Шүдийг шарлуулдаг хоёр шалтгаан


Т.Онон | YOLO.MN
2025-03-25

Толинд хараад бүдгэрч шарласан шүдтэйгээ нүүр тулах шиг өөртөө итгэх итгэлийг хоромхон зуур үгүй хийдэг зүйл гэж үгүй. Aesthetique Dental Care-ийн доктор Ферак Хамид өдөр тутам хийдэг зарим алдаа таны шүдийг гундааж байж магадгүй гэжээ. Ингээд хамтдаа тэдгээр алдааг мэдэж авцгаая.

Таны шүдээ угаах арга барил таны төсөөлснөөс ч их хор хөнөөл учруулж байж магадгүй. Олон хүн амны хөндийн арчилгаандаа нэг чухал алхмыг орхигдуулдаг бөгөөд энэ нь шүдэнд толбо тогтож, өнгөө алдах шалтгаан болдог гэнэ.

1. Шүдний сойзоо норгож угаахгүй байх
Эхний алдаа бол шүдний сойзоо норголгүй угаах. Зарим хүмүүс хуурай сойзоор угаавал оо толбыг илүү сайн цэвэрлэнэ гэж боддог. Гэвч хуурай сойз нь пааланг хэт их үрж гэмтээхээс гадна оо жигд тархахгүй байх эрсдэлтэй.

Шүдээ угаахаасаа өмнө сойзоо бага зэрэг норгож байгаарай. Энэ нь оог бүх шүдэнд жигд тарааж, илүү үр дүнтэй угаахад тусална.

2. Хоол идсэнийхээ дараа шууд угаах
Хоёр дахь алдаа бол хоол идсэний дараа шууд шүдээ угаах.

Доктор Хамидын хэлснээр олон хүн жүүс, хийжүүлсэн ундаа (чихэргүй байсан ч), жүрж, грейпфрут зэрэг хүчиллэг хүнс хэрэглэсний дараа тэр даруй шүдээ угааж, паалангаа гэмтээдэг гэнэ.

Үнэндээ хүчиллэг хоол, ундаа таны пааланг түр хугацаанд зөөлрүүлдэг тул шууд угаах нь толбыг арилгах бус хамгаалалтын давхаргыг нимгэлж, шүдийг шарлахад хүргэж болзошгүй.

Хэрэв та хүчиллэг зүйл уусан бол дор хаяж 30 минут хүлээж байгаад шүдээ угаагаарай . Энэ хугацаанд таны шүлс пааланг нөхөн сэргээхэд туслах учир угаахад аюулгүй болно.

#шүд #эрүүл мэнд