ЗАХИДАЛ: Үеийн хүүхдүүд амжилттай сураад байхад би тоогоо ч ойлгохгүй байна


ССҮТөв | YOLO.MN
2017-12-15

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Учир юу вэ гэвэл би математик физик гэх мэт тооны хичээлүүд дээрээ маш муу

Хааяа би өөртөө маш их урам хугардаг, миний үеийн бусад хүүхдүүд амжилттай сураад байхад би тоогоо ойлгохгүй яваад байдаг

Сайн байна уу! Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Учир юу вэ гэвэл би математик физик гэх мэт тооны хичээлүүд дээрээ маш муу хичээлийн үеэр нойр хүрч анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээдэг ч ерөөсөө төвлөрч өгдөггүй багшийнхаа зааж байгааг ойлгохгүй байдаг. Харин миний сайн хичээл гэвэл англи хэлний хичээл,   хичнээн багшийнхаа тайлбарласныг сонсоогүй ч дор нь л өөрөө хараад ойлгочихдог. Хааяа би өөртөө маш их урам хугардаг, миний үеийн бусад хүүхдүүд амжилттай сураад байхад би тоогоо ойлгохгүй яваад байдаг мөн би аав ээжийнхээ урмыг хугалмааргүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн сул тал болон давуу талыг мэдэж байгаа чинь сайн хэрэг

Давуу талаа цааш хөгжүүлээд сул талаа ч орхигдуулахгүй хөгжүүлэх нь чухал юм.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн сул тал болон давуу талыг мэдэж байгаа чинь сайн хэрэг. Давуу талаа цааш хөгжүүлээд сул талаа ч орхигдуулахгүй хөгжүүлэх нь чухал юм. Бид хүсвэл ямар ч хичээлдээ сайн болж чадна. Дараах зөвлөгөөг өгье:

1.  Эцэг эхдээ энэ байдлаа хэлээд үзээрэй. Би бусад хичээлээ ойлгоод байна гагцхүү математикийн хичээл дээр дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгээ хэлээрэй. Эцэг эхдээ хэлээд багшаасаа ганцаарчилсан давтлага авах эсвэл математикийн сургалт дугуйланд  суух ч юм уу ямар боломж байна гэдгийг ярилцаад үзээрэй.
2. Ойлгохгүй бол асуу. Зөвхөн онц дүн авахаас илүүтэйгээр ойлгох нь чухал. Эхний бодлогыг ойлгоогүй бол дараагийн бодлогыг ойлгохгүй тиймээс санаа зовохгүйгээр багшаасаа асууж сураарай. Хэрэв багш чинь  туслахгүй бол ангийнхаа найзуудаас ч асууж болно.
3.  Гэрийн даалгавар.  Гэрийн даалгавар бол анги дээр үзсэн юм аа бататгах зорилготой  байдаг. Тийм учраас анги дээр орсон хичээлүүдээ  гэртээ заавал давтаж хэвшээрэй.
4. Хэт хүндээр тусгах хэрэггүй. Мэдээж хичээлдээ сайн, аав ээжийнхээ бахархал нь болох сайхан хэрэг ч хэтэрхий их санаа зовсноос болоод чи аз жаргалгүй болбол эсрэгээрээ улам анхаарал чинь төвлөрөхөө больж хичээлүүддээ сулрах болно. Тиймээс аз жаргалтай байх, өөрийгөө баярлуулж байхаа битгий мартаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Learning #Bad #Teenager