Б.Амарбаясгалан: Ойр хавьд хүн амьтангүй, утсанд сүлжээ байхгүй, гадаа маш хүйтэн...


Үжин | YOLO.MN
2016-03-16

Дуртай зүйлээ хийн түүнээсээ эрч хүч, бүр цаашлаад өөрийгөө олж авна гэдэг их чухал. 16 настайгаасаа гэрэл зураг авч, өөрийн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилгоо аль хэдийнэ тодорхойлсон Nazar Ambuu буюу Б.Амарбаясгалантай сонирхолтой яриа өрнүүлснээ энд хүргэе.

YOLO: Чи гэрэл зурагтай хэрхэн холбогдов оо?
Ер нь бол багаасаа л их зураг авах дуртай байсан. Ялангуяа дунд ангид байхдаа зураг авах маш их сонирхолтой байсан ч мэргэжлийн аппарат хэрэгсэл байхгүй болохоор тэр бүр хүссэн гоё зураг авч чаддаггүй байсан юм. Гэр бүлийн хэрэгцээнд байдаг энгийн аппатаар л авч өөрийн хорхойгоо дардаг байсан хэхэ.

Харин 16 насны минь төрсөн өдрөөр аав маань надад Canon 600D аппарат бэлэглэсэн. Тэгээд л би гэдэг хүн чинь нөгөө аппаратаа хүзүүндээ зүүгээд гадаа гарч тааралдсан болгоныхоо зургийг аван хөл газар хүрэхгүй баярлаж байснаа мартдаггүй юм. Хэзээ нэгэн цагт мэргэжлийн зургийн аппараттай болно гэдгээ мэдэж байсан болохоор хэрэглэх анхан шатны мэдэгдэхүүнүүдээ интернэтээс өмнө нь мэдээд авчихсан байсан.

YOLO: Тэгэхээр аав ээж чинь чамайг их дэмждэг байх нь ээ?
Тэгэлгүй яахав. Тэд минь миний хүсэл, сонирхлыг их хүндэлдэг. yes

YOLO: Гэрэл зурагчид ямар нэгэн төрлөөр дагнадаг. Харин чиний хувьд?
Сүүлийн үед миний сонирхож байгаа төрөл бол одон орны зураг. Жил гаруйн өмнөөс оролдож байгаа. Мөн хотын гэрэл зургууд авах дуртай, тэр дундаа шөнийн Улаанбаатарыг.
 

YOLO: Чиний хувьд маш үнэ цэнэтэй бөгөөд дурсамжтай зураг чинь ямар зураг вэ?

Хүмүүс харахад тийм ч гоё сэтгэгдэл төрүүлэхээр биш ч гэлээ надад бол маш “үнэтэй” зураг байдаг. Найзуудтайгаа нийлээд дунд сургуулийн монтаж (зургийн цомог) хийдэг байхдаа Говьсүмбэр аймаг руу явсан юм. Тэнд ажлаа дуусгачихаад бид буцахдаа байгалийн зураг авахаар нуурын дэргэд түр амарсан юм. Орой нь бид тэндээ түүдэг гал асаан мах шарж буу халан сууцгаасан юм. Яг тэр үед галын дэргэд суугаад цаана нь од харагдаж байх үед бид өөрсдийнхөө зургийг авсан. Бөөнөөрөө хөгжилдөөд инээлдээд л... Тухайн үеийн дурсамжийг харуулсан тэр зураг надад маш гоё санагддаг.

YOLO: Зураг авахад хөгжилтэй зүйлс тохиолдож байв уу?
Өчигдөр шөнө тохиолдлоо шт хэхэ. Надад зааж зааварлаж байдаг, бараг багшаас өөрцгүй болсон Энхбат ах болон бусад ах нартайгаа хамт оддын зураг авахаар өчигдөр орой Налайхын цаашаа явсан юм. Нэлээн цастай байсан учраас шөнийн 01 цагт цасанд суугаад баларсан. Хааш хаашаа 4-5км зайнд хүн амьтангүй, утсанд сүлжээ байхгүй, гадаа маш хүйтэн, “одоо яах уу” гээд хэн хэнийхээ царайг хараад л хэхэ. Машинаа цаснаас гаргах гэж үзлээ, элгээрээ хэвтчихсэн болохоор дугуйнууд нь хий эргээд бүр болдоггүй бараг зургаан цаг ноцолдсон байх.

YOLO: Бараг шөнөжингөө юм болжээ. Тэгээд яаж амьд гарсан бэ? surprise
Ямар ч байсан хэн нэгэнтэй холбоо барих ёстой гэж бодон машинаа орхиод алхсан. Тэгж явтал утсанд ашгүй сүлжээ ороод, хүн дуудаж амь аврагдсан даа. Нэг тийм хөгжилтэй ч гэхүү, аймаар ч гэхүү адал явдалтай анх удаа ингэж нүүр туллаа.

