ЭТГЭЭД ҮСТ дуучин залуу буюу THE WEEKND гэж хэн бэ?


Сондор | YOLO.MN
2016-03-21

Баруунд төдийгүй Монголд ч The Weeknd-ийг мэдэхгүй, дууг нь сонсдоггүй залуус ховор биз ээ.

Түүний жинхэнэ нэрийг Абель Тесфайе гэдэг. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лос-Анжелес хотноо болсон Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос soul ба R&B төрлийн шилдэг уран бүтээлчээр шалгаран амжилтаа ахиулжээ.

Ингээд “Earned it”, "The Hills" болон "Cant Feel My Face" дуунуудаар нь бидний сайн мэдэх залуу дуучин The Weeknd-ийн талаарх чиний мэдэхгүй 9 баримтыг хүргэе.

1. Этиопийн этгээд үст дуучин залуу
Тэр бол Этиоп гаралтай, өнгөт арьст залуу. Түүний эцэг эх нь Этиоп улсад төрж өссөн. Этиопын эзэн хаан Хайле Селассие таалал төгссөний дараа тус улсад үймээн самуун дэгдэж, олон хүн Европын орнууд руу дүрвэжээ. 1980-аад оны эхээр түүний эцэг эх Канад руу цагаачилж тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 16-нд Канадын Торонто хотод төрсөн юм. “Ээж, эмээ хоёр минь надад төрсөн нутгийнхаа тухай үргэлж ярьдаг. Ээж минь Этиопын гал тогоо, хоолны тухай ярих дуртай. Би Этиоп гаралтай гэдгээрээ бахархдаг” гэж тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсчээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салсан бөгөөд ээж нь хүүгээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг байжээ. Ихэнх цагаа эмээтэйгээ өнгөрөөдөг байсан бяцхан хүү анх англи биш харин амхар хэлээр (Этиопын үндэсний хэл) хэлд орж байжээ.

2. Орчуулбал “Амралтын өдөр” гэсэн утгатай тайзны нэрний тухайд
Нэгэн хэвийн амьдралаас уйдсан Тесфайе 17 настайдаа ахлах сургуулиа хаяж, хамгийн сайн найз Ламар Тейлорийн хамт гэрээсээ зугтжээ. Даваа гарагт гэрээсээ гарсан залуус амралтын өдөр хүртэл гэртээ ирэлгүй "чойрсон" байна. Үүний дараа Абель Тесфайе нэрээ The Weekend болгож өөрчлөхөөр шийджээ. Гэвч Канадад тийм нэртэй хамтлаг байдаг учир дуучин зохиогчийн эрхийн асуудалд орохгүй нь тулд The Weeknd болгон өөрчилжээ.

3. Замаа алдах үе байсан ч засаад авч чадсан
17 настайдаа гэрээсээ явсан Тесфайе ахлах сургуулийнхаа найз нарын хамт 850 долларын үнэтэй нэг өрөө байр хөлслөн амьдарна. Тэд байрны мөнгөө нийгмийн халамжаас өгсөн мөнгөөрөө төлдөг байв. Тэдний амьдарч байсан дүүрэгт ихэнхдээ хар тамхичин-оюутнууд амьдардаг байсан гэж дуучин нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Тэрээр найзуудын хамт өдөр нь ойролцоох дэлгүүрүүдээс хулгай хийж, харин шөнө нь цэнгээний газруудаар хэсэж өдөр хоногийг өнгөрөөдөг байжээ. Ийнхүү Абель Тесфайе хар тамхинд донтжээ. Хар тамхи зарж мөнгө олохоор хичээж байсан боловч заримдаа гуйлга гуйх тохиолдол хүртэл гардаг байжээ. “Хонох газар байхгүй үед бүсгүйчүүдэд хайртай гэж худлаа ярьдаг байсан. Намайг өөрийн найз залуугаа гэж боддог гурван охин байсан. Хоёр жил хар тамхинд донтож, ээжтэйгээ жил гаруйн хугацаанд харьцаагүй, орон байргүй амьдарч байсан. Гэхдээ би энэ бүхнийг даван туулж чадсан” гэж Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

4. Олны хүндэтгэлийг хүлээх дуучны гарааны эхлэл
Ингэж амьдарч байх хооронд дуучин The Weeknd Торонтод продюсер Жереми Роузтай танилцжээ. Роуз түүний “What You Need”, “Lost Music”, “The Morning” дуунуудыг продюсерлож тус хүүд туслалцаа үзүүлжээ. Гэвч төд удалгүй тэдний хооронд маргаан үүсч Жереми Тесфайетэй цуг хамтлаг байгуулахыг хүссэн боловч дуучин түүнийг зөвхөн продюсерын үүргийг л гүйцэтгэхийг шуудхан хэлж орхисон юм. Эцэст нь тэр хоёрын зам салж, Жереми өөрийн продюсерлосон дуунуудыг дуулах зөвшөөрлийг Тесфайед олгосон байна. 2010 оны арванхоёрдугаар сард Абель Тесфайе YouTube руу анх The Weeknd нэрээрээ “What You Need”, “Loft Music” болон “The Morning” дуунуудаа оруулжээ.

5. Түүний нөлөө бүхий хамтрагч дуучин Дрэйк
Түүний дуунууд Канадын фм, радиогоор байнга цацагдаж байсан ч энэ нь урлагийн ертөнц руу ороход хангалтгүй байлаа. Канадын рэппер Дрэйк өөрийн твиттер хуудсандаа Абель Тесфайегийн “Wild Games” дууны үгээс ишлэл үлдээж, дууг сонсож үзэхийг дагагчдаасаа хүсжээ. Ийнхүү алдарт рэппер нутагт нэгтнийхээ олны танил болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Үүний дараа The Weeknd Дрейкийн "Take Care" нэртэй шинэ цомгонд хамтран ажиллаж, гурван дуугаа оруулжээ. Дуучин Дрейк “Бид нэг гэр бүл. Тэр бас Торонтогийн бүтээгдэхүүнүүд” гэж хамтрагчийнхаа тухай хэлж байсан бол Тесфайе “Би түүнд үргэлж талархаж явах болно. Тухайн үед надад туслаагүй бол би энэ тайзан дээр байхгүй байсан” гэж ярьжээ.

6. Тэрээр нууцлаг нэгэн, охид ч түүнд нь дуртай
Олны танил болсноосоо хойш илэн далангүй ярилцлага өгсөн удаа тун ховор гэдгийг чи анзаарсан л байлгүй. Тэрээр анхаарлын төвд байх дургүй бөгөөд “Өнөөдөр бидний бүх юм олны нүдэнд ил байгаа нийгэмд амьдарч байна. Хүмүүс миний талаар бага мэдэх тусам миний дуучны карьер удаан үргэлжилнэ” гэж үздэг байна. Түүнчлэн хэвлэлд ярилцлага өгөх дургүй бас нэгэн шалтгаан нь ахлах сургуулиа ч төгсөөгүй учир боловсролтой хүмүүсийн хажууд өөрийгөө эвгүй байдалд байгааг мэдэрдэг хэмээн дуучин тайлбарлаж байжээ. Бас ч гэж ухаантай хүний бодол шүү.

7. Түүний гол имиж болсон үсний тухайд
Танд түүний үсний хэв маяг таалагддаг уу. Дуучин хачин этгээд гэмээр үсний засалттайг та бид мэднэ. Тэрээр энэхүү үсээ ургуулаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Үснийхээ хатуу хэвийг хадгалахын тулд тусгай шампуниар угаадаг байна. Өглөө сэрэх болгондоо үснээс нь болж хүзүү нь өвдсөн байдаг гэсэн ч ойрын хугацаанд үснийхээ стилийг өөрчлөх бодолгүй байгаа гэнэ.



8. Майкл Жексоны үнэнч шүтэн бишрэгч
Тоглолтын өмнө Абель Тесфайе алдарт дуучин Майкл Жексоны “Off The Wall” цомгийг сонсож эрч хүч авдаг байна. “We are the world” дууны анхны хувилбарыг дуучин Майкл Жексон Африкт тэр тусмаа Этиопт өлсгөлөнгөөр амиа алдаж буй хүмүүст туслахад уриалан дуудах кампанит ажлын хүрээнд 1985 онд бичиж байсан билээ. “Би энэ дууг сонсож өссөн. Майкл бидний хувьд Африкийн бэлгэ тэмдэг байсан” гэжээ.

9. Хайрын романс
The Weeknd загварын ертөнцөд шинээр төрөн гарч ирж буй загвар өмсөгч бүсгүй Белла Хадидтай үерхдэг. Өдгөө 19 настай Белла Хадид дуучны “In The Night” дууны клипэнд хүртэл тоглоод амжсан юм. Хосуудын харилцаа хагас жил үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн хосууд салсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон юм. Гэхдээ энэ нь түр зуурын салалт байсан бөгөөд тэд өдгөө болзсон хэвээр байгаа юм.

Этиопын этгээд үст дуучин залуу The Weeknd-ийн тухай сонсож байгаагүй баримтуудыг хүргэсэн гэдэгт найдаж байна. Дараагийн удаад ямар уран бүтээлчийн тухай мэдээллийг сонирхмоор байгаагаа сэтгэгдлээр бичиж үлдээнэ үү.

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай smiley

               

#Дуучин #TheWeeknd