"Би дэндүү бүтэлгүй, яах вэ"


Үжин | YOLO.MN
2016-06-14

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: “Бүтэлгүй минь, битгий энэ тэр зүйлд хүрээд бай” гэж байнга шахуу уурладаг

Надад яаралтай зөвлөгөө өгөөч. Ангийнхан намайг бүтэлгүй мэдрэл муутай амьтан гэж шоолдог. Бас миний гар байнга салганадаг зуршилтай болохоор ямар нэгэн нарийн оёж хатгах зурах хичээл дээр дандаа загнуулдаг.
16 настай Х...


Сайн байна уу намайг Х гэдэг. Би 16 настай надад тулгамдаж байгаа гол асуудал бол байнга бүтэлгүйтэх явдал. Хичээл дээр олон нийтийн газар байнга л бүтэлгүйтээд түүнээсээ болоод үргэлж гуниглах юм. Намайг хүмүүс эв хавгүй болхи гэж хэлдэг, түүнийгээ би өөрөө ч мэднэ. Жижигхэн зүйлээс ч болоод өөрийгөө эвгүй байдалд  байнга оруулаад байна.

Миний аз хаячихсан юм шиг нэг тийм ажил үйлс бүтэхгүй болоод байна би яах вэ? Жишээ нь шалгалт өгөх гэтэл бал гарахгүй байх эсвэл бичсэн арай гэж хийсэн бие даалтаа цагийн дотор андуураад устгах... бүүр хөгтэй явдал нь биеийн тамирын хичээл дээр өрөөсөн гутлаа алга болгох эсвэл нүүрээ бөмбөгөнд цохиулах, мэргэжил сургалтын хичээл дээр багшийнхаа үсийг угаах гэж байгаад шланкны усны крантыг хаахаа мартаад ангид ус алдуулах, гараа зүссэнээ мэдэхгүй цустай гараараа багшийн журнал дээр хүрэх, бүр ангийн түлхүүрийг багшид өгөх гэж явж байгаад шалны завсар унагаагаад авч чадаагүй гээд бүүр аймшигтай их бүтэлгүйтээд түүнээсээ болоод сэтгэлээр унаад галзуурах нь ээ.

Надад яаралтай зөвлөгөө өгөөч. Ангийнхан намайг бүтэлгүй мэдрэл муутай амьтан гэж шоолдог. Бас миний гар байнга салганадаг зуршилтай болохоор ямар нэгэн нарийн оёж хатгах зурах хичээл дээр дандаа загнуулдаг. Би яах вэ хэнээс тусламж авахаа мэдэхгүй байна надад туслаач.
Сэтгэлээр унаад орой болгон уйлдаг. Багш намайг “Бүтэлгүй минь, битгий энэ тэр зүйлд хүрээд бай” гэж байнга шахуу уурладаг. Би бараг сэтгэл гутралын дээд зэрэгтээ хүрээд байна, яаралтай хариу өгөөч!

Зөвлөгөө: Чи тэр чигтээ бүтэлгүй, урагшгүй хүн огтоос биш

Тэгэхээр юуны түрүүнд яагаад энэ бүх алдааг гаргаад байна вэ гэдгээ бодож олоорой. Жишээ нь, аливааг хангалттай төлөвлөхгүй байна уу, эргэн тойрондоо анзааргагүй анхааралгүй хандаад байна уу?
Сэтгэл судлаач И.Тогтуун

Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд хийж байгаа үйлдэл чинь буруу боллоо гээд чи тэр чигтээ муу хүн болчихгүйг анхаараарай. Хүмүүс ихэвчлэн хэн нэгнийг дүгнэхдээ тэр хүний хийсэн үйлдлийг нь биш, тэр хүнийг тэр чигт нь бүтэлгүй дорой гэж үнэлэх гээд байдаг буруу зуршилтай. Бурууг хийсэн хүмүүс ч мөн өөрийнхөө юуг буруу хийгээд байна гэдэгтээ төвлөрөхгүй, би яагаад ийм муу юм бэ гэж бодож өөрийгөө зовоох гээд байдаг.

Тэгэхээр юуны түрүүнд яагаад энэ бүх алдааг гаргаад байна вэ гэдгээ бодож олоорой. Жишээ нь, аливааг хангалттай төлөвлөхгүй байна уу, эргэн тойрондоо анзааргагүй анхааралгүй хандаад байна уу, эсвэл хэн нэгнээр зэмлүүлэхвий гэж айж сандарсандаа байна уу гээд гаргаад байгаа алдаа бүрээ юунаас болсон байж болох вэ гээд бүхий л шалтгааныг нь цаасан дээр жагсааж бичих нь чиний хамгийн эхэнд хийх ажил юм шүү. Үүнээс цаашид харин сэтгэл судлаачтай хамтран ажиллаж, хэрхэн засварлахаа мэдэж болох юм. Тэрнээс биш чи тэр чигтээ бүтэлгүй, урагшгүй хүн огтоос биш!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал