ФОТО: Шинэ оноо угтах орон орны уламжлал


Х.Арысхан | YOLO.MN
2017-12-04

Шинэ жил гэдэг дэлхийн бүх улсын хүмүүс яс үндэс, гарал үүсэл, буурай хөгжингүйгээр ялгаралгүй тэмдэглэдэг ганц баяр гэж хэлбэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэдийгээр бүгд л шинэ оноо угтаж байгаа боловч, энэхүү баярын тэмдэглэж буй хэлбэр, нэршил гээд бүгд өөр өөрийн онцлогтой билээ. Та бүхэнд улс орон бүрийн шинэ оноо гаргадаг уламжлалын талаар  сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

БОЛГАР

Болгарчууд энэ баярыг уламжлал ёсоор гэртээ гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэцгээдэг. Баяр эхлэхийн өмнө гэрийн хамгийн бага настай хүүхэд гацуур модны өмнө зогсон дуу дуулж өгдөг. Шинэ он гарч цагийн зүү 12 цохисны дараа гэрийнхээ бүх гэрлийг унтраан гэрт цугласан хүмүүс нэг нэгэндээ шинэ жилийн үнсэлт бэлэглэнэ. Дараа нь гэрийн эзэгтэй олон төрлийн гэнэтийн бэлэгтэй бялууг хувааж хүн бүрт тараана.


АНГЛИ

Англичууд шинэ жилээр "Father Christmas" буюу Санта Клауст  бэлэг захиалан захидал бичицгээдэг уламжлалтай. Тэд шинэ онд хүсч байгаа зүйлээ бичсэн захидлаа ил зуух руу хийж шатаадаг бөгөөд яндангийн утаа хүслийг нь Санта Клауст хүргэж өгнө гэдэг. Англичууд бүх танил, найз нөхөддөө зул сарын баярын сэдэвтэй ил захидал заавал илгээж, баярын мэндийг хүргэдэг ёстой.

 

 

 

 

 


ЯПОН

Японд шинэ жилийн өмнө тухайн жилийнхээ бэлгэдэл болох амьтны дүрстэй ил захидал бэлэглэдэг. Мөн шинэ жилийн баярын бурхныг хүндэтгэсэн нарс, хулс, цагаан будааны хулс сүлжин хийсэн кадомацу нэртэй ёслолын модыг үүднийхээ өмнө авч тавьдаг.

 

 

 

 

 


АМЕРИК

Америкчууд шинэ жилийн бэлэгнээс гадна түүнийг боосон сав, баглаа боодолд анхаардаг. Зул сарын баяраар халуун ам бүлээрээ цуглан, байцаа шиг олон давхар боодол, баглаатай бэлгийг задлан дотор нь юу байгааг таахыг хичээдэг.

 

 

 

 

 

 


ФРАНЦ

Францчууд зул сарын баяраар чин сэтгэлээсээ л бол ямар ч бэлэг өгч болно гэж үздэг байна. Гэхдээ хэнд ямар бэлэг өгөх ёстойг олон зуун жилийн явцад тогтсон бичигдээгүй хууль зохицуулж байдаг.

 

 

 

 

 


ГРИНЛАНД

Гринландын уугуул иргэд болох эскимосчууд шинэ жилээр нэг нэгэндээ мөс зорж хийсэн цагаан баавгай, далайн арслангийн баримал дурсгацгаадаг гэнэ. Харин энэ нутагт зун ч гэсэн хүйтэн сэрүүн байдаг болохоор мөсөн бэлэг нь барагтай бол хайлдаггүй онцлогтой.

 


ШВЕД

Туйлын тойргийн ойролцоо амьдардаг Шведчүүд шинэ жилээр нэг нэгэндээ өөрийн гараар хийсэн лаа бэлэглэдэг уламжлалтай. Энэ нутагт өвөл маш эрт буюу 15-16 цагийн хооронд харанхуй болдог тулд ийнхүү лаа бэлэглэснээр гэрэл гэгээтэй, аз жаргалтай байхыг бэлгэддэг байна. Хүүхдүүдтэй айлд гэрийн эзэн нь хогоо асгахаар гараад Юль Томтены (өвлийн өвгөн) хувцас өмсөн эргэн орж ирснээр шинэ жилийн баяр нь эхэлнэ. Шөнө дунд болоход бүгд цэцэг шидлэн, бишгүүр бүрээ үлээцгээн өвлийн өвгөн бэлгээ тарааж эхэлнэ.

#NewYear #Tradition