YOLO.mn сайт үе тэнгийнхнээ манлайлан амжилттай яваа өсвөр үе, залуусын төлөөллийг сайтынхаа зочноор урьж бусдадаа урам зориг өгөх ярилцлагыг хүргэдэг билээ. Бид энэ удаа 2017 онд манай сайтын зочноор уригдсан зочдын ярилцлагаас онцлох асуулт, хариултуудыг хүргэж байна. Ирэх жил сайтдаа олон шилдэг өсвөрийнхөн, залуусыг та бүхэнтэй уулзуулах болно.
YOLO: Нийгмийн зарим зүйлийг өөрчлөх эрх мэдэлтэй хүн болчихвол хамгийн түрүүнд чи юу хийх вэ?
Аливаа том хямралууд сэтгэл зүйтэй холбоотой гэж боддог. Глобал, дэлхийн хүрээнд сэтгэж өнөөдрөөрөө биш ирээдүйнхээ төлөө хичээгээсэй гэж хүсдэг. Нэг биш нэлээд хэдэн зүйлийг оролдож байж ажилтанд хүрдэг гэж би боддог. Бусад хүмүүс нэг юмаа тууштай хийх нь зөв гэж хэлдэг ч миний хувьд олон зүйлийг цаг заваа ашиглан хийхэд буруудах зүйлгүй. Хийх тусмаа, бүтэлгүйтэх тусмаа хүн суралцдаг. TOEFL-ийн шалгалтад унасан өдрүүд миний хувьд үнэхээр хар бараан өдрүүд байсан. Ээж маань миний төлөө санаа зовж, “нэг зүйлд ингэж хэт их улайрах хэрэггүй” гэж зөвлөж байсан. Энэ үеэс эхлээд TOEFL-ийн оноо бол зөвхөн тоо, биднийг хэр чансаатайг илтгэх хэмжүүр биш гэдгийг ойлгосон. Хүн өөрийгөө үнэлж сурсан цагтаа л бусдыг хүндэлж сурдаг.
Дэлгэрэнгүй: Х.Идэр: Би хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг, эхлүүлсэн бол хэзээ ч орхидоггүй
YOLO: Гадаадад боловсрол эзэмшсэний давуу талын талаар юу гэж боддог вэ?
Харвард, Стэнфорд гэх мэт их сургуулиудад суралцсанаар дэлхийн хамгийн чанартай боловсрол эзэмших боломжтой болно. Өөрсдийнхөө мэргэжилд манлайлагч болох багш, илтгэгч нараас суралцаж, хамгийн сүүлийн үеийн техник технологитой анги, лабораторт хичээллэснээр Монголд олдохгүй мэдлэг туршлагыг авчрах чадвартай болно. Мөн олон улс орны оюутнуудтай цуг сурч, хамт амьдарснаар шинэ хэл, соёлтой танилцаж ирээдүйн хүрээллээ өргөтгөх боломж нээгдэнэ.
Дэлгэрэнгүй: Ч.Эгшиглэн: “Чаддаг, мэддэг больё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ
YOLO: Загвараар хичээллэх хүсэлтэй байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
Хамгийн гол нь биеэ барьж сурах хэрэгтэй. Хүмүүсийн үргэлж яриад байдаг IQ нь хурдан хугацаанд шийдвэр гаргах чадвар шүү дээ. IQ-аас гадна EQ гэж байдаг. Энэ нь emotional intelligence буюу сэтгэл хөдлөлөө барих чадвар. Сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр нь буруу байдаг.
Загварын чиглэлээр явах гэж байгаа бол тэмцээнд ялагдаж болно, тэмцээн нэгээр дуусахгүй шүү дээ. Өнөөдөр ялагдлаа гээд бүх юм дууслаа гэсэн үг биш, тиймээс сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй.
Мэдээж эхэлж байгаа хүүхдүүд маш олон бүдэрнэ, шууд л нэг том сонгон шалгаруулалтад тэнцэнэ гэж хэзээ ч байхгүй. "Би намхан юм байна, тарган юм байна" гэж бодолгүй "миний өндөр тайзны алхаанд хүрэхгүй байгаа бол би өсөлтөндөө яаж анхаарч болох вэ эсвэл фото моделоор явж болох уу, өөр ямар чиглэлээр явж болох уу, хөтлөгчөөр эсвэл рекламын модель болж болох уу" гээд тал бүрээс нь сайн бодох хэрэгтэй.
