ЗАХИДАЛ: Ээж намайг "Чи надад дандаа гай болж байх юм аа" гэдэг


ССҮТөв | YOLO.MN
2018-02-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Заримдаа надад гэр бүлийхэндээ гай болоод ч байгаа юм шиг бас өөрийгөө үзэн ядах, өөртөө дургүй болох тиймэрхүү мэдрэмж төрөөд байдаг

Өглөө гутарсан байдалтай сэрэхэд би өрөөнөөсөө гарах байтугай орноосоо ч босох хүсэл байхгүй болдог. Тэр болгонд ээж намайг залхуу хойргоор нь дуудаж ямар ч урам байхгүй болдог. 

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд! Намайг А гэдэг. Би одоо 11дүгээр анги. Заримдаа надад гэр бүлийхэндээ гай болоод ч байгаа юм шиг бас өөрийгөөүзэн ядах, өөртөө дургүй болох тиймэрхүү мэдрэмж төрөөд байдаг. Ээж хааяа намайг “Чи надад дандаа гай болж байх юм аа” гэдэг. Ядаж байхад надаа ямар ч авьяас, чаддаг олигтой зүйл байхгүй.

Залхуу, арчаагүй, амархан гомддог мөн карьер дээрээ маш олон удаа хичээллүүд дээрээ унаж байсан. Бусад шиг олимпиадад орж байсан ч олигтой байр эзэлж медаль авч үзээгүй. Хааяа өөрийгөө хутгалаад алчихмаар байдаг. Учир нь манай гэр бүлийхэн надаа идэж уух юм, ном сурах бичиг бэлдээд өгч байхад би олигтой амжилт гаргаж чаддаггүйдээ гутардаг. 

Би өөрийгөө зүхэж байна. Би яагаад төрсөн юм бэ? Би яах гэж амьдарч байгаа юм бэ гэж өөрөөсөө байнга асуудаг. Би зөндөө л амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар, амьдралыг судалсан. Ямар их зовж байж амжилтанд хүрснийг нь бодохоор үнэхээр гайхамшигтай.

Би зүгээр л урдаа байгаа хичээлээ давтаж чадахгүй байна. Би сүүлдээ бүр дуртай англи хэл, гимнастикийн спортоороо ч хичээллэж чадахаа байлаа. Би яавал амьдралаа гоё болгох вэ? Би яавал ээждээ гай болохгүй байх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн алдаа дутагдлаа олж харж чадаж байгаа хүн л өөрчлөлтөд бэлэн байдаг гэдгийг санаарай

Чи өөрт тулгарч буй асуудал юу байгааг, юу мэдэрч байгаагаа маш сайн мэддэг. Түүнийгээ шийдэх арга замыг эрэн сурвалжилж байгаа чинь маш чухал чанар шүү гэж магтмаар байна.

Сайн уу? Бидэнд хандсан таньд баярлалаа. Захианаас нь хараад чамд маш давуу тал байгааг анзаарлаа.  Тухайн сөрөг нөхцөл байдлаас гарах арга замуудыг судлаж, арга хэмжээ авч байгаагийн нэг хэлбэр нь бидэнд захиа ирүүлсэн явдал юм гэж хэлж болно.

Гэвч тухайн нөхцөл байдлыг тодорхойлж харж буй өнцөг чинь маш олон талтай бөмбөлгийн зөвхөн чиний талаас л харж буй өнцөг шүү гэдгийг ойлгоорой. Иймд бидний зүгээс өгөх зөвлөгөө бол:

1. Хүн бүр өөрийн сул талаа мэддэггүй. Чиний давуу тал бол өөрийн сул талаа сайн мэдэж байна гэдэг юм. Өөрийн алдаа дутагдлаа олж харж чадаж байгаа хүн л өөрчлөлтөд бэлэн байдаг гэдгийг санаарай.

2. Хийх дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийгээрэй. Англи хэл болон гимнастикд дуртай бол бүү түүнээсээ зугтаа. Хүн бүхэн ижилхэн хичээлдээ онц, мундаг дуулдаг бүжиглэдэг, тэр авъяас мэдлэгээрээ тэмцээн уралдаанд орж амжилт гаргах шаардлагагүй. Харин хийхэд сэтгэлд тааламжтай байдаг тэр нэгэн хоббитой байх нь маш их давуу талыг олгодог гэдгийг ойлгоорой.

3. Нөхцөл байдлыг олон талаас харахад чинь бодитой туслаж чадах хүн бол сэтгэл судлаач. Тиймд чи эхний алхамаа аль хэдийн хийж бидэнд захиа ирүүлсэн шигээ дараагийн алхам болох сэтгэл судлаачтай нүүр тулан уулзаж зөвлөгөө аваарай. Энэ нь чамд тэр олон талтай бөмбөлгийг ахиад нэг өөр талаас нь харахад туслах болно.

4. Сэтгэл судлаачтай ирж уулзсан ч бай үгүй ч бай ямар ч байсан ээждээ өөрийгөө нухацтай илэрхийлээд үзээрэй. Ээжийнх ямар үгс чамд яаж тусч, ямар бодол төрүүлж байгааг хэлээрэй. Бас илүү аз жаргалтай, идэвхтэй, амжилттай байхыг хүсч байгаа гэдгээ ч хэлээрэй. Ээж нь чамайг идэвхтэй, шаламгай байгаасай гэж хүссэн хүслээ буруугаар илэрхийлэн хэлсэн үгс нь чамайг улам идэвхгүй болгоод байна. Хэн нэг нь түрүүлж ам нээн энэ тойргийг эвдлэх хэрэгтэй.

5. Чи бол үнэ цэнэтэй, чухал, өөрийнхөө цор ганц хувилбар нь юм шүү. Сэтгэл судлаачийнхаа энэ үгийг санаж өөрийгөө сэдэлжүүлж байгаарай. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Mother #Problem