Оюутны 2017 оны ШИЛДЭГ ТАМИРЧДЫГ шалгаруулав


Сондор | YOLO.MN
2018-01-24

Монголын Оюутны Спортын Холбоо  (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр "Оны шилдэг оюутан тамирчин"-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 24 дахь удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.

Оюутны 2017 оны шилдэг тамирчинаар жүдо бөхийн тамирчин, 2017 оны дэлхийн оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, оюутны 2017 оны Ази тивийн болон дэлхийн лигийн аварга Б.Батзолбоо нарыг шалгаруулсан.

Тамирчдын шагналыг ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан гардуулан өгч, баяр хүргэв.

Шагнал гардуулах ёслолд МОСХ-ны удирдах зөвлөлийн 11-н гишүүд оролцов.

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ "ШИЛДЭГ ОЮУТАН ТАМИРЧИН"

Баттогтох овогтой Эрхэмбаяр – Жудо бөхийн тамирчин, ОУХМастер

Баттогтох овогтой Эрхэмбаяр нь 1995 оны 09 сарын 03-нд Улаанбаатар хотноо төрсөн. Үндэсний БТДС-ийн оюутан. Тэрээр Тайваны Тайпей хотноо 2017 оны 8 дугаар сарын 18-31-нд зохиогдсон Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр  Универсиад их наадмын жүдо бөхийн 66 кг-ийн жинд мөнгөн медалийг хүртсэн. Энэ жинд 41 бөх оролцсоноос Б.Эрхэмбаяр эхний тойрогт Макаогийн бөх Леон Ка Инийг хожин 2 дугаар тойрогт Хорватын бөх Драсковикийг иппоноор ялсан. Хэсгийн аваргын төлөө барилдаанд Нидерландын бөх Ван Хартенийг вазаригаар ялж хагас шигшээ барилдаанд Казакстаны бөх Киргизбаевийг мөн вазари үнэлгээгээр ялсан. Алтан алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин, 2016 оны олимпийн мөнгөн медальт Ан Баултай барилдаж вазари үнэлгээ алдан ялагдсан юм. Б.Эрхэмбаяр нь Монгол Улсын 2017 оны жүдо бөхийн оюутны  аварга, 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий алтан медаль, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Түүний дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад наадмын амжилтаар 2017 оны Монгол Улсын шилдэг оюутны тамирчнаар шалгаруулсан байна.


Боргил овогтой Батзолбоо –Сагсан бөмбөгийн тамирчин, Спортын мастер

Боргил овогтой Батзолбоо нь 1993 оны 08 сарын 23-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. Мон-Алтиус БТДС-ийн оюутан. БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд зохиогдсон Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээний мөнгөн медаль, Монгол улсад 2016 онд  явагдсан Азийн оюутны Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээний алтан медаль, 2017 оны 4 сард Малайз улсын Кибиржияа хотод болсон Азийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2017 оны 9 сардБНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар 2017 оны шилдэг оюутан тамирчинаар шалгарлаа.

 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

#Student #Sport #Player