Нэг үгээр сэтгэл хөдлөлөө зөв бариад IQ-аа зөв ажиллуулаад зөв шийдвэрт хүрээд юманд бодлоготой ханддаг байгаасай гэж зөвлөх байна. “Би болчихлоо” гэж өөртөө ханасан бодолтой хэзээ ч байж болохгүй, “Болоогүй байна, би хийх ёстой. Одоо үүн дээрээ анхааръя” гээд цаг ямагт өөрийгөө сайжруулаасай. Шантрах үе гарвал миний нас залуу байна, би өөрийгөө улам сайжруулж чадна гэдгээ бодож байх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй: Ц.Норовсанжид: ЗАГВАРЫН ЕРТӨНЦ надад ГОО САЙХНААС гадна зан байдлын ХҮМҮҮЖЛИЙГ ОЛГОСОН
YOLO: Японы ахлах сургуулийн хүүхдүүд Монголын ахлах сургуулийн хүүхдүүдээс юугаараа ялгарч байна вэ?
Японы ахлах сургуулиар зочилж хүүхдүүдтэй танилцах боломж саяхан надад олдсон юм. Тэнд очиход сурагчид нь хийсэн зүйлсээ бидэнд нэг бүрчлэн тайлбарласан юм. Жишээ нь зарим хүүхдүүд Японы мартагдсан соёлыг сэргээх дэлхийд таниулах үүднээс Японы хулсан хөшгийг орчин үеийн эвхэгддэг оффисын хөшигтэй хослуулж хөшиг зохиосон байв. Үүнийгээ хаана зарах бодолтой байгааг асуухад "Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Япон оффис, тэр тусмаа ресторануудад зарж болно. Бидэнд түрүүлж захиалгаа өгвөл хүссэн өнгө хэмжээгээр хийж болно" гэсэн хариулт намайг бараг ангайлгасан даа.
Мөн хэсэг хүүхдүүд “Денги гэх шумуулд хазуулбал хүн сар гаруй халуурч, хоолноос гарч, ихэнх нь амиа алддаг бөгөөд ялангуяа Индонези улсад тус шумуулд хазуулж байгаа хүмүүсийн ихэнх хувийг 5-14 насны хүүхдүүд эзэлж байгаа тул шумуул үргээгч бугуйвчийг хийсэн. Уг бугуйвч 100% хамгаалж чадахгүй ч Индонезийн хэсэг бүрт бугуйвчтай үед болон бугуйвчгүй үед шумуулын тоог судалж үзсэн, 64-12, 74-26, 95-31 буюу энэхүү бугуйвч 70% хүртэл хамгаалж чаддаг гэж тооцсоод бид үүнийгээ 100 иен буюу 2000 төгрөгөөр зарна” гээд намайг ахин гайхшруулж билээ.
Бас нэмээд угаалгын нунтаг зохиосон гээд нимбэгний үнэртэй энгийн л угаалгын нунтаг харуулсан. Индонезийн ихэнх айлууд гараараа хувцсаа угаадаг тул гар зөөлрүүлэгч бодистой, дээрээс нь энэ нунтгаар хувцсаа угаавал шингэсэн үнэрт шумуул байж чаддаггүй тул бас л денгид хазуулах тохиолдлыг бууруулах боломжтой гэнэ. Тэгээд яаж зарах вэ? гэж асуутал "Индонезийн 87% нь Христийн шашинтай, бид сүмийн гадаа жижиг дэлгүүр нээж болно. Бас мэдээж нэн ядуу хэсгүүдэд үнэгүй тарааж өгнө" гэж байсан.
Насыг нь асуухад 16-19 настай. Надтай чацуу хүүхдүүд фермэрүүдийн ургацын чанарыг сайжруулах био бордоо, газар хөдлөлтийн үед идэх халаах шаардлагагүй хоол, ямар ч харандааны балыг арилгах сайн баллуур, тунгалаг саван гэх мэт зүйлийг цаана чинь хийчихжээ. Монголд залуусын шинэ санааг дэмжих зүйл олон зохиогддог л доо, тэнд орлоо гэхэд манай багийнхнаас гоё гоё санаа гардаг ч “Idea does not make diamond” (Санаа бүр үнэт зүйл байж чаддаггүй) шүү дээ!
Бас нэг сонирхолтой жишээ дурдахад, Осака хотын үндсэн дөрвөн том номын санд очих болгонд хүнгүй байна гэж байдаггүй. Номын сангууд нь 4-5 давхар хэд хэдэн танхимтай ч дандаа л дүүрэн байдаг. Сонирхуулахад номын санд хэн ч орсон карт нээлгэхгүйгээр сууж болдог нь их таалагдсан. Харин ном гэрээр түрээслэх тохиолдолд карт нээлгэх хэрэгтэй болно. Гэхдээ үнэ төлбөргүй. Мөн долоон давхар номын дэлгүүрт ороод соёлын довтолгоонд өртсөн. Номын дундаж үнэ 2500-5000 төгрөг байсан нь бүр ч сонин байсан. Японы дундаж цалин 4 сая орчим байдаг шүү дээ. Энэ мэт энгийн жишээнээс л Япончууд оюун ухааныг ямар их дээдэлж, хөгжүүлэхийг хичээдэг нь илт харагдаад байгаа юм даа.
Дэлгэрэнгүй: А.Даваажаргал: Японд ямар ч ном дунджаар 2500-5000 төгрөгийн үнэтэй байдаг нь сайхан санагдсан
YOLO: Суманд сурдаг хүүхэд англи хэлээ маш сайн хөгжүүлж олон хөтөлбөрүүдэд хамрагдсан нь гайхалтай юм. Англи хэлийг анх яаж сурсан болон одоо хэрхэн хөгжүүлж байна вэ?
Манай сум уул уурхай дээр түшиглэж хөгжсөн болохоор тийм ч жижиг газар биш шүү (инээв). Аливаа зүйлийг сурахад, ялангуяа гадаад хэлийг сурахад орон нутгийн сурагч гэдэг нь тийм ч их зүйлийг хязгаарладаггүй гэж би боддог. Би 9-р ангиасаа англи хэлийг арай түлхүү үзэж эхэлсэн, тэрнээс өмнө ерөнхий хичээлийн агуулгаа л судалдаг байлаа. Тухайн үед манай сургуульд байсан “Peace Corps”-ын (Энх Тайвны Корпус байгууллага) сайн дурын ажилтнаас их зүйл сурсан шүү. Тэр үеэс хойш бол ихэнхдээ интернетээс видео хичээл үзэх, ном унших, podcast (фм) сонсох зэргээр өөрийнхөө хэмжээнд сайжруулсан даа. Одоо ч мөн энэхүү аргыг хэрэглэдэг дээ.
Ер нь англи хэл гэлтгүй гадаад хэлийг интернэтээс үнэгүй сурах боломж маш их байдаг. Анх engVid.com сайтын видео хичээлүүдийг их үздэг байлаа. Одоо бол олон сайт, аппликейшнууд байдаг болсон.
Миний хувьд шинэ үг чээжлэх хэцүү санагддаг. Хүн болгоны арга ондоо байх л даа. Би бол өөрт таарсан нэгэн сонирхолтой аргааг чээжилдэг. Жижиг, шинэ үгийн карт хийж нэг талд нь үгээ, үгсийн аймагтай нь бичээд нөгөө талд нь англи орчуулга үгийн эхний үсгийг нь биччихдэг. Бас үгтэй талдаа нэг жишээ биччихвэл санахад илүү амар байдаг. Мөн утсан дээрээ Tinycards гэдэг аппыг татчихвал ганц англи гэлтгүй өөр олон хэлний үгсийн сангаа сайжруулах боломжтой.
Дэлгэрэнгүй: Ж.Номин: Би ШИНЭ ҮГИЙГ сонирхолтой аргаар цээжилдэг
YOLO: Яг чам шиг шинэ шинэлэг санаа гаргасан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Шинэ санаа олвол хамгийн түрүүнд мэдээж түүнийгээ засаж засварлаад цаасан дээр буулгах нь хамгийн чухал. Бүтэх ч байсан бүтэхгүй ч байсан хийгээд л үз гэж хэлмээр байна.