YOLO: Камер хэрэгслээ хэрхэн худалдаж авч байна вэ?
Аав надад камер бэлэглэснээс хойш би бусад камер, тоног төхөөрөмж хэрэгслээ зураг аваад олсон мөнгөөрөө худалдаж авсан. Манай найзууд мөн зураг авах сонирхолтой нөхдүүд байдаг юм. Бид пароди (элэглэл) бичлэгүүд их хийдэг байсан юм. Түүнээсээ урамшаад бид хоёр жилийн өмнө студи байгуулсан. Тухайн үед бид 20-иулаа байсан.

YOLO: Хориулаа..? surprise
Тийм. Бүгд л зураг авах бичлэг хийх сонирхолтой. Гэхдээ байгаа хэрэгсэл нь гэвэл ганцхан миний л камер байсан хэхэ. Тэгээд хүн бүр 10, 20-н мянган төгрөг цуглуулж түрээслэх газар олсон. Тэндээ гоё гоё зүйлс мөрөөдөж ярьцгаагаад л сууна. Анх зураг, бичлэгийн захиалганд дарагдах юм шиг л бодож байлаа хэхэ. Ихэвчлэн найзуудын танилын зургийн болон бичлэгийн ажил л орж ирдэг байсан. Тэгээд олсон мөнгөөрөө студийн гэрэл гэх мэтчилэн хэрэгтэй зүйлсээ худалдаж авна. Тэгээд нөгөө хорин хүүхэд чинь цөөрсөөр гурвуулаа л үлдсэн дээ. Захиалга орж ирэхгүй, сэтгэл санаагаар унах шахам л байсан. Тэгээд дунд сургуулийн ангийн монтаж хийж сурсан нь бидэнд их хэрэг болсон юм. Нөгөө хоёр маань сурахаар гадагшаа явсан. Одоогоор би ганцаараа зургаа аваад л явж байна даа.

YOLO: Чиний хүсэл мөрөөдөл?
Би Монголдоо төдийгүй дэлхий дахинд танигдах сайн уран бүтээлч болохыг хүсдэг. Зөвхөн гэрэл зураг гэлтгүй кино болон видео уран бүтээлээр мэргэшинэ. Маш олон ч зүйл төлөвлөсөн байгаа. Өрөөнийхөө нэг ханыг бараг төлөвлөгөөний самбар болгосон хэхэ. Тэнд өөрийн авсан зургууд, авах гэж байгаа зурагтайгаа төстэй зураг болон хийх гэж байгаа зүйлсийнхээ төлөвлөгөөг бичиж наадаг. Мөн тэндээ урам өгдөг сайхан үгсийг бичсэн байдаг. Өглөө бүр сэрээд тэр үгнүүдээ хардаг. Одоо би ажиллахын хажуугаар TOEFL-д бэлдэж байгаа. Тэгээд тэтгэлэгт хамрагдаад гадагшаа сурах сургуулиа судлаад л байж байна даа.

Түүний өрөөний хана

 

YOLO: Арван жилийн дараах Б.Амарбаясгалан гэж ямар хүн байх бол?
Ямар ч байсан сургуулиа амжилттай төгссөн, эхнэр хүүхэдтэй, сайхан ажилтай, өөрийн гэсэн студитэй болсон байна. Энэ хугацаанд суралцах зүйлс ч их, хийж бүтээх оргил нас минь байна байх.

YOLO: Зураг авахын гоё мэдрэмжийг чи нэг өгүүлбэрээр тодорхойлооч.
Өөрийнхөө нүдээр хардаг ертөнцийг хүмүүстэй хуваалцах нь гоё байдаг даа.

YOLO: Чи өөрийн цаашдын замналаа аль хэдийнэ тодорхойлчихсон нэгэн. Харин яг юу хийж чаддагаа арай л мэдэхгүй, хараахан олоогүй, зорилгоо тодорхойлоогүй хүүхдүүдэд хандаж хэлэх үг?
Нэг тийм үг байдаг даа. Хэрэв ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй бол тэмц. Түүнийхээ төлөө гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх, мөлхөж чадахгүй бол тэр зүг рүүгээ хараад ядаж хэвт гэж... хэхэ. Хэчнээн инээдтэй мэт сонсогдох ч энэ маш үнэн үг. Би бусдыг ч мөн яг л ийм байгаасай гэж хүсдэг.

Мөн тасралтгүй суралц. Хэн нэгэн надаас “Чи үүнийг хийж чаддаг уу” гэж асуухад би “Тийм, би үүнийг хийж чаддаг болсон” гэж бардам хариулах дуртай. Мөн манайхан хайрцагнаасаа гарч сэтгэж сурах хэрэгтэй байх. Шинийг сэдэж, шинийг эрэлхийлж өөрийн гэсэн хэв маягийг олох хэрэгтэй. Хийе гэж хүссэн зүйлийнхээ төлөө тууштай тэмцэх тусам өөртөө илүү итгэлтэй бол л гэж хэлмээр байна даа. laugh

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Чамд амжилт хүсье.


Б.Амарбаясгалангийн авсан гэрэл зургууд

























#гэрэлзураг #хобби #хүсэлмөрөөдөл #photography #hobby #dream #mission