Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ээжтэйгээ таарахгүй үнэхээр хэцүү байна, танихгүй хүн шиг л надтай харьцдаг
Сайн байна уу, Намайг Г... гэдэг. Би 19 настай. Би гадаад сурдаг бас амьдардаг юм. Аав минь нас бараад ээжтэйгээ хамт амьдрах шаардлагтай болсон. Ээж маань аав биднийг хаяад намайг 3-тай байхад гадаад явсан. Гэтэл аав минь өнгөрөөд 7 хонож байхад нэг эгч намайд ирээд “Би ээж чинь байна, чамайг авч явахаар ирлээ” гэсэн би бүр балмагдаж орхисон. Энэ хүнийг чин би танихгүй шүү дээ. Гэхдээ хамт явахаас өөр аргагүй болсон. Монголд аавтайгаа хоёулахнаа амьдардаг байсан юм. Одоо би энэ харийн улсад ирээд 3 жил болж байна. Ээжтэйгээ таарахгүй үнэхээр хэцүү байна, танихгүй хүн шиг л надтай харьцдаг. Орхиод явчихъя гэхээр ээж минь юм гээд байх юм. Бас хичээл ном ихтэй бас хажуугаар нь цагийн ажил олж хийх ёстой байдаг. Гэтэл гэртээ очихоор нэг л хүйтэн хөндий байдаг. Би яг яах ёстой юм бэ надад туслаач.
Жич: Таныг хүндэтгэсэн Г….
ЗӨВЛӨГӨӨ: Бид ээжтэйгээ харилцах харилцааг сайжруулахад түлхүү анхаарсан зөвлөгөөг өгье
Сайн байна уу Г..., энэ захианы хариу очих өдрийн мэндийг хүргэе. Чи их тэсвэр хатуужилтай охин юм. Энэ их бодол, балмагдал, тодорхойгүй байдал, бухимдлаа дотроо хадгалаад л яваад байвал чамд өөрт чинь стресс үүсгэх, цаашлаад сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй тул бидэнд хандсан чинь маш сайн байна. Та хоёр 13 жилийн туршид хамт байгаагүй, нэг л өдөр ээж нь ирээд хамтдаа амьдарч эхлэсэн нь хэн хэнд нь гэнэтийн бас хүнд туссан нь ойлгомжтой. Иймд бид ээжтэйгээ харилцах харилцааг сайжруулахад түлхүү анхаарсан зөвлөгөөг өгье.
1. Ээжтэйгээ харилцах харилцаа нь нэг л таагүй байгаа нь зөвхөн ээжийнх нь буруу биш гэдгийг ойлгоорой. Магадгүй чиний ээжтэйгээ харилцах харилцаа, хандлага чинь хөндий байдаг болохоор ээж чинь дотно байж зүрхэлдэггүй ч байж болох юм. Яг л чиний хэлснээр та хоёр саяхан танилцсан хүмүүс шүү дээ. Чамд тухгүй байгаатай адил ээж нь ч яах учраа олохгүй байгаа юм билүү. Тиймээс хэн нэгэн нь түрүүлж харилцаагаа сайжруулах алхмууд хийх хэрэгтэй.
2. Болсон явдал нэгэнт болоод өнгөрсөн учраас тэр үед тэгсэн бол эсвэл тэрний буруу гэх мэт өнгөрсөнд харамссан зүйлс бодолгүйгээр одоо байгаа гэр бүлээ хэрхэн халуун дулаан байлгахад анхаараарай. Магадгүй ээж нь орхиод явсанд гомддог бол түүнийгээ хөнгөхөн илэрхийлээд гэхдээ цаашдаа илүү дотносмоор байгаагаа ч хэлээрэй. Өнгөрсөн хугацаанд хамтдаа хийж чадаагүй олон зүйлс байгаа. Ээжтэйгээ хамт хийхийг хүссэн зүйлсийн жагсаалт гаргаад ээждээ санал болговол ямар вэ? Гол нь одоо байгаа харилцаагаа сайжруулахыг үнэхээр хүсч байвал ээждээ хэлээд бас үйлдлээрээ үзүүлээрэй.
3. Харилцаагаа сайжруулах шийдвэр гаргасан ч санаснаар нь болохгүй эсвэл ээж нь хичээхгүй байгаа ч юм шиг санагдаж магадгүй. Ямар ч зүйл өөрчлөгдөхөд хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг санаарай. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С. Цолмон
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх