Сүүлийн жилүүдэд Монголын уран сайхны кинонууд ихээр хийгдэх болсон. Тэр дундаас маш олон зүйлсийн учир шалтгааныг ухааруулах, ялангуяа залуу хүмүүст хүчтэй "мессеж" өгөх кинонуудаас та бүхэндээ танилцуулъя.
"Зүрхний хилэн" МУСК
"Фантастик" продакшн, "Монгол Контент" ХХК-ий хамтын бүтээл "Зүрхний хилэн" кино нь өсвөр үеийнхэн гэлтгүй Монгол хүн бүр заавал үзэх түүхэн утга агуулгатай билээ.
Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож зугтааж байгаагүй Батгүнээс зугтаж үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу тэднийг барихын тулд хамаг аргаа хэрэглэнэ. Эрх чөлөө эх орон эр бие Монгол хүний арга ухаан Монгол ахуй зүрх сэтгэл нь юунд оршдог талаар өгүүлнэ.
Та бүхэн "Зүрхний хилэн" киног үзэж амжаагүй байгаа бол бүх кинотеатруудаар өдөр бүр гарч байгаа гэдгийг дуулгаж байна.
"Аав" МУСК
Black Zebra студийн бүтээл Аав МУСК нь өсвөр насандаа үерхэх хүнээ зөв сонгоогүйгээс болж ямар үр дагавар үүсдэг болон эцэг хүний хайр энэрлийн талаар дүрсэлсэн юм.
Оюутан наснаасаа салаагүй залуу гэнэт л аав болсноо мэднэ. Гэхдээ ганц бие аав! Нялх охиноо ганцаараа өсгөх аавд амьдрал ямар санагдах бол. Тэр дурлахыг хүснэ, найз нөхөдтэйгөө хөгжилдөхийг хүснэ. Харин өнөөдөр аз жаргалтай амьдрах аав охин хоёрын амьдралд юу тохиолдох бол?
"Маш нууц" МУСК
Энэхүү киног 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн ангид болсон явдлаас сэдэвлэн уран сайхны кино болгон хийсэн юм. Уг кинонд хүний эрхээс илүү тушаал шийдвэрийг дээдэлснээс болж үзэл бодлын зөрчил, эх үрсийн хагацал мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлнэ.
Хугацаат цэргийн албаа дуусгаж /3 жил/ гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин нэг жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ. Өөрийн хувийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жагсаалын дарга Цоодол эрх мэдлээ хэтрүүлж тухайн үеийн цэргийн дэг гэгчийг дархалснаас хороог бүхэлд нь оны ялгаагаар хагаралд хүргэнэ.
Ийнхүү халагдах хугацаагаа сунгуулсан 4 дахь оныхон болон ЖА-гийн дэглэлтийг эсэргүүцсэн шинэ цэргүүд эцэстээ төрд тэрслэгчид болж улмаар хүний тооноос хасагдах хэмжээнд хүрч байгааг онц сонирхолтойгоор уран сайхны аргаар тусган харуулсан болно.
"Содура" МУСК
UBS телевизийн бүтээл Содура МУСК нь 2015 онд нээлтээ хийх үедээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан тайгын амьдарлыг гайхалтайгаар дүрсэлж чадсан билээ.
Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувьд заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна. Ингээд түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авна.
"Том толгойтын романс" МУСК
Brotherhood уран бүтээлийн нэгдлийн “Том толгойтын романс” МУСК нь гэр бүлийн аз жаргалыг ямар сайхан зүйл байдаг вэ гэдгийг өөр өнцгөөс харуулж чадсан юм.
Италийн алдарт кино зохиолч Lina Wertmiller-н зохиолоос сэдэвлэн бүтээв. Группийн өв залгамжлагч, ерөнхийлөгч бүсгүйн адармаатай амьдрал нь түүнийг хөтлөн энгийн нэгэн аж ахуйч, цахилгаанчин залуутай учирч байгаагаар энэхүү кино эхэлнэ. Гэнэтийн явдлаас болж ухаан санаагаа алдсан бүсгүй гурван хүүхдийн ээж болж гэр хорооллын амьдралын бүхий л нугачааг туулж өнгөрүүлдэг.
Түүний анхны нөхөр болох тус группийн Дэд ерөнхийлөгч болон түүний төрсөн ах хуульч хоёр үгсэн хувилдаж бүсгүйн хөрөнгийг өөрсдийн болгох гэсэн далд санааг өвөрлөж байгаа нь киноны үндсэн гол зөрчил юм. Гурван хүүхдийн аав болох аж ахуйч залуу өөрийн мэдэлгүй зөв сэтгэлээр бүсгүйд тусалж, улмаар хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргалыг түүнд өгдөг.
Шинэхэн хэр нь санаандгүй бүрэлдсэн гэр бүлийн хооронд хөгжилтэй, будлиантай, алдаатай, оноотой өдрүүд дурсамж болон өнгөрнө. Удалгүй бүсгүйн ухаан санаа сэргэж хуучин амьдралаа эргэн санах боловч сайн мөрдөгчдийн ачаар нөхөр болон түүний ахын башир залийг мэдэж шүүхэд өгдөг. Ингэснээр бүсгүй гурван хүүхэдтэй цахилгаанчин залуутай амьдралаа дахин эхэлснээр энэхүү кино төгсдөг.
"18 нас: Би чамд хайртай" МУСК
Өсвөр үеийнхний тулгардаг саад бэрхшээл, хайр дурлалын асуудлыг хөндсөн Fantastic продакшны тус бүтээлийг онцоллоо.
UFC буюу Холимог тулааны тамирчин залуу, хийлийн ангийн оюутан охин 2 мөсөн гулгуурын талбай дээр санамсаргүй танилцсанаар тэр 2 ын хайр дурлал эхэлнэ.Тэр 2-ын хайр дурлал гайхалтайгаар үргэлжлэх боловч гэнэтийн асуудлаас болж бүх юм өөр тийшээ эргэнэ. Залуу насны хайр дурлал анхны хайр хэрхэн өрнөх бол гэдгийг киноноос хүлээж авах боломжтой юм.
"Хоёр амь" МУСК
Хамба Фильм, Монгол Контент ХХК-ийн бүтээл "Хоёр Амь" МУСК нь эцгийн хайр энэрлийг өвөрмөц аргаар дүрслэн өгүүлсэн юм. Энэ киног үзсэн хүн бүр аавыгаа хайрлах, энэрэх бодол өөрийн эрхгүй төрөх болно.
Жаргал хүү осолд орж эмнэлэгт хүргэгдлээ гэсэн гэнэтийн мэдээг дуулаад Галаа эмнэлэг рүү яаран гүйнэ. Хүүг сэхэхгүй ч байж мэднэ гэх эмч нарын яриаг аав нь сонсохыг ч хүсэхгүй байв. Олон сар ухаангүй хэвтсэн хүүгийнхээ төлөө шантралгүй тэмцэх эцэг хүний сэтгэл. Галаа хүүгээ нэг л өдөр ухаан орно гэдэгт итгэсээр...
"Хоёр Амь" киног үзэж амжаагүй бол Юнивишн, Скаймедиагийн кино сангаас гэртээ тухлан сууж үзэх боломжтойг дуулгах таатай байна.
"Аз жаргал" МУСК
Aurora Film-ийн бүтээл, найруулагч Б.Чингүүний олны хүртээл болсон уран бүтээл "Аз жаргал" кино нь танхим дүүрэн үзэгчдийн нулимсыг дуслуулж чадсан гэхэд хилсдэхгүй юм.
Уг кинонд Азааг долоон настай байхад түүний ээж Алимаа дүү Жаргалыг нь төрүүлэх гэж байгаад төрөхийн хүндрэлээр нас бардаг. Аз, Жаргал гэдэг хоёр охин, аав Цэдэнгийн хамт хүнд хэцүү амьдралыг туулна. Цэдэнгийн хөрш Самбуу, Туяа хоёр Цэдэн болон охидод тус нэмэр болно.
Хэрсүү охин Азаа ээжээсээ хойш гэр орон, аав дүү хоёроо арчилж, амьдралын хэцүү бэрхийг тэвчээр зоригтой даван туулна. Хүнд хэцүү байдлаасаа болж Азаа дүүгээ, нэгэн сэтгэл сайхантай нэгэн ганц бие эрийн гэрт үлдээдэг. Ийнхүү эгч дүү хоёр төөрөлдөнө.
Үргэлжлэл бий...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх