Цагт 50 үг цээжлэх ШИЛДЭГ АРГА


Сондор | YOLO.MN
2016-04-26

Гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүн итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.

Одоо цагт 50 гадаад үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцъя.

Нэгд, ой тогтоолт буюу ЗҮГЭЭР ТӨСӨӨЛ

Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргах арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгийнхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдгийг бүгд мэднэ.

Жишээлбэл, монголоор “үзэг” гэдэг үгийн оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ объектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй ЗҮГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД л хангалттай.

Хоёрт, ижил төстэй үгийг санаж ХОРШУУЛАН ТӨСӨӨЛ

Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож цээжлэнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй “пин” (pin-хатгах, хатгаж тогтоогч  ) гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно.

Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож мэдэрнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эсвэл “bald” буюу халзан гэдэг үгийг цээжлэхдээ дуудлага ижил Болд нэртэй нэгэн эрийг төсөөл. Тэр Болд халзан гээд л бодчих. Зөрж өнгөрсөн танихгүй нэгэн халзан хүнийг Болд гэдэг байх хэмээх дотроо таамаглан төсөөл.  Ингээд л чи халзан гэдгийг англиар юу гэдгийг цээжилчихлээ.

Эрдэмтний судалгаагаар,
2000 үгийг тогтоочихвол уншиж буй зүйлийнхээ 60%
5000 үг цээжилчихвэл уншиж буй зүйлийнхээ 85-90%
10.000 үг цээжилбэл уншиж буй зүйлийнхээ 93%-ийг ойлгох чадвартай болно. Тэгэхээр цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт сайжирна.

Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000 үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Гэхдээ мэдээж цагт цээжилсэн 50 үгээ байнга давтахгүй бол мартагдана гэдгийг санаарай.

#Lesson #Хичээл #Mission #Зорилго