Дэлгэрэнгүй: С.Чойжилсүрэн: Өөрийнхөө дуртай гэж боддог бүх зүйлээ оролдож үзээрэй
YOLO: Манай өсвөрийн хүүхэд залуусын давуу чанар болон дутагдалтай зүйл юу гэж боддог вэ?
-Нэг сул тал нь гадны хэв маяг, соёлыг хэтэрхий дуурайх гээд байдаг. Гэхдээ бүх зүйлээ монгол уламжлалаар авч үлдэнэ гэсэн үг биш л дээ. Мөн алсыг хардаггүй “Би ирээдүйд хэн болох вэ, тэгэхийн тулд одооноос өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ” гэж огт боддоггүй мэт өнөө маргаашаа аргацаадаг юм шиг санагддаг.
Түүнээс гадна зориггүй. “Би ингээд хэлчихвэл бусад хүмүүс юу гэж бодох бол, би ингэчихвэл хүмүүс намайг шоолно” гэж бусдаас үргэлж эмээдэг. Сайн тал нь гэвэл хийж бүтээе гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байдаг. Би тэднийг л давуу тал гэж хардаг даа.
Дэлгэрэнгүй: М.Наранзуун: Би өсвөр үеийн хүүхэд бүрийг амжилттай яваасай гэж хүсдэг
YOLO: Өсвөр үеийн хүүхдүүдэд ямар хандлага, зан чанар дутмаг байна гэж боддог вэ?
Өсвөр үеийнхэн маань энэ насан дээрээ зан ааш нь тогтворгүй байдаг. Тэр ч утгаараа аав ээжээсээ жоохон хөндий болох гээд байгаа юм шиг санагддаг. Надад бас энэ асуудал тулгарсан. Ээжийнхээ хэлсэн шаардлагыг жоохон буруу хүлээж авдаг байсан. Дараа нь яг тунгаагаад бодоод үзэхээр ээжийн хэлсэн үгнүүд яг үнэн байдаг. Тийм болохоор аав ээжийнхээ хэлсэн, тавьсан шаардлагаас төвөгшөөх хэрэггүй. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Мөн энэ үед өөрийгөө зөв талаас нь хөгжүүлж, зөв төлөвшүүлэхийг хичээгээрэй.
Дэлгэрэнгүй: Т.Алонгоо: Сайхан дурсамж, хийж бүтээсэн зүйлсээр дүүрэн байхыг хүсдэг
YOLO: Эдийн засгийн чиглэлээр гадаадад суралцах гэж байгаа гол шалтгаан тань юу вэ?
- Дэлхий дахинд нийт долоон мянган төрлийн ажил мэргэжил байдгаас Монгол залуус 50 гаруйхан мэргэжлээс сонголтоо хийдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Би өөрөө ч энэхүү мэргэжлийг сонгохдоо олон талаас нь нухацтай бодохыг хичээсэн. Мэдээж аав ээжтэйгээ ч зөвлөсөн. Шүүмжлэх ч хүмүүс байсан.
Манай улсад эдийн засагч мэргэжилтэй хүмүүс түүхийн бүхий л цаг хугацаанд олноор бэлтгэгдсээр ирсэн нь үнэн. Гэвч би өөрөөсөө нэг л асуултын хариултыг авахыг хүссэн нь, ийм их эдийн засагч бэлтгэдэг манай улсын эдийн засаг яагаад төдийлөн амжилт олж чадахгүй өдий хүрч байна вэ гэдэг асуулт. Зах зээлд шилжсэн он цагуудаас хойш тасралтгүй эдийн засгийн хямралуудтай нүүр тулсаар өдий хүрлээ. Хоёр их гүрний дунд орших жижигхэн эдийн засагтай манай улсын хувьд зөв бодлого хэрэгжүүлж чадвал боломж байсаар ирсэн тухай багш нарынхаа яриаг ч зөндөө сонсож л байсан.
Эдийн засагч мэргэжил эзэмшсэн тооноосоо илүү чанартай бэлтгэгдсэн, олон түмний хүндлэл хүлээсэн нь хэд байгаа билээ гэдэг асуулт мөн гарнаа даа. Мэдээж дэврүүн гэнэн байж магадгүй ч энэ мэргэжлийг чанартай сургуульд сайн эзэмшье, улс орондоо хэрэгтэй хүн болоод ирье гэсэн хүсэл их байна. Миний суралцах сургууль дэлхийд чансаагаараа 30-д бичигддэг дэлхийн хэмжээний боловсон хүчнүүдийг бэлтгэдэг сургууль. Ийм сургуульд элсээд суралцах хувь заяа тохиосных өөрөөсөө шалтгаалах бүхий л нөөц боломжоо ашиглаж хичээн суралцах хүсэл минь дүүрэн байна. Манай үеийнхэнд ийм хүсэл эрмэлзэлтэй залуус олон бий. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд маань ч ийм л бодлыг өвөрлөж мэргэжлээ сонгож байгаа.
Дэлгэрэнгүй: И.Мөнх-Очир: Мөрөөдөөд л суух биш зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшлах хэрэгтэй
YOLO: Чиний бичсэн фэйсбүүкийн нэгэн пост их шэйрлэгдэж олныг тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг хамарч чадсан. Утга агуулгын хувьд их үнэн үгтэй, бодууштай бичвэр байсан. Тэр талаарх өөрийн бодлоо дэлгэрэнгүй хуваалцаач?
- Миний ажигласнаар өнөөгийн зарим өсвөр насны хүүхэд ихэвчлэн утастайгаа л "найзлаад" байгаа юм шиг санагддаг. Бараг бүх залуу насаа утсандаа зориулаад жаахан цаг зав гарвал хичээлээ хийдэг ч юм уу. Тийм болохоор хөгширсөн хойноо "тэр үед ийм зүйлийг хийж, амжуулж байхгүй яав аа" гэж харамсах болно.
Мөн гар утсаар бүгдийг хийх биш найз нөхөд танилууд хоорондоо гоё амьд харилцаатай байгаасай гэдэг утгаар түүнийг бичсэн юм. Гэхдээ түүнийг уншсан хүмүүсийн зарим нь мушгин гуйвуулж "За хүссэнээ хий гэнэ ээ, гарч шоудна аа" гэхчлэнгээр сэтгэгдэл бичиж буруугаар ойлгосон байна лээ. Ер нь хүн өөрийн ухамсрын түвшинд л аливааг хүлээж авдаг шүү дээ. Тэр бичвэрийн үндсэн санааг ойлгоод өөр дээрээ дүгнэлт хийгээд хичээх хүмүүс нь илүү олон байсан гэдэгт итгэлтэй байна.
Би ч өөрөө энд байхдаа утсаараа оролдоод хий дэмий суудаг л байсан. Гэхдээ тэнд очсон хойноо "Би ядаж төв талбайгаараа алхаж зугаалж байхгүй яав, Монголынхоо үзэсгэлэнт газруудаад аялж байхгүй яав даа" гэж өөрийн эрхгүй бодогдсон. Тиймээс л цагийг үр бүтээлтэй, амьд харилцаатай өнгөрөөх талаар бичсэн нь тэр юм. Мөн испани хүүхдүүд сошиал хаягийг тийм ч их хэрэглэдэггүй, их амьд харилцаатай байдаг. Тэнд очоод хичээл ном, хэлний бэлтгэл гээд угаасаа завгүй болчихсон болохоор цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж эхэлсэн.
Дэлгэрэнгүй: Б.Ану-Үжин: ''ОРГИЛЫГ НЬ ЗААВАЛ ҮЗ'' гэдэг ээжийнхээ захиасыг биелүүлэхийг л хүсч байна
YOLO: Авьяасаа хэрхэн өөрийнхөө ирээдүйн мэргэжил болгох вэ?
- Чи нэг юмыг 1000 удаа давтаж хийвэл 1001 дэх нь чинийх болно гэдэг үг бий. Энэ хорвоо дээр ориг юм гэж үгүй. Чиний толгойнд чинь бодогдож байгаа бодлыг 1000 жилийн өмнө өөр хэн нэгэн бодож л байсан. Хэрвээ чи хүсэл сонирхлоо олоод авьяасаа нээчихсэн бол тэр салбарт амжилттай явж байгаа хүмүүсийг дуурай. "Сайн уран зураачид санаа авдаг. Агуу уран зураачид хулгай хийдэг" гэж үг бас бий. Гэхдээ энэ нь чи Ван Гогийн зургийг хуулбарлаад зурчих гэсэн үг биш. Зүгээр гаргасан санааг нь ажигла. Яваандаа чамд өөрийн гэсэн тогтсон хэв маяг бий болно. Өөрийнхөө хүсэл сонирхлыг олсон бол бусдыг сайн дуурай, бусдаас үлгэр дуурайлал ав. Тэр цагт аль хэдийн авьяас чинь чиний мэргэжил болчихсон байна.
Дэлгэрэнгүй: Э.Эрдэнэсайхан: АВЬЯАСАА олж нээхийн тулд ОЛОН ЗҮЙЛ ТУРШИЖ үзэх хэрэгтэй
YOLO: Сайн дурын ажлын үр ашиг, учир холбогдол нь юундаа байна вэ?
- Сайн дурын ажил нь хоёр талын ач холбогдолтой. Эхнийх нь сайн дурын байгууллагад бид нар ажилласнаар тухайн байгууллагад үр ашигтай. Нөгөө талаараа тухайн байгууллагад ажилласнаараа эргээд бидэнд ч мөн ашигтай. Бид нарт ямар ашигтай вэ гэвэл хувь хүний хөгжил, өөрийгөө таних, танилын хүрээгээ нэмэгдүүлэх гэх мэт маш олон зүйлээр үр шимээ өгнө.
Гэхдээ энэ бүхнийг дэлгэрүүлж ярихаасаа илүүтэй сайн дурын ажил хийснээр хамгийн нэгдүгээрт ажлын туршлага олж авдаг. Оюутан байх хугацаандаа сайн дурын ажил хийснээр төгсөөд ажилд ороход туршлага арвинтай байдаг. Ажил олгогчид ч сайн дурын ажил хийж байсан хүнийг ажилд авах хандлага ихтэй байдаг.
Дэлгэрэнгүй: Э.Жаргалсайхан: Оюутан байхдаа САЙН ДУРЫН АЖИЛ хийвэл илүү үр дүнтэй байдаг
YOLO: Та Монголын мөн л залуу үеийн төлөөлөл шүү дээ. Тэгвэл залуу хүний нүдээр ажиглахад одооны хүүхэд залуусын хандлагыг хэрхэн харж байна вэ?
- Миний үеийн хүүхэд залуус ер нь их потенциал сайтай, хөгжих чадвартай юм шиг санагддаг. Гэхдээ бага зэрэг залхуу юм шиг ээ. Нуугаад яахав, би ч бас хааяа залхуурах зан гаргадаг. Ер нь зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө тууштай тэмүүлж чадвал амжилт гаргах ирээдүйтэй залуус зөндөө бий. Гэхдээ одоогийн нийгэм маань ямар байгаа билээ, хар бараан зүйлс нь давамгайлах болсон цагт бүхий л зүйл "саарал" буюу нэгэн хэвийн харагдаж байна. Гэрэл гэгээтэй зүйлс цөөхөн. Цацагдаж байгаа мэдээ мэдээлэл, сошиал орчин хар бараан зүйлсээр дүүрэн байдгаас болж тэд төөрөлддөг, стресстэй байдаг байх. Би ч мөн тэдний нэг. Тиймээс тэдэнд итгэл найдвар төрүүлэх гэрэл гэгээтэй, чиглүүлэх зүйл гараад ирвэл хийж бүтээж чадах ирээдүйтэй залуус олон бий. Миний бодлоор залуусын 70 хувь нь өөрийн гэсэн чадварлаг нөөцтэй, үлдсэн хувь нь өнөөгийн нийгэмдээ уусчихсан юм шиг санагддаг.
Дэлгэрэнгүй: WOLFIZM: Би өсвөр насандаа ДУРЛАМТГАЙ нэгэн байсан
YOLO: Цүнх хийхэд ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?
- Цүнхээ хийхэд эхэндээ нэлээд хүндрэл гарсан. Юу вэ гэхээр надад цүнх хийх төсөв мөнгө байгаагүй. Ээж маань хэлэхдээ "Чиний нэг цүнх хийх материал, будаг гэхэд л 50000-60000 төгрөг болох юм байна. Гэхдээ ээжид нь чамд мөнгө өгөх боломж алга.
Чи гэхдээ ээжийнхээ Эрээнээс бөөндөж авчирсан 5000 гутлыг интернэтээр зараад мөнгийг нь өөрөө ав" гэхэд нь би фэйсбүүк болон гуталны бүлгэмүүд дээр "бүх гутал 5000" гэж постлоод зургуудыг нь оруулчихсан. Хүмүүс хямд юманд дуртай байдаг юм билээ. Өнөөх гуталнуудаас маш их авсан шүү. Тэгээд би 1 гутлаа 5000 төгрөгөөр зараад дээр нь хүргэж өгсний хөлс гэж 1000 төгрөг ингээд нийт 6000 төгрөгтэй болоод тэрнээс хойш нэмэгдсээр байгаад 60000 төгрөгтэй болж байлаа.
Ингээд л цүнх хийх материалныхаа мөнгийг олж материалаа авахаар явлаа. Анх эхэлж байгаа болохоор ямар материал авахаа мэдэхгүй, хүнээс асууж байгаад ямартай ч нэг материал авчихсан чинь нөгөөх нь хог татдаг байж таарсан. Ядаж байхад 5 метрийг авчихсан гээд л бод. (инээв) Тэгээд дараа нь материалаа хэдэн тэнцүү хуваагаад эсгэж тавьчихаад оёх гэж нилээн удсан. Нэг цүнхийг 2 хоног оёод л... Аргагүй л дээ, залхуу хүрээд байсан юм чинь. /инээв/
Анхныхаа цүнхийг хийчихээд илүүдэл утсыг нь хайчилж авах гэж байгаад цүнхээ хайчлаад цоолчихсон гэх мэтчилэн хөгтэй зүйлс цөөнгүй ээ. Эхэндээ цүнхэн дээрээ Вангонг-ийн "Стэри наят" гээд зургаар дагнаж зурдаг байсан. Сүүлд манай эгч Япон явах гээд үндэсний хэв маягтай цүнх хэрэгтэй байна гэхэд нь би хийж өгч байсан юм. Түүнээс хойш цүнхэн дээрээ хатан зураад одоог хүртэл явж байна. Ингэж л миний цүнх урлах түүх үүссэн юм даа.
Дэлгэрэнгүй: Г.Ариунзул: Би хэдий ЗАВГҮЙ БАЙСАН Ч ЦҮНХЭЭ урласаар л...
YOLO: Сүүлийн үед хүүхэд залуусын зарим хэсгийг Kпоп дуу хөгжим, олон ангит киногоор дамжиж гадны соёлд хэт автаад байна гэж шүүмжилдэг. Энэ талаарх чиний бодол?
- Энэ бол тухайн хувь хүнээс л хамаарах байх. Хүн тухайн зүйлийнхээ хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Монгол хүн байхаа больчихсон юм шиг л туйлширдаг хүүхдүүд байдаг. Тэгэхээр хүүхдүүд аливаа зүйлийг сонирхохдоо түүндээ хэт автах биш хэмжээг нь тааруулах хэрэгтэй юм л даа.
YOLO: Өөрт нь авьяас байгаа хэр нь дуучин, реппер болохыг хүсдэг ч зориглодоггүй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
- Хүмүүс ихэнх нь замынхаа дундаас шантардаг юм шиг санагддаг. Гэхдээ яг үнэндээ заавал дуучин болоход гэлтгүй хэрэв чи тухайн үед маш их шантарч байсан ч дахин дахин оролдох хүчтэй байх хэрэгтэй. Дахин дахин оролдож байж л чи санасандаа, хүссэндээ хүрч сайжирна шүү.
Дэлгэрэнгүй: Б.Халиун: Би ирээдүйд өөрийгөө чадварлаг репперээр төсөөлдөг
Та бүхэн дээрх ярилцлагуудаас эрч хүчийг авч шинэ ондоо урам зориг, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх