань хааяа надад хүрмээр байгаагаа хэлдэг.Мэдээж би зөвшөөрдөггүй. Яахав өсвөр насны хөвгүүд цаанаасаа донтой байдаг байх гэж бодоод тэр тоолонд нь дуугуй өнгөрдөг. Тэр надад чин сэтгэлээсээ хайртай юм болов уу эсвэл миний биенд л болсон юм болов уу? Хэрвээ үнэхээр хайртай бол яаж харилцаагаа сайжруулах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр чамайг хүндэлдэг бол чиний сонголтуудыг хүндлэх болно

Өөрөө өөрийгөө болон нөхцөл байдлаа бүрэн ойлгож шийдвэр гаргатлаа өөрийгөө эрсдэлд оруулах ямар нэг алхам бүү хийгээрэй.

Сайн байна уу. Захидал бичсэнд баярлалаа. Юуны түрүүнд заавал үнсэж тэврээд байгаа хүмүүс л сайхан хосууд гэсэн үг биш гэдгийг хэлмээр байна. Чи хүсэхгүй байгаа бол үгүй гэж хэлэхэд огт буруу зүйл байхгүй харин ч зөв. Өөрөө өөрийгөө болон нөхцөл байдлаа бүрэн ойлгож шийдвэр гаргатлаа өөрийгөө эрсдэлд оруулах ямар нэг алхам бүү хийгээрэй.

Чамд хүйтэн хөндий ханддаг гэхээр яг ямар үйлдэл гаргадаг вэ? Өсвөр насандаа яваа учраас чиний дурдсан шиг ичиж бишүүрхдэг ч байж болох юм. Чатаар ихэвчлэн харилцдаг хүмүүс чат яриандаа дасчихсан байдаг. Ямар ч байсан чи үнэхээр үзэсгэлэнтэй сайхан охин гэдэгтээ итгэн олон талаар өөрийгөө хөгжүүлээрэй. Тэр хүү чамд үнэхээр сайн уу гэдгийг сэтгэл судлаач эсвэл өөр хэн ч хэлж мэдэхгүй. Харин үнэхээр чамайг хүндэлдэг бол чиний сонголтуудыг хүндлэх болно. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Туслах сэтгэл судлаач Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Couple #Relationship