Олны дунд магад цагаан нөмрөг углан бодлоо цэгцэлсэн царай гарган бясалгал хийж буй дүр үзүүлснээс ганцаараа чив чимээгүй орчинд ном уншиж суух нь нэг төрлийн бясалгал болдог гэхэд хилсдэхгүй. Энэ бясалгалыг маань Л.Өлзийтөгс зохиолчийн бүтээлүүд улам амттай болгодог. Иймээс түүнийг хүндэлж явдаг үнэнч уншигчийнх нь хувиар түүний "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Хотын үлгэрүүд" зохиолууд дээр гардаг сэтгэл хөдөлгөж ухаарал өгөн мэлмий нээхүйц эшлэлүүдийг хүргэж байна.
ХОТЫН ҮЛГЭРҮҮД
Мэдээж энэ номны бүх өгүүллэг надад таалагдсан. Тэр дундаа "Гэрээслэл", "Нохойн үүр", "Хоёрхон алдаа", "Тэр хэн бэ?", "Гар" гэх өгүүллэгүүд нь сэтгэлийг минь илүү их хөдөлгөж булгилуулсан билээ. Тэдгээрээс онцолбол:
• Суутнуудын бодсон хэлснийг суутан бишүүд нь тэмдэглэн авдаг ч хэрэг болгох нь ховор /"Эрэгтэй, эмэгтэй"/
• Бурханы хэмээн өөртөө итгүүлэхийг хичээдэг “чөтгөрийн” гэмээр хүнд шалгуурт хүндэтгэлтэй ханд /"Эрэгтэй, эмэгтэй"/
• Хүмүүс нэг нэгэнгүйгээр амьдарч чаддаггүй ч нийтээрээ амьдарч бас чаддаггүй. Тиймээс гоёмсог байшин барьж өөрийгөө тусгаарладаг ч өөр бусдыгаа харах гэж цонх бүтээжээ. /"Гар"/
• Бурхан чөтгөр хоёрын дундаас төрсөн хүүхэд! Тийм шүү, мөнгө бол гарцаа байхгүй "Тэр хоёрын" хэлцлээс эсвэл хурьцлаас төрсөн. /"Гар"/
• Цоож айдсаас гаралтай. Тэр үед эндэхийн хүн бүхэн хаа ч ялгаагүй, хээр хөдөө эзгүй зэлүүд газар явж байгаад таарсан эхний айлдаа ороод л унд цай уугаад, амарч тухалж аваад, орон гэрээ орхин малдаа явсан гэрийн эздийн гайхам сайхан итгэлээр тухтайяа дайлуулж аваад л яваад өгдөг байж. Эзэд нь гэрээсээ холдоод, уул уул даван одсон хүнгүй гэрийн үнэтэй цэнтэй юм бүхэн ил. Аянчин хэчнээн ядуу байсан ч тэдгээрээс хумслах нь үгүй. Энэ бол Монгол газрын заншил. Тэр үед Монголд цоож байсангүй. Тэр үед Монголд айдас байсангүй учраас тэр. /"Гар"/
• Хэзээ нэгэн цагт ээждээ, эмээдээ, эр нөхөртөө хөтлүүлж байсан туяхан гар өнөөдөр өөр нэгэн жаахнаас жаахан гарын аврагч, аугаа их нөмөр түшиг нь болон хувирчээ. /"Гар"/
• Нураад уначихсан ханан дотор хүртэл хоргодох зай харагдсаар л байдаг. /"Гэрээслэл"/
• Хэний ч буруу байгаагүй юм аа... Арван долоон нас... арван долоон нас шүү дээ. Арав биш, хорь биш, арван долоо. Яг ч хүүхэд биш, арай ч том хүн биш. Бүхнийг мэдэрч, ойлгож эхэлсэн, бүхнийг хүлээн авахад бэлэн ч бүгдийг гараасаа алдаад юу юугүй үүрд үгүй хийчихэж мэдэх, юу ч хийхээс буцахгүй атлаа юу ч хийж чаддаггүй арван долоон нас... /"Хоёрхон алдаа"/
НҮДНИЙ ШИЛЭНД ҮЛДСЭН ЗУРГУУД
• Ерөөсөө хүн шиг дүлий амьтад хорвоо дээр үгүй дэг ээ. /"Aquarium"/
• Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. /"Aquarium"/
• Яг л дэлгүүрийн шинэ бараанд дугаарлан зогсч буй мэт. Би урт дарааллын эцэст зогсон энэ өдрийг эхлэв. Урт дараалалд зогссон хүмүүсийн хамгийн сүүлчийнх нь л хамгийн өрөвдөлтэй харагддаг сан. Харин энэ удаа бол өөр. Дарааллын эхэнд зогсох бүсгүй л өрөвдөлтэй бас түгшингүй харагдана. Дэлгүүрт зогсохоос өөр бас нэг ялгаа энд бий. Бид төлсөн мөнгөнийхөө хариуд юу ч авахгүй. /"Эмэгтэй хүн"/
• Энэ амьдралаас хүн заримтай нь зөвхөн ганц удаа, зарим хүнтэй нь бол өдөрт арван удаа уулзсаар буцах юм даа. /"Эмэгтэй хүн"/
• Чамайгаа уйлахыг харах эвгүй байна. Инээгээч дээ, инээж байгаад чихэнд минь нөгөө үгээ шивнэ л дээ. /"Эмэгтэй хүн"/
• Юмыг заримдаа араас харах ч сайхан шүү. Урдаасаа бол бүх юм ил, тов тодорхой. Хэтэрхий ил юманд сайхан юм цөөн байх шиг надад санагддаг юм. /"Шувуу үзээгүй хүн"/
• Палхийтэл сонссон гашуун боловч үнэн үг шиг гэнэтхэн ирсэн хагацал намайг бүр мөсөн өөрчилж орхисон юм. /"Охин дуул дуул"/
• Надад амиа хорлоё гэсэн хүсэл төрөх болгонд би чадахгүй шүү дээ гэсэн бодол яг хамт ирдэг юм. Хоргодох юм байгаа бололтой. /"Шоколадтай жигнэмэг"/
• Ямар нэгэн “Гэвч” гуай “Гэнэт” гуайн нэгэн адил амьдралд хаанаас ч юм гараад л ирдэг. /"Рауль, Рауль хоёр"/
• Угаасаа мэдэхгүй юмнаасаа л айдаг нь хүний төдийгүй амьтны зан шүү дээ. /"Нүдний шилэнд үлдсэн зургууд"/
• Энэ насанд үхэл гэдэг шинэ юм биш.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх