Бусдаас ялгарах давуу талаа гаднаа илтгэж, аливаа "хайрцагт" баригдалгүй өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч хүмүүс цөөнгүй. Тэр дундаа Монгол хэмээх өв уламжлалаа ч хадгалахыг, сурталчлахыг эрмэлзэх болсон хүүхэд залуус ч олширч байгаа нь талархууштай.
Бидний энэ удаад танилцуулах зочин бол ихэд онцгой хүү юм. Тэрээр залуусын л дунд тренд болсон эсвэл барууны чөлөөт хувцасны хэв маягийг илтгэх хувцас загварыг хөөхөөс илүүтэй монгол дээлээ ихэвчлэн өмсдөг аж. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой бөгөөд дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Сайн байна уу? Та өөрийгөө уншигч хүүхдүүдэд танилцуулаач?
- Сайн байцгаана уу? Намайг Тэрбишийн Билгүүн гэдэг. МУИС-ийн оюутан.
YOLO: Өдөр болгон дээл өмсдөг тань үнэхээр сонирхолтой санагдлаа. Өдөр тутмын хувцсандаа яагаад дээлийг сонгодог вэ?
- Би өдөр болгон дээл өмсдөггүй ээ. Гэхдээ аль болох дээл өмсөхийг эрмэлздэг. Долоо хоногт багадаа гурван удаа дээл өмсдөг. Орчин үеийн залуучуудын ихэнхи нь Монгол ёс заншил, соёлоо мартсан. Дэлхийн улс орон бүр өөрсдийгөө илэрхийлэх соёл, ёс заншилтай байдаг. Манай монголчуудын бусад улсаас ялгагдах тэр үнэт зүйл маань бага багаар устсаар байгаа мэт санагддаг. Тиймээс түүнийг авч үлдэхийн тулд мөн ядаж бага ч болтугай нэмэр оруулахыг хүссэндээ дээл өмсөж эхэлсэн.
YOLO: Хамгийн хайртай эсвэл өмсөх дуртай дээл аль нь вэ?
Зарим настай хүн "МИНИЙ ХҮҮ САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА" гэж хэлдэг.
Т. Билгүүн
YOLO: Дээлийг нь хэн хийж өгдөг вэ?
- Миний дээлийг хийж өгдөг нэг уран ах байдаг. Хамгийн анхны дээлээ УИХ-ын гишүүн С.Жавхлангийн дээлийг хийсэн хүнээр хийлгэж байсан. Тэр дээлэндээ ч би их дуртай.
YOLO: Монгол хэв маяг болох дээлээ өмсөөд явж байхад хэн нэгнээс (танихгүй нэгнээс) урмын үг, сайшаал магтаал ирж байсан тохиолдол гарч байсан уу?
- Мэдээж ирж байсан. Ихэвчлэн ахмад хүмүүс "Миний хүү хөөрхөн харагдаж байна" гэж хэлдэг. Харин бидний үеийн залуусын зарим нь эвэртэй туулай харсан мэт л байдаг.
YOLO: Хэзээнээс үндэсний хувцсаараа гангарах болсон бэ? Буцаад энгийн хувцсаа ч өмсдөг юм бил үү гэсэн эргэлзээ төрж байсан уу?
- Дээлийг өнгөрсөн жилийн зунаас өмсөж эхэлсэн. Надад огтхон ч эргэлзээ төрж байгаагүй. Учир нь үргэлж дээл өмсдөггүй. Тухайн өдрийн сонирхлын байдлаас хамааран хааяа дээл хааяа орчин үеийн хувцсаа өмсдөг. Гэхдээ аль болох үндэсний хувцсаа өмсөхийг хичээдэг.
YOLO: Анх дээл өмсөж эхлэхэд хүмүүс юу гэж хэлдэг байсан бэ? Гэр бүлийнхэн чинь дэмждэг байсан уу?
- Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг. Ялангуяа ээж илүү их дэмждэг. Харин найзууд маань их ёжтой байдлаар хүлээн авдаг байсан. "Өнөөдөр ямар нэгэн баяр болж байгаа юм уу?" эсвэл "Чи яагаад үндэсний хувцсаа өмсөөд байгаа юм бэ?" гэх мэт асуултаар "булдаг". Анх эвэртэй туулай харсан мэт байсан гэж дээр дурдсан. Гэхдээ одоо хүмүүс дээл өмсөх гоё ч юм уу гэж боддог болсон нь их сайшаалтай. Би ч тэднийг эерэгээр хүлээж авсанд нь баяртай байгаа.
YOLO: Таныг Монгол хөгжмийн зэмсгүүдээр хичээллэдэг байсан гэж дуулсан юм байна. Ямар ямар хөгжим тоглодог вэ?
- Би морин хуураар хичээллэдэг байсан. Гэхдээ сонирхогчийн түвшинд тоглодог. Бас 2011 онд хөөмий, аман хуур сурч байсан. Миний монгол ёс заншил болон соёлдоо дуртай болсон шалтгаан нь үндэсний урлагаар хичээллэсэнтэй холбоотой.
Хүүхэд залуусыг гадаад руу явж сурчихаад буцаад эх орондоо ирээд сурсан мэдсэн зүйлээ Монголдоо хэрэгжүүлээсэй л гэж хүсдэг.
Т. Билгүүн
YOLO: Ихэнхи хүүхдүүд аль болох гадаад руу явж суръя, ажиллая гэсэн бодолтой байдаг. Энэ талаарх таны бодол?
- Мэдээж болохгүй зүйл байхгүй. Би хэт их туйлшрах дургүй хүн. Аливаа зүйлд хэт их туйлшраад ирэхээр тэр зүйл буруу болдог. Гэхдээ гадаад руу явж сурчихаад тэндээс олж авсан мэдлэгээ буцаад монголдоо ирээд бусадтайгаа хуваалцаж, шинэлэг санаануудыг хэрэгжүүлээсэй л гэж хүсдэг.
YOLO: Хүмүүс яагаад гадаад орны соёлд дуртай, хошуурах болсон гэж бодож байна вэ?
- Орчин үеийн залуус өөрсдийнхөө соёлыг, түүхийг мэдэхгүй болохоор л гэж боддог. "Бид хэн бэ?" гэдэг зүйлээ ойлгож мэдрээгүй болохоор гадаадын соёл руу хошуурдаг байх. Монголд "Айлын хоол амттай" гэж үг байдаг шүү дээ. Энэ үгтэй адилхан зүйл болоод байгаа юм шиг санагддаг.
YOLO: Таны бодлоор Монголчууд, тэр дундаа хүүхэд залуус Монгол соёлоо хэрхэн хадгалан авч үлдвэл зохистой вэ?
- Бид дан монгол дээл, хөгжим гээд яриад ямар ч сэтгэлгүй бол хэн ч үнэн сэтгэлээсээ хадгалж авч үлдэж чадахгүй. Тийм учраас "Монголчууд гэж ямар хүмүүс вэ?" гэж бодон өөрсдийгөө танин мэдэж ертөнцийг үзэх үзлээ өөрчилвөл үндэсний дархлаа гэдэг зүйл гарч ирэх байх гэж боддог. Монголчууд "Чи монгол хүн болохоор худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй" гэж хэлдэг.
YOLO: Гэтэл одоо үед тэгж хэлдэг хүн их ховор болсон нь харамсалтай. Таны хобби юу вэ?
- Би хүмүүстэй ярилцах дуртай. Санаа бодлоо солилцож эсвэл дотоод ертөнцөөр нь аялах маш сонирхолтой. Тийм ч учраас би сэтгэл зүйч болохоор шийдсэн.
YOLO: Сая ярилцах дуртай гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл ямар төрлийн хүмүүстэй ярилцдаг вэ?
- Ихэвчлэн нийгэмд нөлөө үзүүлсэн, амжилттай яваа, эрдэмтэн хүмүүстэй ярилцахыг хүсдэг. Би заримдаа ямар нэгэн асуудлыг хараад их бухимддаг. Түүнийгээ найзууддаа ч юмуу ярихаар ойлгоддоггүй. Харин энэ асуудлыг мэддэг болчихсон эрдэмтэн судлаачтай ярихаар өөрөөр хараад ярилцахад сонирхолтой байдаг. Тиймээс би амьдралын туршлагатай, мэргэжлээрээ олон жил ажилласан, хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүстэй ярилцах тун дуртай.
"Монголчууд гэж ямар хүмүүс вэ?" гэж бодон өөрсдийгөө танин мэдэж ертөнцийг үзэх үзлээ өөрчилвөл үндэсний дархлаа гэдэг зүйл гарч ирэх байх.
Т. Билгүүн
Хүн бүр хүнлэг байгаасай л гэж их хүсдэг
Т. Билгүүн
YOLO: Хүүхэд залуус ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Хүнлэг байгаасай л гэж их хүсдэг. Бие биенээ хайрладаг, ёс суртахуунтай байх хэрэгтэй. Дан ганц хүүхдүүд гэлтгүй бусад нь ч бас хүнлэг байгаасай гэж хүсдэг. Одоогийн хүмүүсийн ихэнхи нь хүний мөсгүй болчихсон. Жишээ хэлэх юм бол гудамжинд тамхи татаад зогсож байгаа жоохон хүүхдэд болиоч гээд хэн ч хэлдэггүй, жоохон охин малгайгаа өмсөөгүй явж байхад малгайгаа өмсөөрөй ч гээд хэлэх хүн байдаггүй. Эсвэл нөхөр нь эхнэрийгээ цохиж байхад "болиоч ээ" гээд очоод болиулах хүн цөөхөн болсон. Тийм учраас хүмүүсийг хүнлэг байгаасай л гэж хүсдэг.
YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд уншигч хүүхдүүдэд хандаж үг хэлээч?
- Монголд оронд минь тулгарч байгаа асуудлуудыг бидний аав ээж биш ах эгч биш бид шийднэ, бага гэж өөрсдийгөө гололгүй одооноос л энэ талаар бодох хэрэгтэй. Бидэнд маш чухал үе ирээд байгаа учраас хариуцлагатай байх ёстой. Мөрөөдөлтэй, зорилготой түүндээ заавал хүрээрэй. Өөртөө итгэлтэй байж үзэл бодолдоо тууштай байгаарай л гэж хүсье дээ.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа.
Өнөөгийн Монгол улсад минь тулгарч байгаа асуудлуудыг бидний аав ээж биш ах эгч биш БИД ШИЙДНЭ.
Т. Билгүүн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх