Тэтгэлэг(scholarship) гэдэг үг нь scholar буюу эрдэмтэн гэсэн үгнээс гаралтай. Энэ ч утгаараа эрдэм мэдлэг олж авахад зориулагддаг санхүүгийн тэтгэлэг юм. Төрөлхөөсөө мундаг төрчихсөн, төгс төгөлдөр, олон хэлээр чөлөөтэй ярьдаг хүмүүст л тэтгэлэг хүртдэг юм биш. Хүсвэл чи ч авч болно. Гэхдээ тэнгэр ширтээд хэвтэж байхад чинь “Алив ээ сур” гээд тэтгэлэг өгчихгүй нь ойлгомжтой.
Мэдээж тодорхой хэмжээний шалгуур тавина. Бид энэ удаад бакалаврийн түвшний оюутнуудад олгогддог дотоодын тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг хүргэж байна.
1. Зориг сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн тэтгэлэг
Зарлагддаг хугацаа: Есдүгээр сард
Онцлог: Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөрөө өгчихөөд зүгээр ч нэг дуусгавар болчихдог тэтгэлэг биш. Нэг жилийн хугацаанд нийт тэнцсэн оюутнуудынхаа дунд уралдаан зохиож, хувь хүний хөгжлийн лекцүүд зохион байгуулдаг. Өөрийн хүсэлтээр мэргэжлийнхээ дагуу хүссэн газартаа дадлагад гарах боломжийг ч олгодог.
Хамрах хүрээ: 2-оос дээш курсийн оюутнуудад нээлттэй.
Шалгуур: Хоёр үе шаттай
Нэгдүгээр шатанд эссе бичүүлж, анкет бөглүүлнэ. Эссений сэдэв жил бүр өөрчлөгддөг тул урьдчилж бэлдэхэд асуудалтай. Гэхдээ шалгаруулалтаас өмнө сар шахам хугацааны өмнө удирдамжаа гаргадаг тул эссе бичих хугацаа хангалттай байдаг.
Анкетны хувьд чиний нэр нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүдийг авах ба өрхийн дундаж орлого, хэлний мэдлэг гэх мэт асуултууд багтана.
Зөвлөгөө: Эссендээ “чамайг яагаад сонгох ёстой вэ?” гэдгийг сайн гаргаж бичих хэрэгтэй. Ингэхийн тулд “Би бол ийм тийм”, “ намайг сонговол алзахгүй” гэх мэт зүйлс бичих нь төдийлөн зохимжгүй. Зүгээр л бич, бичлэгээс чинь чиний гал эрмэлзэл үнэртэж байвал л болох нь тэр.
Хоёрдугаар шатанд тэнцсэн тохиолдолд ярилцлаганд орно. Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагиас нийт хүн хүн чамаас ярилцлага авна. Ярилцлагын үеэр шүүгч нар чамаас юу ч асууж болно. Мөрөөдөл, авьяас чадвар, мэргэжлээ сонгох болсон шалтгаан гээд л бүр хоббиг чинь ч сонирхож магадгүй.
Зөвлөгөө: 2-р шатанд чи яагаад энэ тэтгэлгийг хүртэх ёстой гэдгээ харуулах хэрэгтэй. Гэхдээ учир начиргүй зовлон тоочоод байх нь зохисгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байж залуу хүний гал эрмэлзлээ тэдэнд мэдрүүл. Үүнийг доорх хоёр жишээгээр тайлбарлая л даа.
“Би ээжтэйгээ хоёулханаа амьдардаг, миний ээж намайг тэжээх гэж өдөр шөнөгүй борви бохис хийлгүй ажилдаг, би сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийж маш их ядардаг. Улмаар хичээл хийх ч хүсэлгүй болж байна” эсвэл “Ээж бид хоёр хоёулханаа амьдардаг. Ээж минь намайг өдийг хүртэл дутах зүйлгүй сайхан өсгөсөн учраас би ээжээрээ бахархдаг. Би хичээлээ тараад ажил хийдэг. Мэдээж шантрах үе гардаг л даа. Гэвч ээжийгээ бодохоор хүч ордог.”
Дээрх хоёр ярианы аль нь дээр сонсогдож байна. Хоёулаа нэг зүйлийн тухай өгүүлж байгаа мөртлөө илэрхийлэл нь ялгаатайгаас болж хоёр өөр сэтгэгдэл төрүүлж байгаа биз.
Илүү дэлгэрэнгүйг: http://zorigfoundation.org/
2. “Цэцээ гүн ротаракт клуб”-ийн тэтгэлэг
Зарлагддаг хугацаа: Арваннэгдүгээр сар
Хамрах хүрээ: Бүх их дээд сургуулийн бүх курсийн оюутнуудад нээлттэй
Онцлог: Курс, мэргэжил харгалзахгүйгээр оруулдаг тул өрсөлдөөн маш ширүүн байдаг.
Шалгуур: 2 үе шаттай.
Эхний шат-нд анкет болон эсээг чинь уншиж дүгнэнэ. Нэг нүүрэнд багтсан, ганц л эссе бичүүлнэ.
Хоёрдугаар шат: Ярилцлага. Ярилцлага авах өрөөнд Ротаракт клубын төлөөл 5-6 хүн сууж байна.
Зөвлөгөө: Эссендээ эхнээс нь л хүний анхаарлыг татмаар бас дээр нь шинэлэг санаагаар бичих хэрэгтэй. Маш бага үгээр өөрийн санаагаа хумиж бичнэ гэдэг амаргүй зүйл. Гэхдээ чи чадна аа.
Ярилцлагын шатанд Монгол улсын бүх их, дээд сургуулиудын хамгийн уран цэцэн үгтэй, илтгэх урлагаар гаршсан оюутнууд ирж орно. Тэднээс онцгойрохын тулд яриагаа бөөрөнхийлөөд байлгүй. Маш тодорхой, хурц илэрхийлэлтэй байх хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүйг үзье гэвэл: www.facebook.com/TsetseeGungScholarshipProgram/?fref=ts
3. “Шударга ёсыг бадраах сан”-гийн тэтгэлэг
Зарлагддаг хугацаа: Аравдугаар сард
Онцлог: Амжилттай яваа эрхмүүдтэй уулзалт зохион байгуулж, хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулдаг.
Хамрах хүрээ: МУИС-ийн бизнесийн сургууль болон СЭЗДС-ийн оюутнуудад л нээлттэй
Шалгуур: 3 үе шаттай.
Эхний шат анкет бөглүүлж, 5-6 ширхэг эссе бичүүлнэ. Эссений хэсэг маш чухал бөгөөд ердөө 50 гаруй үгэнд багтааж тухайн сэдвийнхээ хүрээнд бичих ёстой.
Хоёрдугаар шат: Багийн ажиллагаа. Нийт шалгарсан оюутнуудыг багт хувааж тэд төсөл хэрэгжүүлдэг.
Сүүлийн шат: Мэдээж ярилцлага. Энэ шатанд чамд сурч мэдэх эрмэлзэл байгаа гэдгээ, энэ тэтгэлэг чиний хувьд ямар чухал гэдгийг шүүгчдэд харуулах нь чухал.
Зөвлөгөө: Хоёрдугаар шатанд хамгийн гол зүйл нь “Чи багийнхаа хэн гэдэг”-т оршино. Тиймээс аль болох багийнхаа ахлагч, шинэ санаа эрэлхийлэгч нь байх хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/badraafoundation/?fref=ts
4. Голомт банкны нэрэмжит тэтгэлэг
Зарлагддаг хугацаа: Аравдугаар сард
Онцлог: Ихэвчлэн банк санхүүгийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад олгогддог.
Хамрах хүрээ: 3-аас дээш курсийн оюутанд нээлттэй
Шалгуур: 4 шаттай
1-р шатанд: Эссе бичнэ. Эссе бичихдээ өөрийн сайн эзэмшсэн гадаад хэл дээр бичиж, анкет бөглөнө.
2-р шат: IQ болон Англи хэлний шалгалт авна. Тестүүд амархан ч гэлээ маш хурдан хугацаанд гүйцэтгэх хэрэгтэй учир өөрийнхөө гүйцэтгэлийн хурданд анхаарвал зүгээр.
3-р шат: Энэ шатны даалгаврууд жил бүр өөрчлөгддөг. Багийн ажиллагааг шалгах эсвэл, ой тогтоолт галгах гээд л юу ч ирж болно.
4-р шат: Мэдээж ярилцлага. Дөрвөөс таван шүүгч чамаас ирээдүйн зорилго, хобби, эсвэл тэтгэлгийн мөнгөө юунд зарцуулах вэ гээд л маш олон асуулт асууна.
Илүү дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/Golomtbank/?fref=ts
5. Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
Зарлагддаг хугацаа: жил бүрийн зургадугаар сарын 15наас өмнө материалаа ирүүлэх шаардлагатай.
Онцлог: Дэлхийн болон тивийн хэмжээнд авьяас чадвараа гайхуулж чадсан оюутнуудад олгодог.
Шалгуур: Медаль, өргөмжлөл, гэрчилгээний хуулбарууд болон арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга болон сургуулийн захиргаа болон оюутны холбооны тодорхойлолтын хамт жил бүрийн зургадугаар сарын 15-ны дотор суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгнө.
Илүү дэлгэрэнгүйг: http://www.meds.gov.mn/PrsdntPM
Дотоодын оюутанд олгох бүх тэтгэлгийг хүртсэн залуу А.Хонгортой хийсэн сонирхолтой ярилцлагыг ЭНД дарж сонирхоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх