Хүмүүс агаарт амарч, тухалж болох дэлхийн ХАМГИЙН ГОЁ 10 ГАЗАР


Б.Нямдарь | YOLO.MN
2022-05-18

Байгалийн ногоон зүлгэн дээр бүтээлэг дэвсээд, гэр бүлээрээ тойрч суун амттай хоол, зуушаа идэж эсвэл ном сэтгүүл шимтэн уншиж тухлан, хосууд цагийг хамтдаа өнгөрөөж, хүүхдээ агаарт гаргах таатай газар бол яах аргагүй том талбай бүхий ногоон байгууламж юм. Дэлхийн орнуудад иргэдийн тухалдаг ийм төрлийн газар олон байдаг ба тэдгээрээс онцлон хүргэе.

Францын Парк ду Шамп де Марс /PARC DU CHAMP DE MARS/

Парисын 7-р тойрогт орших ногоон байгууламж бол Эйфелийн цамхгийг дэргэдээс нь харан биширч болох хамгийн таатай газар юм. Нутгийн иргэд болон жуулчид зуны улиралд ногоон талбайд цугларч, наранд ээн сууж, зугаалж, тоглоом тоглох боломжтой. Парк ду Шамп де Марс нь ногоон зүлгээс гадна үзэсгэлэнтэй цэцэрлэг, цөөрөм, хүүхдүүдийн тоглоомын талбайтай бөгөөд эдгээр нь Парис хотын баян бүрд болдог байна.

Австралийн Сиднейн боомт /SYDNEY HARBOUR/

Сиднейн хөл хөдөлгөөн ихтэй хотын төвөөс хэдхэн минутын зайд  Сиднейн боомт руу харсан далайн эргээр зугаалж болох тайван тухтай газар бий. Жилийн турш зөөлөн цаг агаартай тул энэ нь Харборын гүүрний араар нар жаргахыг харах, 5-6-р сар хүртэл Сиднейн дуурийн театрын гэрлийн үзүүлбэрүүдийг үзэхэд хамгийн тохиромжтой газар юм.

АНУ-ын Төв парк /CENTRAL PARK/

Энэхүү жагсаалтад Төв цэцэрлэгт хүрээлэнг дурдахгүй байж болохгүй. Дэлхийн хотын бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдээс хамгийн алдартай нь ч байж мэднэ. Төв цэцэрлэгт хүрээлэн нь Манхеттен хотын цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ нь хотын тав дахь том цэцэрлэгт хүрээлэн бөгөөд 341 га талбайг хамардаг. Жил бүр дунджаар 42 сая хүн зочилдог буюу хамгийн их хүн зочилдог хотын цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгээс Манхеттен хотыг, үй олон хүмүүсийг (ялангуяа Sheep Meadow буюу Хонины нугад) харж болох ба ирсэн хүн дахин заавал ирдэг “сонгодог бүтээл” юм.

Японы Ёёоги парк /YOYOGI PARK/

Японы Харажүкү өртөө болон Шибуяа дахь Мэйжи сүмээс алхмын зайд орших Ёёоги цэцэрлэгт хүрээлэн нь Токиогийн хамгийн том, хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Бараг бүх жилийн турш үзэсгэлэнтэй байдаг төдийгүй цэцэрлэгт хүрээлэнд хоол, зайрмаг, шар айраг зардаг зуушны асрууд байдаг нь хүмүүст тухтай байдаг аж. Энд сакура цэцэглэх үеэр буюу ялангуяа хаврын улиралд илүү сайхан байдаг аж.

Их Британийн Хааны хавирган сар /THE ROYAL CRESCENT/

Жилд бараг дөрвөн сая жуулчин татдаг Бат /Bath/ хэмээх хөл хөдөлгөөн ихтэй, гайхалтай эртний хотод хагас тойрог хэлбэрээр байрлуулсан 30 дэнж байшин бүхий газрыг Хааны хавирган сар хэмээдэг ба  урд талд нь Английн хамгийн гоё ногоон зүлэгтэй том талбай бий. Нарлах дуртай, амарч тухлахыг хүссэн иргэд сайтар зассан ногоон байгууламж бүхий урт задгай талбайг байнга дүүргэж байдаг.

Шведийн Скиннарвикын парк /SKINNARVIK PARK/

Ногоон зүлэг байхгүй ч гэр бүлээрээ тухлан сууж, пикник хийхэд тохиромжтой газар бол Стокгольм хотын Содермалм дүүрэг дэх Скиннарвик цэцэрлэгт хүрээлэн (мөн Скиннарвик Хилл ч гэдэг) юм. Нутгийн иргэд болон жуулчид Стокгольм хот тэр дундаа Маларен нуур, хотын өнгө үзэмжийг далайн түвшнээс дээш 53 метр өндрөөс харж болох үзэсгэлэнт чулуурхаг толгод дээр гаран алжаалаа тайлдаг.  Скиннарвик цэцэрлэгт хүрээлэн нь нар жаргахыг харах Стокгольмын хамгийн тохиромжтой газар юм. Сонирхуулахад, цэцэрлэгт хүрээлэн 1930-аад оноос хойш хүмүүсийн цуглах газар болжээ.

Английн Темес барьер парк /THAMES BARRIER PARK/

Темза голын хойд талд байрладаг тул энэхүү өргөн уудам цэцэрлэгт хүрээлэн нь жуулчид болон гэр бүлүүдэд зориулсан, гадаа амарч тухлах боломжтой гайхалтай газар юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь зуны халуун өдрүүдэд сэрүүцэхэд тохиромжтой гоёмсог цэцэрлэг, бүжиглэдэг дуут усан оргилууруудтай юм.

АНУ-ын Голден Гэйт парк /GOLDEN GATE PARK/

Төв цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн адил Голден Гэйт парк нь дэлхийн хамгийн алдартай амралтын газруудын нэг юм. Учир нь энд өргөн талбай бүхий өтгөн шигүү зүлэг, иргэд цай уух зориулалттай талбай, модлог цэцэрлэгт хүрээлэн, морин замтай бөгөөд хамгийн алдартай нь Голден Гэйтийн гүүрийг бүхэлд нь харж болдгоороо тус улсын хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Өглөө эрт ирж, хамгийн таатай гэсэн газрыг олж авахгүй л бол үдээс хойш гэхэд дүүрчихдэг аж.

Египетийн Ал-Азхар парк /AL-AZHAR PARK/

Каир хотын төвд байрладаг энэхүү үзэсгэлэнт олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгээс Салах Эль-Дин Цитадель, Султан Хассан сүм, Каирын тэнгэрийн шугам болон бусад түүхэн дурсгалт газруудын гайхалтай үзэмжийг нэг дор харах боломжтой.  Энэ нь нутгийн иргэд гэр бүлээрээ болон жуулчдын зуны улиралд зугаалах дуртай газар юм. Цэцэрлэгт хүрээлэнд хоол, хүйтэн уух зүйлс зардаг байна.

Өмнөд Африкийн Ширээн уулын цэцэрлэгт хүрээлэн /TABLE MOUNTAIN/

Өмнөд Африкийн Кейптаун хотоос дүүжин тээврээр зорчихдоо хотыг бүхэлд нь болон Ширээн уулын дээгүүрх гайхалтай үзэмжийг тольдсоор хавтгай оройтой оргилд хүрээд хүмүүс тэнд амарч, тухалж болдог. Оргилд нь зүлэг ногоо их байхгүй ч хотыг харах үзэмж төгс байхад энд ногоон зүлэггүй байсан ч харамсахааргүй юм. Гэсэн ч энэ ууланд 8200 төрлийн ургамал байдаг бөгөөд үүний 80 орчим хувь нь нарийн бутлаг бут сөөг юм. Энэ нь Өмнөд Африкийн хамгийн их зочилдог үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд жил бүр 4.2 сая хүн ирдэг аж.

Эх сурвалж: cntraveler

#Сонин хачин