Нохой авбал цалинтай чөлөө олгодог компаниуд


Сондор | YOLO.MN
2018-01-05

Гөлөг тэжээж үзсэн хүн бүр ямар амаргүй даваа болохыг сайн мэднэ. Зарим хүмүүс нохойгоо “Үслэг хүүхэд” гэж хүртэл нэрлэдэг нь гөлөг анх авахад их анхаарал, халамж шаардлагатай гэдгийг тодорхойлсон хэрэг.

Учир нь гөлөг шинэ гэртээ, шинэ эздэдээ дасахад хугацаа шаардлагатай. Тэгвэл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажилтнууддаа цалинтай чөлөө олгодог хэдэн компани байдаг аж.

MARS PETCARE

Энэ компани гөлөгтэй болсон ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон анхны компаниудын нэг юм. Компани хэрвээ ажилтан нь шинэ тэжээвэр амьтантай болбол 10 цагийн цалинтай чөлөө олгодог бөгөөд оффис дээрээ нохойгоо авч ирэхийг зөвшөөрдөг аж.


MPARTICLE

Дата боловсруулах, хадгалах үйлчилгээ үзүүлдэг Mparticle компани аврагч нохойтой болсон ажилтнууддаа хоёр долоо хоногийн цалинтай чөлөө өгдөг. Компанийн төлөөлөгч Лорел Пеппино "Нохой ч гэсэн гэр бүлийн нэг гишүүн учраас бид эцэг, эх болсон ажилтнууддаа чөлөө олгодогтой адил бодлого баримталдаг" гэжээ.


BITSOL SOLUTIONS

Манчестерт байрлах BitSol Solutions технологийн компани ажилтнууддаа долоо хоногийн цалинтай чөлөө өгдөг аж. Компанийн захирал Грег Бучанан "Амьтан гэдэг яг л хүүхэд шиг шүү дээ. Тиймээс ажилтнууддаа шинэ тэжээвэр амьтантай болоход нь чөлөө өгөх нь зүйн хэрэг" гэсэн байна.


BREW DOG

Шотландын шар айраг үйлдвэрлэгч BrewDog компани ажилтнууддаа долоо хоногийн цалинтай чөлөө өгдөг шалтгаан нь компанийн эзэд нохойд үнэхээр хайртай байдагтай холбоотой аж.

Зарим компаниуд тэжээвэр амьтан нь үхсэн бол чөлөө олгодог. Тэжээвэр амьтан нь хорвоог орхисон тохиолдолд чөлөө өгдөг үзэгдэл мөн газар авчээ. Сан Францискод байрлах Kimpton Hotels & Restaurants гэхэд гурван өдрийн чөлөө олгодог бол Mars компани нэг өдрийн чөлөө, Канадын нэгэн дэлгүүр хэдэн өдрийн чөлөө өгдөг аж.

Эх сурвалж: BusinessInsider

#Dog #Company