Чи бусдад үгүй гэж хэлэхдээ санаа зовдог уу? Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсээгүйдээ “тийм” гэж хэлж байсан уу? Магадгүй чи заримдаа “үгүй” гэж зоригтойгоор хэлж чаддаггүй нэгэн байх. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ асуудлыг даван туулахын тулд хэрхэн өөрийгөө илэрхийлэхэд л суралцах хэрэгтэй.
Бодитоор харвал чи үгүй гэж хэлснээр бусдаас хүндэтгэл хүлээж, өөртөө илүү таалагдах болно. Өөрөө өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаа хүнд бид өөрийн эрхгүй татагддаг. Тиймээс зөв цагтаа “үгүй” гэж зоригтойгоор хэлж байгаарай.
Жишээ нь хэн нэгэн чамайг хариуцлагаа хүлээхийг хүсвэл чи үгүй гэж хэлэхэд мэдээж зохимжгүй. Харин чиний үүрэг хариуцлагаас хэтэрсэн зүйл эсвэл ямар нэг аюултай шударга бус зүйлийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгуулах гэж хичээж байгаа тохиолдолд чи үгүй гэж хэлэх хэрэгтэй. Бид өөрийгөө илэрхийлж чадахгүй байснаасаа болж хүсээгүй зүйлээ хийж өөрийгөө зовоож орхидог. Бид юунаас айдаг вэ?
Ганц удаа гэсэн бодол: Насанд хүрэгчдийн санааг зовоодог нэг асуудал бол амьдрал дахь хорт болон буруу зуршлууд юм. Эдгээр алдаанууд зөвхөн нэг удаагийн оролдлогоос л эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид нэг удаа оролдож үзэхдээ үүнийг насан туршдаа хэрэглэнэ гэж огт боддоггүй.
Бусдад таалагдахгүй байх гэсэн айдас: Миний найз л юм бол эсвэл надад хайртай л юм бол үүнийг зөвшөөр гэж хэн нэгэн чамд хэлж байсан уу? Энэ бол чамайг гарцгүй болгох гэсэн нэг арга юм. Чиний үгүй гэж хэлэх нь муу зүйл огт биш харин бусдыг хүчлэх нь л буруу үйлдэл. Хэн нэгнийг үнэхээр хайрлаж эсвэл хүндэтгэж байвал үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс чамайг хүчилж байгаа хүмүүсийн үгэнд орох гэсний хэрэггүй. Хэрвээ чиний үгүй гэж хэлж чадахгүй байгаа шалтгаан нь бусдад таалагдах гэсэн хүсэл бол өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
- Энэ хүмүүст таалагдах нь яагаад чухал вэ?
- Энэ үйлдлийг хийснээр ямар сөрөг үр дагаварт хүрч болох вэ?
Бусад хүмүүс чамайг юу ч гэж байсан хамаагүй зөв зүйлийг зоригтойгоор хийж байвал чи өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чадна.
“Хэн нэгнийг гомдоох вий” гэсэн бодол: Бидний бас нэгэн буруу ойлголт. Та үгүй гэж хэлснээр хэнийг ч гомдоохгүй. Жишээ нь чамд таалагдахгүй хөвгүүнтэй/охинтой болзож өөрийгөө хэцүү нөхцөл байдалд оруулах хэрэггүй. Учир нь үгүй гэж хэлэхээс илүүтэйгээр чи түүнд итгэл найдвар төрүүлэх нь түүнийг илүү гомдоох болно. Тиймээс зүгээр л үгүй гэж эелдгээр хэл. Эсрэгээрээ чи тийм гэж хэлснээр гарах үр дагавар нь илүү сөрөг байж мэднэ. Учир нь энэ харилцаа цааш үргэлжилсээр үгүй гэж хэлэхэд илүү хүнд болдог.
Хэрхэн үгүй гэж хэлэх вэ?
Завсарлага ав. Хурдан шулуухан хариулт өгөх гэж бүү яараарай. “Тийм”, “Үгүй” хоёрыг сайтар дэнсэл (эргэцүүлэн бод). Яаралтай зүйл биш л бол "Найз нь дараа хариуг нь хэлье" гээд хэн нэгэнтэй зөвлөлдөж болно.
Гуйлтыг нь хойшлуул. Чиний татгалзлын хариу нь нөгөө хүнтэйгээ тогтоосон харилцааг тасалж байгаа хэрэг биш юм. Зөвхөн тухайн нөхцөл байдалд л хамаатай хэрэг. Тиймээс саналыг хойшлуулж эсвэл буцаахдаа санаа зовох хэрэггүй юм шүү. Хэрэв хэрхэн хэлэхээ мэдэхгүй бол дараах хэлбэрүүдээс сонгож болно.
- Чиний үзэл бодлыг хүндэлж байгаа ч энэ надад тохирохгүй
- Өнөөдөртөө би хүсэхгүй байна
- Намайг уучлаарай гэхдээ энэ удаад би амжихгүй бололтой
Асуулт тавь. Хэрэв чамайг дарамталж байгааг мэдэрвэл шууд л “яагаад надад тулгаад байгаа юм бэ?” гэж асуу. Энэ нь чамайг санаачлагыг гартаа авч өөрийгөө эрсдэлээс хамгаалахад туслах болно.
Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илтгэ. Чиний татгалзсан хариу нь эсэргүүцсэн байр суурийг чинь илтгэх учиртай. Эс бөгөөс нөгөө хүн чинь дахиад оролдлого хийх болно шүү. Нэмж хэлэхэд өөртөө итгэлтэй, зоригтойгоор татгалзсан хариу өгөх нь чиний бусад хүнд хүслийг чинь хүндэтгэх хэрэгтэйг сануулах болно.
Эцэст нь хэлэхэд хамгийн чухал нь чи бол хорвоо ертөнцөд хайрлуулах гэж бас өөрийн гэсэн гайхалтай өнгийг бусдад харуулах гэж ирсэн хүн юм шүү. Тиймээс сайхан бүхнээ тодотгож, өөрийнхөөрөө байж бусдыг ч мөн үлгэрлэ.
ССҮТ-ийн сэтгэл судлаач Б.Ганзул
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх