Хүн дээр ген өөрчлөх аргаар туршилтын эмчилгээ хийжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-11-20

Калифорнийн эмч нар дэлхийд анх удаа хүний генийг өөрчилж, эмчлэх аргыг туршжээ. Тэд Брайн Мадө хэмээх Хантерын синдромтой залуугийн ДНК-ийг өөрчилсөн байна.

Хантерын синдром гэдэг нь урт чихэрлэг молекулыг бие задалж чадахгүй болохыг хэлдэг бөгөөд үүний улмаас тухайн молекул нь тархи, эд эрхтнийг гэмтээж, зарим тохиолдолд амь насанд аюул учруулдаг аж.

Тиймээс өнөөдрийн байдлаар анагаах ухаанд энгийн фермент ашиглаж, молекулыг задлах зарчмаар энэ өвчний эмчилгээг хийдэг. Тэгвэл 44 настай Брайн Окланд дахь Бениоффын хүүхдийн эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт туршилтын эмчилгээ хийлгэжээ.

Одоогийн байдлаар энэхүү туршилт амжилттай болсон эсэхийг хэлэхэд арай эрт байгаа бөгөөд хэрвээ амжилттай болсон бол ДНК нь эмчилгээнд ашигладаг ферментийг өөрөө үүсгэж байх заавартай болсон гэсэн үг юм.

Туршилтыг зохион байгуулж буй Сангамо Терапетиксийн Ерөнхийлөгч, доктор Сэнди Макрае "Бид таны ДНК-ийг тайрч, нээгээд, завсарт нь шинэ ген байршуулаад, буцаагаад нийлүүлнэ" гэжээ.

Харвардын их сургуулийн доктор Девид Лиу "Хантерын синдромыг эмчлэх арга туршиж буй нь бид ген өөрчлөлтийн эмчилгээний шинэ эрин үед хөл тавьж буйг илтгэсэн явдал боллоо. Энэ туршилт амжилттай болж, өвчнийг эмчлээд зогсохгүй, ирээдүйн хөгжилд нь том түлхэц болно гэдэгт найдаж байна" гэсэн байна.

Эх сурвалж: Telegraph

#People #Gene #Test