ХАВАНА ОХИН буюу Камила гэж хэн бэ?


Хонгороо | YOLO.MN
2018-01-08

Сүүлийн үед "Havana", "I know what you did last summer", "Bad things" зэрэг дуунуудаараа сонсогчдоо байлдан дагуулаад байгаа Камила Кабэёо (Camila Cabello)-н тухай мэдээллийг хүргэж байна.

Fifth Harmony хамтлагийн гишүүн асан Куб-Мексик гаралтай дуучин Камила Кабэёо 1997 оны 3 сарын 3-нд Кубийн нийслэл Хавана хотод Алехандро болон Сүнүхэ Кабэёо нарын охин болон мэндэлжээ. Түүний аав Алехандро Кабэёо (Alejandro Cabello) нь Мексик гаралтай бол ээж Синүхэ Кабэёо (Sinuhe Cabello) нь Кубаас гаралтай юм.

Тэрээр гэр бүлийнхээ хамтаар Мексик, Хавана хоёрын хооронд нүүн амьдарсаар 5 настайдаа АНУ-ын Флорида мужийн Миами хотод цагаачлан иржээ. Бага насандаа тэрээр зожиг нэгэн байсан бөгөөд ихэнх цагаа гэртээ ном уншин өнгөрүүлдэг байжээ. Түүний унших дуртай номнуудын нэг нь "Бидний оддын алдаа" буюу "Fault in our stars", "Номын хулгайч" буюу "Book thief" зэрэг номнууд юм. Мөн унших дуртай цуврал ном нь Харри Поттер (Harry Potter). Тэрээр бага насаа Куб, Мексик өнгөрүүлсэн учраас англи хэл сураагүй юм. Гэвч АНУ-д ирснээр англи хэлийг сурахаас өөр аргагүй болсон бөгөөд өөрөө бие даан сурч байжээ. Камила Дисней сувгийн хүүхэлдэйн кинонууд үздэг байсан учраас англи хэлийг хурдан сурсан хэмээн дурсчээ.

Миамигийн ахлах сургуульд сурч байсан бөгөөд эцэг эх нь түүнд боловсрол эзэмших  хэрэгтэй гэдгийг байнга сануулж байсан ч есдүгээр ангидаа сургуулиа орхин дуучны карьераа хөөж эхэлжээ. 

Камила Кабэёо гэх нэр нь түүний тайзны нэр бөгөөд тэрээр X-Factor шоунд оролцохдоо нэрээ ийн өөрчилж байжээ. Түүний жинхэнэ нэр нь Карла Камила Кабэёо (Karla Camila Cabello) юм. 

Камила доороо ганц охин дүүтэй бөгөөд түүнийг Софиа Кабэёо (Sofia Cabello) гэдэг. Түүний дүү 2008 онд АНУ-д төрсөн юм. Хэдий 11 насны зөрүүтэй ч тэд үнэхээр ойр дотно, яг л найзууд шиг байж чаддаг байна. Софиа эгчийгээ "Каки" хэмээн дууддаг.

2012 онд X-Factor шоунд оролцож, Fifth Harmony гэх охидын хамтлагийн гишүүн болсон  юм. Тус хамтлаг нь X-Factor шоунд гуравдугаар байр эзэлж байжээ. Үүний дараагаар охидын хамтлаг "Worth it", "Work from home" зэрэг дуунуудаараа сонсогчдын анхаарлыг татаж, шүтэн бишрэгчдийн тоо нь нэмэгджээ.

Гэвч 2016 оны 12-р сард хамтлагаа орхин өөрийн соло карьераа хөөж эхэлжээ. Камилагийн Шон Мендестэй (Shawn Mendes) хамтран дуулсан "I know what you did last summer", Машин Ган Kэлли (Machine Gun Kelly)-тэй хамтарсан "Bad things" зэрэг дуунууд нь түүнд чамгүй амжилтыг авчирсан бөгөөд Питбулл (Pitbull) болон Жэй Балвин (J Balvin) "Hey Ma", Kашмер Kэт (Cashmere Cat) "Love Incredible" зэрэг дуучидтай хамтран дуулсан дуунуудаараа Гриммигийн шагналд нэр дэвшиж чадсан юм. 

Мөн наймдугаар сард гаргасан "Хавана" нэртэй дуу нь түүний анхны бие даасан уран бүтээл болж Биллборд (Billboard) жагсаалтын хоёрдугаарт, UK чартын нэгд бичигдсэнээр байгаа нь түүнийг 2017 оны хамгийн шилдэг уран бүтээлчийн нэг болгосон юм. Бие даан уран бүтээл хийгээд 11 сар болж байгаа ч Камила аль хэдийн 18 шагналын эзэн болж, 13 сая гаруй цомог зарж чаджээ. Түүний анхны цомог 12-р сарын 8-наас эхлэн хэвлэгдэж эхэлсэн ба 2018 оны нэгдүгээр сараас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

ХАЙР ДУРЛАЛ:
 
Камила америкийн дуучин Остин Махоун (Austin Mahone)-г анхны хайр нь байсан тухай нэг бус удаа ярьж байжээ. Хосууд анх 2013 оны MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр уулзаж байсан бөгөөд тэд харилцаагаа 2014 оны арваннэгдүгээр сард ил болгож байжээ. Гэвч 2015 онд тэд салсан юм.

Түүнийг  Шон Мендестэй хамтран дуу гаргасны дараагаар тэднийг болзож байгаа гэх мэдээллүүд гарсан хэдий ч дуучид энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. 

2016 онд Time.com сайт түүнийг оны нөлөө бүхий 25 өсвөр үеийнхний нэгээр нэрлэж байжээ. 

 

 

 

 

Камила Кабэёогийн хувцаслалт:







Камила Кабэёогийн талаар сонирхолтой зүйлсийг дурьдвал:

 

- Камила 1,57 м өндөртэй 
- Fifth Harmony-д байхдаа дууныхаа бүх үгийг өөрөө бичдэг байсан
- Тэрээр Fifth Harmony хамгийн залуу хоёр гишүүний нэг байсан.
- Хэрвээ Камила дуучин болоогүй байсан бол шүдний эмч болох байсан гэж ярьдаг.
- Тэрээр Эд Ширан (Ed Sheeran)-тай хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг.
- 2017 оны 11-р сарын 14-нд дэлхий дахинд хүмүүсийн хамгийн их сонссон уран бүтээлчийн 5-т жагссан.
- Камила цэнхэр өнгөнд дуртай.
- Тэрээр Тайлор Свифт (Taylor Swift)-тэй сайн найзууд.
- "I know what you did last summer" дууныхаа үгийг Тайлор Свифтийн тоглолтын дараа тайзны ард бичиж байжээ.
- Түүнийг инстаграм дээр 15 сая хүн дагадаг.
- Түүний очих хамгийн дуртай улс нь Итали, Ром юм. 
- Хамгийн дуртай баяр нь шинэ жил.
- Шоколад мөн ханборгоцойтой пицца идэх дуртай. 
- Түүний үзэх дуртай кино нь "Амьдрал сайхан" буюу "Life is beautiful" гэдэг нэртэй кино юм. Учир нь уг киног түүний аав, ээж үзэх дуртай гэнэ. 
 - One Direction хамтлагийг шүтэн биширдэг бөгөөд Зейн Малик (Zayn Malik)-г хамтлагаа орхих үед уйлж байжээ. Хэрвээ энэ хөвгүүдийн хамтлаг байгаагүй бол тэрээр X factor шоунд оролцох талаар бодохгүй байх байсан гэжээ.
- Тэрээр Харри Поттерийн үнэнч шүтэн бишрэгч.
- Бага насандаа Кубд гэр бүлийн хамт далайн шумбалт (scuba diving) хийж байгаад аварга загас араас нь ирж байна хэмээн айснаар сандралд орсноос болоод аварга загас, далайгаас айх өвчтэй болжээ.
- Тэрээр хүмүүнлэгийн  ажилд оролцдог.

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

                          

              

                        

                    

#CamilaCabello #Singer