"Ээж аав хоёр минь бие биедээ маш их хайртай. Даанч..."


Сондор | YOLO.MN
2016-04-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Энэ хэрүүл маргааныг яаж төгсгөхөө би үнэхээр мэдэхгүй нь ээ

Энэ хэрүүл нь өсвөр насны надад маш их хүндээр тусдаг. Аав маань тийм ч тайван хүн биш. Маш огцом ууртай омогтой, ээжийг хэрэлдэх бүртээ элдвээр хэлж харааж зүхдэг. 16 настай Б...

Сайн байн уу, Би 16 настай, эмэгтэй

Үүнийг бичих болсон шалтгаан гэвэл ээж аавын минь хэрүүлээс үүдэлтэй. Байнгын хэрүүлтэй байгаад байдаггүй ч 2-3 хоногт заавал нэг удаа хэрэлдчих гээд байх юм. Шалтгаан нь яг л нэгэн хэвийн, үнэхээр аймшигтай ядаргаатай. Энэ хэрүүл нь өсвөр насны надад маш их хүндээр тусдаг. Аав маань тийм ч тайван хүн биш. Маш огцом ууртай омогтой, ээжийг хэрэлдэх бүртээ элдвээр хэлж харааж зүхдэг. Мөн  ээжид маань үргэлж гар хүрч гэмтээдэг. Би тэр бүрийг нь харж тэсдэггүйгээсээ болж нэг удаа гэрээсээ явахыг оролдож байсан.

Би хэрүүлийг нь зогсоох гэж очин ганц хоёр зүйл хэлэх гэхээр “зайл, чамд хамаагүй” гэх мэтийн боловсон бус харьцаагаар харьцдаг. Ээж аав хоёр маань бие биедээ уг нь маш их хайртай. Тэдний хайр одоог хүртэл хөрөөгүй гэдэгт би итгэдэг. Энэ хэрүүл маргааныг яаж төгсгөхөө би үнэхээр мэдэхгүй нь ээ. Надад аймшигтай хэцүү байна. Бүх зүйлийг хүндээр тусгаж авдаг болсон. Байнгын айдастай болж жаахан зүйлээс л үргэж цочиж айдаг болсон. Надад туслаач. sad

Зөвлөгөө: Тэдэнтэйгээ тус тусад нь ярилцаж, сонсож мөн өөрт ямар байдгаа илэрхийлээрэй

Чи дотроо шаналлаа гээд бодит байдал өөрчлөгдөхгүй. Иймээс шаналалаа багасгаж, илүү идэвхтэй эрч хүчтэй амьдрахад анхаарлаа хандуулаарай. Сэтгэл судлаач Б.Мандухай

Сайн уу. Энэ өдрийн мэнд хүргэе!

Юуны өмнө асуудал хичнээн хүнд байсан ч буруу шийдвэр гаргалгүй өөрийгөө зөв чиглүүлж байгаад нь талархъя.

Энэ асуудал монголын олон гэр бүлд үүсдэг, бүгд өөр өөрийнхөөрөө туулаад өнгөрдөг. Гэр бүлийн зөрчил үүсдэг дийлэнхи шалтгаан нь бие биенээ сонсохгүй байгаагаас болдог. Ээж аав хоёр нь ч мөн бие биенээ бүрэн сонсож ойлголцож чадахгүй байх магадлалтай. Хэн нэгэн хүн сонсож, анхаарал тавих нь бидэнд сайхан санагдаж, хайрлуулж байгаагаа улам бүр мэдэрдэг шүү дээ. Яг тэр мэдрэмжийг ээж аавдаа өгөөрэй гэж чамд хэлмээр байна. Тэдэнтэйгээ тус тусад нь ярилцаж, сонсож мөн өөрт ямар байдгаа илэрхийлээрэй.

Түүнчлэн юу юунаас илүү чухал зүйл бол чиний сэтгэл зүйн тайван байдал, өөрийгөө тайвшруулах амьсгалын дасгал хийж сурахад илүүдэхгүй. Мөн аль болох хувийн хөгжилдөө анхаарч өөрийгөө завгүй байлгаарай. Сонирхолтой хамт олноор өөрийгөө хүрээлүүлж, айдсаа мартаж байх хэрэгтэй. Чи дотроо шаналлаа гээд байдал бодитоор өөрчлөгдөхгүй. Иймээс шаналлаа багасгаж, илүү идэвхтэй эрч хүчтэй амьдрахад анхаарлаа хандуулаарай. Амжилт хүсье. wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #ЭцэгЭх #Ганцаардал